Нийгэм
Сүхбаатар аймгийн сүүний фермер эрхлэгчдийг хүлээн авч уулзлаа

НҮБ-ын ХХААБ-ын техник хамтын ажиллагааны “Бэлчээрийн мал аж ахуйд суурилсан амьжиргааны эмзэг байдлыг бууруулж цаашид тохиолдож болзошгүй гамшгийг сөрөн тэсвэрлэх чадвартай болгоход дэмжлэг үзүүлэх” төслийн хүрээнд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд сүүний үхрийн эрчимжсэн аж ахуй эрхэлж байгаа есөн хоршоо нэгдсэн зохион байгуулалтад орж, “Мандах наран сүүн далай” дундын хоршоог байгуулсан байна.
Тус дундын хоршооны төлөөлөл 20 гаруй малчин Төвийн бүсэд сүүний үхрийн эрчимжсэн аж ахуй эрхлэгчдээс туршлага судлах аялал хийж байгаа юм. Тэднийг ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Дархан-Уул аймаг дахь ХХААХҮЯ-ны байранд хүлээн авч уулзаж, үхрийн эрчимжсэн аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогоо танилцуулан, санал солилцов.
Сайд Ж.Энхбаяр уулзалтад оролцогчдод сүүний үхрийн аж ахуйг эрхлэхэд нэгдүгээрт, үхрийнхээ тэжээлийг шийдвэрлэх, хоёрдугаарт, одоо маллаж байгаа төрөл бүрийн сүүний үүлдрийн үхрээ төрөлжүүлж, нэг үүлдрийн үхэртэй болох нь чухал гэдгийг зөвлөсөн юм. Сүүний үхрийн үүлдэрлэг байдлаа сайжруулах, үржлийн ажилд мэргэжлийн байгууллага, мэргэжлийн арга зүйгээр хангахаа илэрхийллээ.
Сүхбаатар аймгийн удирдлагууд орон нутгийнхаа сүүний хэрэгцээг бүрэн хангах хүрээнд Малын тэжээлийн таримал ургамал тариалах 1000 га талбайн асуудлыг аймгийн ИТХ нь шийдвэрлэж, Засаг дарга албан бичгээр Засгийн газарт хүсэлтээ ирүүлбэл газрын асуудлыг дэмжин хамтран ажиллах бүрэн боломжтойг онцоллоо.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.