Нийгэм
“Нэг хором” аяны нээлт боллоо

Цагдаагийн ерөнхий газар, “JCI Монгол” төрийн бус байгууллагатай хамтран “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, урьдчилан сэргийлэх, ухуулга нөлөөллийн “Нэг хором” аяны нээлтийг UB PALACE-д хийж, их дээд сургуулийн дөрвөн мянга орчим оюутан залуусд харилцаа эерэг хандлагын талаар лекц уншиж, хэлэлцүүлэг зохион байгуулав. Илтгэгч зочидоор ШШҮХ-ийн шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын дэд дарга А.Амгаланболд, УЕПГ-ын хяналтын прокурор Г.Оюунболд, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг, “Сэтгэлийн өнгө” сэтгэл зүйн төвийн сэтгэл зүйч, доктор Г.Наранбаатар, Ардын жүжигчин Н.Сувд, “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү, Хөрөнгө оруулалтын фирмийн гүйцэтгэх захирал Гаррэт Вилсон, Гавъяат жүжигчин Н.Ариунболд нар оролцож, чиглүүлэгчээр “Фаро” сургалтын төвийн багш Б.Идэр-Од, “Бат Солюшн Партнерс” компаний УЗ-ийн дарга В.Ганзориг нар ажиллалаа. Мөн арга хэмжээний үеэр “Чоно” хамтлаг “Нэг хором” аяны дууг толилуулав.
Өнгөрөгч оны статистик мэдээллээс харахад хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралт нийслэлд 61 хувь, орон нутаг 31 хувь үйлдэгджээ. Дээрх гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн тухайд залуус бусадтай үл ялих шалтгаанаар маргалдаж улмаар нэг хормын уур уцаараа барьж дийлээгүйгээс гэмт хэрэгт холбогдож сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирдог гэдгийг холбогдох албаныхан тайлбарлаж байсан. Тиймээс нэг хором өөрийн уур бухимдлыг барьж сурснаар өөрийгөө болон өрөөлд хохирол учруулахгүй гэж хууль хяналтын байгууллагын албан хаагчид анхааруулж байна.
Тус аяны талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” гэдгийг энгийнээр хэлэхэд зодолдох, танхайрах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэсэн хэлбэрээр үйлдэгддэг. Зодолдох, танхайрах гэмт хэргийн тоо буурахгүй байна. Бусдын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт ямар хүмүүс холбогддог вэ гэхээр ид хийж бүтээх насны залуучууд холбогддог. Өөрөөр хэлбэл энэ төрлийн гэмт хэрэг өс хонзонгоос биш уураа барьж дийлээгүйгээс үйлдэгддэг юм. Тус аян орон даяар зохион байгуулагдана. Мөн энэ сард олон нийтийн тэмдэглэлт баяр нэлээдгүй зохиогддог. Тиймээс залуустаа ганц хормын уур бухимдлаа “Уучлаарай” гэдэг үгээр сольё гэж уриалмаар байна. Ухаалаг залуус амьдралыг аварна” гэв.
Аяныг зохион байгуулагч “JCI Капитал” салбар байгууллагын 2019 оны ерөнхийлөгч О.Мөнхнасан “Манай байгууллага 2018 оноос хойш Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа бөгөөд өмнө жил Зам тээврийн ослыг багасгах “Хүүхдэд ээлтэй гарц” төсөл, Хүүхдийн хүчирхийллийг бууруулах зорилготой “Би хүүхэд хамгаалагч” төсөл зэргийг хамтран хэрэгжүүлсэн ба энэ жил бид Бусдын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой “Нэг хором” аяныг хамтран зохион байгуулж байгаадаа баяртай байна” гэлээ.
ЦЕГ, “JCI Монгол” төрийн бус байгууллага нь уур бухимдал стрессээ барьж сурах, хүнтэй эвтэй харьцах харилцаа хандлагаа өөрчлөх, цаашилбал дээрх гэмт хэргийн хор уршгийг залуучуудад таниулах ажлыг зохион байгуулах аж. Ингэхдээ хүний эрүүл мэндэд халдсанаар хуулийн хариуцлага хэрхэн хүлээх талаарх эрх зүйн мэдээллийг олон нийтийн хэрэгслээр түгээх юм байна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.