Нийгэм
E-Mongolia дохионы хэлмэрчтэй боллоо

Өдгөө дэлхий дахинаа зөвхөн 70 гаруй сая хүн дохионы хэлээр харилцаж байгаа бөгөөд Монгол Улсад дохионы хэлмэрчийн тоо 20 хүрэхгүй байгаа нь тусгай хэрэгцээт иргэдийн цахим үйлчилгээнд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг харуулж байна. Тиймээс E-Mongolia системд дохионы хэлмэрчийн тусламжтайгаар төрийн үйлчилгээг авах боломжийг бий болгосноор сонсголын бэрхшээлтэй иргэдэд илүү хялбар, хүртээмжтэй үйлчилгээг хүргэх нөхцөл бүрдлээ.
Монгол Улсын хэмжээнд 2024 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 115,000 орчим иргэн байдаг бөгөөд нийт хүн амын 3,3 хувийг эзэлдэг. Дээрх иргэдийн хувьд E-Mongolia системээр дамжуулан 49,996 хөгжлийн бэрхшээлтэй иргэн илүү хялбар байдлаар төрийн үйлчилгээг цахимаар авч байна.
“И-Монгол академи” УТҮГ-ын зүгээс хүртээмжтэй байдлыг хангаж Олон улсын WCAG зөвлөмжийн дагуу хөгжүүлэлт хийснээр төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia системийг саадгүй ашиглах нөхцөлийг бүрдүүлсээр байна. Тухайлбал 12,892 харааны бэрхшээлтэй иргэд дэлгэц унших программын тусламжтайгаар төрийн үйлчилгээг авах боломжтой болсон. Түүнчлэн, хадмал орчуулга болон дохионы хэлмэрчтэй контентуудыг нэвтрүүлснээр мэдээлэл, үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, тусгай хэрэгцээт иргэдэд тэгш, хүртээмжтэй, шуурхай байдлыг цогцлоож байна.
Энэ удаад E-Mongolia систем нь сонсголын бэрхшээлтэй иргэн цахимаар зөвлөгөө, мэдээлэл авахад зориулан “Дохионы хэлмэрч”-ийг ажиллуулж, тусгай хэрэгцээт иргэдэд үйлчилж эхэллээ. Энэ нь нийгмийн тэгш байдлыг хангах, цахим орчныг бүх иргэдэд тэгш боломж олгоход чиглэсэн чухал алхам болж байгаагаараа онцлог болж байна.
Иргэд, сонсголын бэрхшээлтэй иргэн дохионы хэлмэрчтэй “Дүрст дуудлага”-аар 1111 2 дугаар шугамаар дамжуулан холбогдож шаардлагатай мэдээ мэдээллээ шууд авч болохоос гадна E-Mongolia албан ёсны фэйсбүүк цахим хаягаар дамжуулан системд шинээр нэвтэрч буй үйлчилгээ болон бусад мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.
Цаашид E-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системд нэвтэрсэн болон нэвтрүүлэх үйлчилгээнүүдийг иргэдэд тэгш, хүртээмжтэй илүү хялбар, шуурхай байх тал дээр анхаарч цахим хөгжлийг түүчээлэх болно.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.