Нийгэм
Бөөрөлжүүтийн ЦС-ын II блокийг энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх 33 төсөл, арга хэмжээний төлөвлөгөө, зохион байгуулах ажил, Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийн барилгын ажлын явц, Төв аймгийн Баян суманд барьж байгаа цахилгаан станцын ажлын явц болон үер, ус ихээр тогтдог байршлуудад авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.
Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр өнгөрсөн долоо хоногийн шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа. 2025 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар 18 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 82.5 хувьтай байна. Үргэлжлүүлэн Эрчим хүчний төслийн нэгжийн захирал Р. Дагдан Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийн барилгын ажлын явц болон Төв аймгийн Баян суманд барих цахилгаан станцын талаар танилцууллаа.
Төв аймгийн Баян сум болон нийслэлийн Багахангай дүүрэг хоёрын заагт 2 блок бүхий 660 МВт цахилгаан станцыг барина. Тус станцыг барих талбай нь Төв аймгийн Баян сумаас ойролцоогоор 3 км, Багахангай дүүргийн төвөөс 2 км-ийн зайтай байх юм. Эрчим хүчний төслийн нэгжийн захирал Р. Дагдан “Баянгийн ЦС-ын төслийн ТЭЗҮ, урьдчилсан судалгаа, бэлтгэл ажлыг хангаж байна. Төслийн PPA гэрээг байгуулж, төслийн талбайн хашаа, барилга угсралтын ажлыг эхлүүлэх нөхцөл бүрдсэн. Төслийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах, батлуулах ажил хуваарийн дагуу үргэлжилж байна” гэв.
Харин Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийн барилга угсралтын ажил 2023 онд эхэлсэн бөгөөд зуухны угсралт 40 хувийн гүйцэтгэлтэй, нийт барилга угсралтын гүйцэтгэл 25 хувьтай, зуухны барилга болон үндсэн барилга битүүлэлтийн ажил дууссан байна. Тус блокийг энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруулна. Мөн энэ онд төвийн бүсийн эрчим хүчний системийн тойрог сүлжээг бий болгохоор Сэргэлэн чиглэлд 84.5 км урттай 220кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн ажлыг эхлүүлэх юм. Бөөрөлжүүт цахилгаан станцын III блокийн суурийн ажлыг эхлүүлэх, станцын ногоон байгууламж, тохижилтын ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.