Нийгэм
2025 оныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлана

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн 2025 оны анхны хуралдаан боллоо.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудалд онцгойлон анхаарч, томоохон шийдвэрүүдийг гаргаж, шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт тусгаад байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төрөлжсөн асрамжийн үйлчилгээг шинээр байгуулахад шаардлагатай 24 тэрбум төгрөгийг баталсан.
Мөн хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийг 30 хувиар нэмсэн.
Боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийг хөгжүүлэх Дэмжих төвийг байгуулан 1000 орчим хүүхдийг хамруулах ба 8.9 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгасан.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2025 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон ажиллана.
Засгийн газраас Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаарх зөв ойлголт, хандлагыг нийгэмд төлөвшүүлэх цогц төлөвлөгөөг хэрэгжүүлж, нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийг хангах эрх зүйн орчныг сайжруулна.
Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийг батлуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүний тэгш, хүртээмжтэй дэд бүтцийн стандартыг бүх төрлийн орон сууц, худалдаа, үйлчилгээний байгууллагуудад мөрдүүлнэ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа дөрвөн хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулах хуулийн хэрэгжилтийг хангуулна зэрэг зорилтыг дэвшүүлээд байна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.