Нийгэм
Төвийн бүсийн хоршоологчид зөвлөлдөж байна

Төвийн бүсийн хоршоологчдын зөвлөгөөн Дархан-Уул аймаг дахь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны байранд эхэллээ. Зөвлөгөөнөөр Дархан-Уул, Төв, Сэлэнгэ аймгийн хоршоологчид, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл цаашдын хөгжлийн бодлого тодорхойлж, нэгдсэн зөвлөмж гарган салбарын яаманд хүргүүлэх юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ, салбарын яамнаас уламжлалт мал аж ахуй зонхилж, газар тариалангийн бүс, хот, суурингийн орчимд эрчимжсэн мал аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлэх замаар хөдөө аж ахуйг эдийн засгийн голлох хөшүүрэг болгон хөгжүүлэх бодлого баримталж буйг тодотголоо. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд хоршоологчид хамгийн өндөр үүрэг гүйцэтгэх бөгөөд улсдаа газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй хөгжлөөрөө тэргүүлэгч Төвийн бүсийн аймгууд манлайлагч байр сууринаас оролцоно гэдгийг онцлов.
Тэрээр “Монгол Улсын Засгийн газраас санаачлан 2025 оныг Олон улсын хоршооллын жил болгон зарлах саналыг НҮБ-д хүргүүлснээр Ерөнхий ассамблейн 2024.06.20-ны өдрийн хуралдаанаас 2025 оныг Олон улсын хоршооллын жил болгон зарлаж, улс орнуудын Засгийн газарт “Хоршоод бүх нийтийн төлөө илүү сайхан ирээдүйг бүтээнэ” уриан дор хоршоодыг дэмжиж ажиллахыг уриалсан. НҮБ-аас хоршооллыг дэмжих нь хоршоолол хүнсний аюулгүй байдлыг хангах, хүртээмжтэй, уян хатан хүнсний тогтолцоог бий болгох, иргэдийн эдийн засгийн чадавхийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна гэж үзжээ.
Монгол Улсын ДНБ-ий 30.8 хувийг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар бүрдүүлж байгаагийн 10.2 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ногдож, ажиллах хүчний 55.8 хувийг хангадаг. Иймд УИХ-аас 2022 онд “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоол, УИХ-ын 2024 онд “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 63 дугаар тогтоолыг батлан гаргасан. Засгийн газраас уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан 2024 оны “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх тухай 166, 167 тогтоол, “Атар-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян” зэрэг бодлогыг уялдуулан ажиллаж байна.
“Атар-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы зорилго нь тариалангийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хөрс, уур амьсгалын онцлогт тохирсон шинэ болон ашигт таримлыг нутагшуулах, тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар газар тариалан, мал аж ахуйн төгс хослолыг бий болгож, Төвийн бүсийг хөдөө аж ахуйн төрөлжсөн, жишиг бүс болгон хөгжүүлэхэд чиглэж байна.
Засгийн газраас өнгөрсөн хугацаанд малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөнийг эрчимжүүлснээр 2023 оны жилийн эцсийн байдлаар 4447 хоршоонд 227497 гишүүн бүртгэлтэй байсан бол 2024 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар улсын хэмжээнд 7184 хоршоо шинээр байгуулагдаж, нийт 11631 хоршоо 304730 гишүүдтэй болон малчин ганц нэг гэрээрээ бус нэгдэн нийлэн хоршиж үйл ажиллагаа явуулж байна” гэв.
Зөвлөгөөний үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтнүүд Төрөөс хоршооллын талаар баримталж буй бодлого, шийдвэрүүдийг танилцуулж, Зээлийн батлан даалтын сан, арилжааны банкны төлөөллүүд хөнгөлөлттэй нөхцөлтэй эргэлтийн хөрөнгийн зээлд хэрхэн хамрагдах талаар мэдээлэл өглөө. Мөн АДРА олон улсын байгууллагуудын төлөөлөл Монгол Улсад амжилттай хэрэгжиж органик хөдөө аж ахуйн төслүүдийг онцлон танилцуулсан бол Сэлэнгэ аймгийн хоршоологчид өөрсдийн сайн туршлагаасаа хуваалцлаа.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.