Нийгэм
Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 14,210.5 МВт.ц эрчим хүч нийлүүлээд байна

Нийслэлийн Багануур дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт “Багануур” цахилгаан түгээх дэд станцыг түшиглэн 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг байгуулж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-наас төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 14,210.5 МВт.ц эрчим хүч нийлүүлж, төвийн бүс тэр дундаа Улаанбаатар хотын эрчим хүчний системд томоохон хувь нэмрээ оруулж байна. Тус станц нь байгальд ээлтэй, ногоон эрчим хүчийг үйлдвэрлэж, шөнийн цагт хуримтлуулсан эрчим хүчийг оргил ачааллын цагаар буцаан нийлүүлдэг. Монгол инженер, техникийн ажилтан, албан хаагч нар станцын үйл ажиллагааг амжилттай үргэлжлүүлж байгаа юм.
Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээг дотоодоосоо бүрэн нөхөхийн тулд шат дараатай төслүүд хэрэгжүүлж байгаагаас анх удаа дотоодын зах зээлд бонд арилжаалж, Бөөрөлжүүтийн 600 МВт цахилгаан станцын төслийн эхний 150 МВт станцыг өнгөрсөн аравдугаар сард ашиглалтад оруулсан. Улмаар Бөөрөлжүүтийн эхний ээлжийн цахилгаан станц төвийн системд 150 МВт эрчим хүч нийлүүлж байна.
Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийн барилга угсралтын ажил 2023 онд эхэлсэн бөгөөд зуухны угсралт 40 хувийн гүйцэтгэлтэй, нийт барилга угсралтын гүйцэтгэл 25 хувьтай, зуухны барилга болон үндсэн барилга битүүлэлтийн ажил дууссан. Төв аймгийн Баян сумын нутагт 660 МВт дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалтын төслийн ТЭЗҮ, урьдчилсан судалгаа, бэлтгэл ажлыг хангаж байна. Төслийн талбайн хашаа, барилга угсралтын ажлыг эхлүүлэх нөхцөл бүрдсэн” гэв.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.