Нийгэм
Теле камерын хяналтын дэд төвүүдийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт болж байна

Нийслэлийн есөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэд теле камерын хяналтын дэд төвүүдийг, нийслэлийн Засаг даргын дэргэд нэгдсэн удирдлагын төвийг байгуулж Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд ухаалаг удирдлагын системийг бий болгож байна.
Ухаалаг удирдлагын системийг тогтвортой ажиллуулах, ажилтан, албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг энэ сарын 17-21-ний өдрүүдэд “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-т зохион байгуулж байна.
Уг сургалтад теле камерын хяналтын дэд төвүүдийн удирдах албан тушаалтнууд, ажилтан, албан хаагчид оролцож байна. Холбогдох мэргэжлийн байгууллагуудын сургагч багш, мэргэшсэн инженерүүд дараах сэдвүүдээр илтгэл хэлэлцүүллээ.
Тодруулбал, Улаанбаатар хотын теле камерын дэд болон нэгдсэн төвийн техник, тоног төхөөрөмж, систем программ хангамж, хөгжил, өнөөгийн байдал, анхаарах асуудлууд болон холбогдох хууль тогтоомжуудын хэрэгжилт, уялдаа холбоо зэрэг өргөн хүрээний сэдвийг хамарсан үр дүнтэй сургалт болж байна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.