Нийгэм
Улаанбаатарт 2025 онд 10 байршилд шинээр авто зам барих бол 41 байршилд авто замыг шинэчилнэ

Энэ онд нийслэлийн хэмжээнд 10 байршилд шинээр зам барих бол 41 байршилд авто замыг шинэчилнэ.
Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотод 2025 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зам, замын байгууламжийн төсөл, арга хэмжээний талаар НЗХГ-ын дарга Б.Одбаяраас тодрууллаа.
Тэрбээр “Нийслэл хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Энэ хүрээнд түгжрэлийг бууруулах чиглэлд үе шаттай олон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тодруулбал, Наадамчдын гудамжийг нэгдүгээр хороололтой холбосон 800 метр гүүрэн байгууламж, Тоньюукукийн замаас Плэйтайм аялал жуулчлалын цогцолбор газар хүртэлх авто зам, Морингийн даваа болон Цагаан давааны төвлөрсөн хогийн цэг рүү явах зам гэх мэтчилэн нийт 10 байршилд шинээр авто зам тавина. Мөн мега төслийн хүрээнд нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг боловсруулж байгаа бөгөөд зургаадугаар сард барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлаж, барилга угсралтын ажлыг наймдугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байна. Мөн Туулын хурдны замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарласан. Дөрөвдүгээр сард багтаан барилга угсралтын ажлыг эхлүүлнэ” гэв.
Тэрчлэн энэ оноос нийслэлд зам хариуцагчийн тогтолцоог нэвтрүүлж буй. Өөрөөр хэлбэл төвийн зургаан дүүргийн авто замыг 12 багц болгоод нэг дүүргийг хоёр компанид хариуцуулахаар төлөвлөж байна. Уг ажлын тендерийг зарласан бөгөөд гүйцэтгэгч нь гуравдугаар сарын дундуур шалгарч, дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс гэрээ байгуулан ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байна. Зам хариуцагчийн тогтолцоо руу шилжсэнээр авто замын чанар байдлын индексийг 80-аас дээш түвшинд хадгалахын зэрэгцээ нүхэн эвдрэл гарсан тохиолдолд цаг алдалгүй хурдан хугацаанд засварладаг болох юм. Мөн энэ онд авто замыг шинэчлэх, завсарлах, шинээр барихдаа ус зайлуулах системийг суурьлуулна. Тухайлбал, ГУББГ-аас 2025 онд долоон байршилд авто замын борооны ус зайлуулах шугам, сүлжээ шинээр угсрахаар төлөвлөсөн бөгөөд үүнтэй авто замын график төлөвлөгөөг уялдуулж буй. Мөн зам арчлалтын хүрээнд хороолол доторх ус ихээр тогтдог авто замуудад ус зайлуулах систем суурилуулна гэдгийг тодотгож байлаа.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.