Нийгэм
Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээг Н.Наранбаатар найруулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаанаар Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээг удирдан зохион байгуулах найруулагчаар Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар ахлагчтай багийг дэмжихээр Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас санал оруулж, Үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар дэмжлээ.
Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшлийг ашиглан олон үндэстэн, ястны түүх уламжлал, өв соёл, төрт ёсны үнэт зүйлээ олон талаас нь харуулахын зэрэгцээ шинэ хэв маяг, агуулгыг гаргахаар зорьж байна. Тиймээс нээлт, хаалтын арга хэмжээний агуулгад онцгой анхаарч, сонирхолтой хэлбэрээр үзэгдлүүдээ бэлдэх хэрэгтэйг холбогдох албаныханд санууллаа.
Өнгөрсөн жилийн баяр наадмын арга хэмжээний гүйцэтгэлд алдаа дутагдал их гарсан учраас бэлтгэл ажил, гүйцэтгэлд хяналт тавих ажлын хэсгийг байгуулж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин ахлахаар боллоо. Түүнчлэн баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээ, үндэсний бөхийн барилдааныг телевизүүдээр хэрхэн шууд дамжуулах асуудлыг судалж, дараагийн хуралдаанд танилцуулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах төсвийг эцсийн байдлаар гаргаж, төсөвт өртөгтөө багтааж зохион байгуулахыг салбар хороодын дарга нарт даалгалаа. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн концертын бэлтгэлийн явцтай зургаадугаар сарын 15-нд танилцахаар тогтлоо.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.