Нийгэм
“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийнхан дэд бүтцийн асуудал хариуцсан инженер техникийн ажилчидтай уулзлаа

“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын холбогдох мэргэжилтнүүд Толгойт дэд төвийн төсөл хэрэгжүүлэгч нэгжийн зөвлөх баг, “Ус сувгийн удирдах газар”, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, “Улаанбаатар дулааны станц” ТӨХК-иудын ерөнхий инженерүүдтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Орон сууцжуулах ажлын хүрээнд хамгийн их тулгамдаж байгаа асуудал бол дэд бүтэц, ус дулаан, цахилгаан хангамж. Эдгээр хүчин зүйлс дээр тооцоолол бүрэн хийгдээгүй, бодит байдлын дүн шинжилгээнд тулгуурлаагүйгээс болж хүндрэл чирэгдэл тасардаггүй. Барилгын компаниуд хийгээд иргэдийн зүгээс энэ талын мэргэжлийн хүмүүстэй уулзаж, зөвлөгөө мэдээлэл ч дутуу дулимаг авдаг байна.
Энэ удаагийн уулзалтаар ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны дахин төлөвлөлтийн ажилд дэд бүтцийн хувьд тулгарч болзошгүй хүндрэл, анхаарал хандуулах байршлуудын асуудлыг хэлэлцлээ. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын усны хэрэглээ өсөж, 70 хувиас дээш ачааллыг авч байгаа талаар “Ус сувгийн удирдах газар” ТӨХК-ийн Цэвэр усны горим тооцооны инженер Р.Атаржаргал онцолж байлаа. Цахилгаан түгээх сүлжээний шийдвэрлэж чадахгүй хэмжээний байршлууд олон байдаг. Барилгын томосгосон эрчим хүчний тооцоолол маш чухал. Хуучны 1-5 давхар барилгуудыг орчин үеийн өндөр барилга болгоход одоогийн тэжээж байгаа станцын хүчин чадал хүрэхээ больчихдог. Станц барих гэхээр газрын асуудал үүсдэг. Тэгэхээр цаашдаа орон сууцны төлөвлөлт дээр инженерийн шугам сүлжээ барих газрын асуудлыг шийдвэрлээд явах хэрэгтэй гэж “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Техник нөхцөлийн хэлтсийн дарга Б.Дуламжав тодотгов.
Харин Улаанбаатар дулааны станц ТӨХК-ийн Ерөнхий инженер Ш.Мөнхжаргал “Улаанбаатар бол инженерийн байгууламж байхгүй суурин газар. 2013 оноос хойш амьдрах бололцоогүй газар олголт, дахин төлөвлөлт нэртэй батламж гээд амьгүй төлөвлөлтүүд гарч эхэлсэн. Тиймээс хот зохион байгуулалтын бүтцээ оновчтой болгох хэрэгтэй. Газар олголтоосоо төсөв төвлөрүүлдэг бол дэд бүтэц рүүгээ түүнээсээ төсөв хуваарилж өгдөг байх хэрэгтэй. Төсөв төлөвлөгөөгөө ярьж, бодит нөхцөл байдлыг сонсож, харилцан хамтарч ажиллах санал дэвшүүлж байгаа “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн алба хаагчдад баярлаж байна” хэмээлээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.