Энтертайнмент
Чансааны эхний 30 бөхөд багтсан аймаг цэргийн цолтнууд Сар шинийн барилдаанд шууд бүртгүүлнэ

Монголын үндэсний бөхийн холбоо томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж ажиллаж байгаа. Баталсан цаглаварын дагуу Өндөр зэрэглэлтэй бөхчүүдийн чансаа тогтоох барилдааныг сард хоёр удаа, намраас хаврын улиралд нийт 16-18 удаа зохион байгуулахаар төлөвлөсөн болно.
Эдгээр барилдаанд оролцсон идэвх, гаргасан амжилтанд үндэслэн жил жилийн шилдэг бөхчүүдийн чансааг devjee.mn цахим хуудастай хамтран гаргаж байгаа юм. Өндөр зэрэглэлтэй бөхчүүдийн чансаа тогтоох барилдаанд дараах барилдаануудыг хамруулна. Үүнд:
- Сар шинийн баярт зориулсан барилдаан
- Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаан
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан
- Улс тунхагласны баярт зориулсан барилдаан
- Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан
- Нийслэлийн өдөрт зориулсан барилдаан
- Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаан
- Богдхан хайрханы хишиг барилдаан
- Сонгинохайрханы хишиг барилдаан
- Чингэлтэй хайрханы хишиг барилдаан
- Баянзүрх хайрханы хишиг барилдаан
- Улсын аварга цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
- Улсын арслан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
- Улсын гарьд цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
- Улсын заан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
- Улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
- Улсын начин цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
Чансаа тооцох журам
Даваа Оноо
- 8 даваа 1500
- 7 даваа 1000
- 6 даваа 600
- 5 даваа 400
- 4 даваа 300
- 3 давааа 200
- 2 даваа 100
- 1 даваа 50
- Оролцоо 50
Иймд 2024 оны 10 дугааар сараас эхэлсэн барилдаануудад ИДЭВХТЭЙ оролцож ӨНДӨР АМЖИЛТ гарган чансааны эхний 30 бөхөд багтсан аймаг цэргийн цолтнууд Сар шинийн битүүний бөхийн барилдаанд шууд бүртгүүлнэ.

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
Энтертайнмент
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрханы хишиг”, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны хоёрдугаар байр руу дэвшлээ.
Энтертайнмент
“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно

Нийслэлийн иргэдийн дугуй унах соёл, хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөгийг тавдугаар сарын 10-ны бямба гарагт 10:00-18:00 цагийн хооронд төв талбайд зохион байгуулна.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулах уг өдөрлөгийг НЗДТГ, нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон Монголын дугуйн холбоо хамтран зохион байгуулж байна.
Мөн уг өдөрлөгөөр дугуйн клубуудын танилцуулга, дугуй, дугуйн дагалдах хэрэгслийн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ, банкуудын ногоон зээлийн танилцуулга, дугуй сонирхогчдын дунд чөлөөт худалдаа болно.
Түүнчлэн баланс байк хүүхдийн дугуйн тэмцээнийг хоёр ангилалд, засмал замын дугуйн тэмцээнийг долоон ангилалд зохион байгуулна. Баланс байк хүүхдийн дугуйн төрөлд бага нас 4-5 нас /эрэгтэй, эмэгтэй/ ангилалд тус бүр 200 метр уралдана. Засмал замын дугуйн төрөлд элит /эмэгтэй, эрэгтэй/, өсвөр үе /эмэгтэй, эрэгтэй/, сонирхогч /эмэгтэй, эрэгтэй/, мастер эрэгтэй ангилалд тус тус өрсөлдөж, шилдгүүдийг шалгаруулна. Засмал замын дугуйн төрөлд өрсөлдөж буй нийт тамирчин, дугуйчид 30 км, 40 км зайд тус бүр 20 тойрог өрсөлдөх юм.
“Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг нь төрөөс баримталж буй нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдэд эрүүл, зөв амьдралыг хэвшүүлэхэд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлж, дугуй унахыг бүх нийтийн спорт болгох, хүүхэд, залуучуудыг дугуйн спортоор сонирхон хичээллэхэд түлхэц болох, шинэ залуу залгамж үеийн тамирчдыг бэлтгэн гаргахад чухал ач холбогдолтой.