Нийгэм
“Улаанбаатар хот 2040” хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг дүүргийн иргэдэд танилцуулж дууслаа

Нийслэл хотыг хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийн хугацаа дууссантай холбогдуулан дараагийн буюу 2040 он хүртэл хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж УИХ-д өргөн бариад буй. Тэгвэл энэхүү “Улаанбаатар хот 2040” хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг олон нийтэд, тэр дундаа нийслэлийн иргэдэд нээлттэй танилцуулж, мэдээлэл өгөх ажлыг Нийслэлийн ИТХ-аас зохион байгуулж байна. Эхний ээлжид Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хэрхэн хөгжүүлэхээр төлөвлөснийг нийслэлийн есөн дүүргийн иргэдэд танилцуулж дууслаа.
Тодруулбал, хоёрдугаар сарын 17-25-ны өдрүүдэд Багануур, Налайх, Баганхангай, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэдэд хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг танилцуулж, мэдээлэл өглөө.
Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хэрхэн хөгжүүлэхээр төлөвлөсөн талаар танилцуулгыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, “Улаанбаатар хот 2040” лобби бүлгийн дарга Г.Батсайхан ахлан төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Нийслэлийн Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин болон Нийслэлийн ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нар хийлээ. Мөн Нийслэлийн ИТХ-ын нийт төлөөлөгчид сонгогдсон дүүрэг бүртээ ажилласан бөгөөд дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Засаг дарга нар оролцсон бол нийслэлийн есөн дүүргийн иргэд уулзалтад идэвхтэй оролцож, санал бодлоо илэрхийллээ.
Нийслэлийн ИТХ-аас “Улаанбаатар хот 2040” хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг дараагийн шатанд олон нийтэд танилцуулахаар төлөвлөөд байна.

Нийгэм
Сар шинийн өдрүүдэд нийслэл хотод 1230 алба хаагч гудамж замд хөдөлгөөн зохицуулалт, хяналт шалгалт хийнэ

Цагдаагийн байгууллагаас сар шинийн баяртай холбоотойгоор өнөөдөр мэдээлэл хийлээ. ТЦА-ны УСХ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Оюун “Цагдаагийн байгууллагаас энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдрөөс гуравдугаар сарын 05-ны өдрийн хооронд нийслэл хотод 1230, орон нутагт 803 нийт 2033 алба хаагч гудамж замд хөдөлгөөн зохицуулалт, хийж ажиллана.
Улсын дугаарын арын оронг тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах талаарх Нийслэлийн Засаг даргын А/248 дугаар захирамжийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна. Өөрөөр хэлбэл баяр амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Нийслэл хотын бүсэд золголтоор зорчихдоо гэр хорооллын гудамж болон хотхон хорооллын дотор тээврийн хэрэгслээ бусад хөдөлгөөнд оролцогчид болон шуурхай албаны автомашинд саад болохгүй байдлаар байрлуулах, Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох, Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.
Мөн цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн аймаг орон нутагт зорчих бол бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг аль болох авч явахгүй байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаа хангах зэрэг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр иргэд, та бүхэн бие биедээ хүндэтгэлтэй хандаж замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна”гэв.
Нийгэм
5000 төгрөгийн хураамж төлдөг болсноос хойш хотоос гарах орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байна

Орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод 48 цагаас доош хугацаанд зорчвол 1000 төгрөг, 48 цагаас дээш хугацаанд зорчвол 5000 төгрөгийн хураамж төлөх нийслэлийн ИТХ-ын тогтоол 2024 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж байна. Уг тогтоол хэрэгжсэнээс хойш сүүлийн 6 сарын байдлаарх орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийн Улаанбаатар хот руу орох, гарах зорчилт хөдөлгөөний мэдээллийг хүргэе.
- 2024 оны есдүгээр сард орон нутгийн дугаартай 114.612 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу орсон бол 57.132 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гарсан.
- Аравдугаар сард орон нутгийн дугаартай 101.996 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу орсон бол 113.470 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гарсан.
- Арваннэгдүгээр сард орон нутгийн дугаартай 121.630 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу орсон бол 130.870 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гарсан.
- Арванхоёрдугаар сард орон нутгийн дугаартай 130.002 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу орсон бол 149.509 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гарсан.
- 2025 оны нэгдүгээр сард орон нутгийн дугаартай 135.640 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу орсон бол 144.310 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гарсан.
- Хоёрдугаар сарын 15-ны өдрийн байдлаар орон нутгийн дугаартай 58.993 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу орсон бол 71.310 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гараад байна.
Нийгэм
Улаанбаатар хотод 2025 онд 41 байршилд авто замыг шинэчилнэ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, дэд бүтцийг хөгжүүлэх зорилтын хүрээнд өнгөрсөн онд 62 байршилд авто замыг шинэчилж, засварласан бол энэ онд 41 байршилд авто замыг шинэчилнэ.
Мөн авто замыг шинэчлэх, засварлах, шинээр барихдаа ус зайлуулах системийг анхаарч барихаар төлөвлөлөө.
Тухайлбал, ГУББГ-аас 2025 онд долоон байршилд авто замын борооны ус зайлуулах шугам, сүлжээ шинээр угсрахад авто замын график төлөвлөгөөг уялдуулна.
Зам арчлалтын ажлын хүрээнд хороолол доторх ус ихээр тогтдог авто замуудад ус зайлуулах систем суурилуулна.
Замын хариуцагчийн тогтолцоог нэвтрүүлж, төвийн зургаан дүүргийн авто замыг 12 багц болгож, нэг дүүргийг хоёр компанид хариуцуулна.
Ингэснээр авто замын чанарын индексийг 80-аас дээш түвшинд хадгалахын зэрэгцээ нүхэн эвдрэл гарсан тохиолдолд цаг алдалгүй засварлах боломжтой.