Энтертайнмент
Тусгай олимпын дэлхийн өвлийн наадамд амжилттай оролцсон баг тамирчдад хүндэтгэл үзүүлэв

Итали улсын Турин хотод Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам гуравдугаар сарын 8-16-ны өдрүүдэд болж, Монгол Улсын баг тамирчид таван алт, 10 мөнгө, зургаан хүрэл медальтай эх орондоо ирлээ. Энэ наадмын түүхэнд Монголын тамирчид нэг дор 21 медаль хүртсэн удаагүй билээ.
Манай улсын 24 (эрэгтэй 8, эмэгтэй 16) тамирчин зургаан спортын төрлөөр онцгой оролцож, өөрсдийн спортын ур чадвараа дэлхийд таниулсан нь энэ оны онцлох үйл явдал мөн. Тус наадамд амжилттай оролцсон баг тамирчдыг өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын тусгай олимпын хороо, “Скай ресорт” ХХК-ны зүгээс хүндэтгэл үзүүлэв.
Арга хэмжээний эхэнд БТСУХ-ны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат “Тусгай олимпын дэлхийн өвлийн наадамд бахдам амжилт байгуулсан тамирчин Та бүхэндээ халуун баяр хүргэе. Тамирчдын амжилтын ард цаг ямагт сэтгэл зовнин, тэднээс дутахгүй хөдөлмөрлөж байдаг багш, дасгалжуулагч, бас асран хамгаалагч та бүхэнд дахин талархал илэрхийлж байна. Эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулж, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж чадсан, эр зоригтой, эрч хүчтэй хамт олны амжилтын энэ баярыг хуваалцаж байгаадаа туйлын баяртай байна. Монголын тусгай олимпын хорооны ажлын албаныханд баярлалаа, цаашдын спортын зам мөр тань үргэлж дардан байх болтугай” хэмээн хэлсэн юм.
Тусгай олимпын дэлхийн өвлийн наадмын галт бамбарыг буухиалах арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлж, Зэвсэгт хүчний жанжин штабын Сургалт бэлтгэлийн газрын Цэргийн биеийн тамир, спортын тасгийн Гардан тулаанд амьд гарах арга ухааны туслах мэрэгжилтэн, арга зүйч, ахлах ахлагч Г.Наранхүү ажилласан байна.
Тус наадмын үеэр Дэлхийн удирдагчдын эвслийн амжилтын замнал” дээд хэмжээний хэлэлцүүлэгт Монголын тусгай олимпын хорооны элч Б.Ерөөлт, чиглүүлэгч Н.Эрдэм нар оролцож, хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн эл хэлэлцүүлэгт ССАЖЗЯ-ны сайд Ч.Номин, БТСУХ-ны ГХМТХ-ийн дарга Н.Оюунбат нар оролцож, “Хүртээмжтэй нийгмийн төлөөх дэлхийн удирдагчдын эвсэл”-ийн ажлын явцыг хэлэлцэж, “Берлины тунхаглал”-ыг үнэлжээ.
Спортын үндсэн хөтөлбөрөөс гадна “бяцхан тамирчин”, “бие бялдрын суурь чадвар олгох хөтөлбөр” Тусгай Олимпийн тамирчдын гэр бүл, асран хамгаалагчдад зориулсан соёл, спортын танин мэдэхүйн хөтөлбөрүүд наадмын эргэн тойронд болсон юм байна.

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
Энтертайнмент
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрханы хишиг”, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны хоёрдугаар байр руу дэвшлээ.
Энтертайнмент
“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно

Нийслэлийн иргэдийн дугуй унах соёл, хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөгийг тавдугаар сарын 10-ны бямба гарагт 10:00-18:00 цагийн хооронд төв талбайд зохион байгуулна.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулах уг өдөрлөгийг НЗДТГ, нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон Монголын дугуйн холбоо хамтран зохион байгуулж байна.
Мөн уг өдөрлөгөөр дугуйн клубуудын танилцуулга, дугуй, дугуйн дагалдах хэрэгслийн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ, банкуудын ногоон зээлийн танилцуулга, дугуй сонирхогчдын дунд чөлөөт худалдаа болно.
Түүнчлэн баланс байк хүүхдийн дугуйн тэмцээнийг хоёр ангилалд, засмал замын дугуйн тэмцээнийг долоон ангилалд зохион байгуулна. Баланс байк хүүхдийн дугуйн төрөлд бага нас 4-5 нас /эрэгтэй, эмэгтэй/ ангилалд тус бүр 200 метр уралдана. Засмал замын дугуйн төрөлд элит /эмэгтэй, эрэгтэй/, өсвөр үе /эмэгтэй, эрэгтэй/, сонирхогч /эмэгтэй, эрэгтэй/, мастер эрэгтэй ангилалд тус тус өрсөлдөж, шилдгүүдийг шалгаруулна. Засмал замын дугуйн төрөлд өрсөлдөж буй нийт тамирчин, дугуйчид 30 км, 40 км зайд тус бүр 20 тойрог өрсөлдөх юм.
“Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг нь төрөөс баримталж буй нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдэд эрүүл, зөв амьдралыг хэвшүүлэхэд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлж, дугуй унахыг бүх нийтийн спорт болгох, хүүхэд, залуучуудыг дугуйн спортоор сонирхон хичээллэхэд түлхэц болох, шинэ залуу залгамж үеийн тамирчдыг бэлтгэн гаргахад чухал ач холбогдолтой.