Улс төр
ЗГ: Байгалийн хийн хоолой барих төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг энэ оны гуравдугаар улиралд хийнэ

Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Оросын Холбооны Улсаас Бүгд Найрамдах Хятад Улс руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн явцын талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Монгол Улсын талаас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн “Эрдэнэс Газ” төслийн нэгж, ОХУ-ын талаас “Газпром” НХН-ийн хөрөнгө оруулалттай “Газопровод Союз Восток” ХХК нар төслийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллаж байна. Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг 2022 оны нэгдүгээр сард батлуулж, инженерийн хайгуул судалгааны ажлуудыг мөн онд гүйцэтгэж, нарийвчилсан зураг төслийн баримт бичгүүдэд магадлал хийх ажлыг 2024 онд дуусгаж, шаардлагатай газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, 2025 оны гуравдугаар улиралд багтан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх ажлыг гүйцэтгэхээр төлөвлөжээ.
Байгалийн хий дамжуулах хоолой нь хойд хилээс урд хил хүртэл 958,6 км үргэлжилж, зургаан аймаг, 22 сумын нутгаар дайран өнгөрөх бөгөөд газар доогуур тавигдана. ТЭЗҮ-ийн дагуу төсөл нь техникийн талаас хэрэгжих бүрэн боломжтой, эдийн засгийн үр өгөөжтэй, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Мөн төсөл хэрэгжсэнээр гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж эдийн засаг тэлнэ. Барилга угсралтын үед 12 000, ашиглалтын үед 1000 гаруй ажлын байр бий болно. Байгалийн хий нь эрчим хүчний хямд эх үүсвэр бөгөөд байгалийн хийгээр ажилладаг дулаан, цахилгааны станцууд барьж байгуулснаар эрчим хүчний системийн маневрлах чадварыг нэмэгдүүлж, эрчим хүчний системийн тогтворжилт дээшилнэ. Түүнчлэн зураг төслийн баримт бичигт Дархан, Улаанбаатар, Чойр, Сайншанд руу байгалийн хий авах гаргалгааг тусгаж өгсөн учир дотооддоо байгалийн хий авч ашиглан агаарын бохирдлын асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой гэжээ.

Улс төр
Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Сангийн сайд Б.Жавхлан Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, валютын нөөцийн нөхцөл байдлын талаар Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулга хийлээ.
Тус Ажлын хэсэг Засгийн газрын 2025 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 135 дугаар тогтоолоор батлагдсан “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийг өсгөх чиглэлээр авч хэрэгжүүлэх цогц арга хэмжээ”-г хэрэгжүүлж байна.
Экспортын орлого энэ долоо хоногт 278 сая ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 17 хувиар өслөө. Энэ өсөлтөд нүүрсний экспорт 1.9 сая.тоннд хүрч, 25 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Гашуунсухайт боомтын хувьд нүүрсний овоолгын хэмжээ өндөр хэвээр байгаа боловч, сүүлийн долоо хоногт БНХАУ-ын татан авалт нэмэгдсэн, цаашид үргэлжлэн сайжрах төлөвтэй байна. Шивээхүрэн боомтоор өнгөрсөн долоо хоногт нийт 758 мянган.тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая.тонн болж өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан ба Ажлын хэсэг экспортыг нэмэгдүүлэх холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна.
Уул уурхайн биржийн арилжаа өнгөрсөн долоо хоногт нийт 480 мянган тонн нүүрс худалдаалж, он гарснаас хойших хамгийн өндөр арилжаа хийжээ.
Бусад уул уурхайн бүтээгдэхүүнүүд болох зэсийн баямжал, төмрийн хүдрийн экспортын хэмжээ үргэлжлэн нэмэгдэж байна. Зэсийн баяжмалын экспорт 42 мян.тн болж өмнөх долоо хоногоос хоёр хувиар, төмрийн хүдрийн экспорт 177 мян.тн болж 14 хувиар тус тус өслөө.
Гадаад валютын албан нөөц 2025 оны энэ сарын 15-ны өдрийн байдлаар 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллараар нэмэгдлээ.
Улмаар гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх хүрээнд Ажлын хэсгээс цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар танилцуулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд ногоон гарц, боомтын бүс нутагт газар олгох, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Улс төр
Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг Архангай аймгийн Цэцэрлэг хотноо энэ сарын 14-нд зохион байгуулсан.
Бүсийн зөвлөлийн хуралдаанаас гарсан саналын хүрээнд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан дараах шийдвэрүүдийг гаргалаа.
1.Хангайн бүсийн хөгжлийг эрчимжүүлэх чиглэлээр:
-Бүгд Найрамдах Солонгос Улсын Эксим банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Архангай аймгийн дулааны станцын төслийг эхлүүлж, Баянхонгор, Өвөрхангай аймгийн дулааны станцын төслийн зогсонги байдлыг арилгах;
-Байдрагийн усан цахилгаан станцын төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийх;
-Бүсийн аймаг тус бүрд 10МВт-ын нар, 20МВт.цагийн батарей хуримтлуурын станцын төслийг 2026 онд багтаан төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх;
-Өвөрхангай аймгийн Богд сумаас Өмнөговь аймгийн Гурвантэс сум чиглэлийн авто зам, Баянхонгор аймгийн Баянхонгор сум-Архангай аймгийн Булган сум чиглэлийн авто зам, Арвайхээр-Тарагт-Уянга сум чиглэлийн авто замын төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад шаардагдах санхүүжилт болон Өвөрхангай аймгийн Арвайхээр-Мандалговь-Чойр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн замаас Мандал-Овоо хүртэлх авто замын төслийн санхүүжилтийн асуудлыг судалж шийдвэрлэх;
-Орон нутгийн хөгжлийн төв, хөгжлийн төвд таталцах сумдын зураг төсөл бүхий инженерийн дэд бүтцийн байгууламжийг ашиглалтад оруулж, бусад сумын инженерийн дэд бүтцийн байгууламжийн зураг төслийг шуурхай боловсруулж дуусгах;
-Архангай аймгийн Цэнхэр суманд байрлах Цэнхэрийн рашаан орчмын амралтын газрын, Баянхонгор аймгийн Баянлиг сум, Баянхонгор сумын Шаргалжуут тосгонд цэвэр, бохир усны нэгдсэн шугам, цэвэрлэх байгууламжийг шинээр барих, Булган аймгийн Рашаант сум, Өвөрхангай аймгийн Хархорин сумын цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах;
-Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан Хөдөө, аж ахуйн их сургууль болон шаардлагатай бусад их, дээд сургуулийн салбар сургууль байгуулах асуудлыг судалж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрөлжүүлэн хөгжүүлэх;
-Бүс нутгийн онцлогт тохирсон мал үржүүлэг, үржлийн цөм сүрэг бий болгох, малын гаралтай түүхий эдийг боловсруулах, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг Бүсийн зөвлөлтэй хамтран боловсруулж хэрэгжүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.
2.Хангайн бүсийг аялал жуулчлалын төрөлжсөн бүс болгон хөгжүүлэх чиглэлээр:
-“Хангайн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөө”-г төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын оролцоог хангах замаар хамтран боловсруулж хэрэгжүүлэх;
-Аялал жуулчлалын чиглэлээр болон хот хоорондын зам дагуу үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг судалж, холбогдох хуулийн төслийг боловсруулах;
-Баянхонгор аймгийн “Түүх, угсаатны зүй, байгалийн түүхийн музей” болон Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхоны хөндийн Дэлхийн өвийн хамгаалалтын захиргааны барилгын санхүүжилтийн асуудлыг судалж шийдвэрлэхээр тогтлоо.
Түүнчлэн, бүсийн нутаг дэвсгэрт үүлний шилжилт, хувьслыг өндөр нарийвчлалтай тодорхойлох, цаг агаарын гамшигт үзэгдлийг урьдчилан илрүүлж мэдээлэх, эрт сэрэмжлүүлэх тогтолцоог бэхжүүлэх зорилгоор цаг уурын радарын станц, холбогдох байгууламжийг Өвөрхангай аймгийн Хархорум хотод байгуулахаар шийдвэрлэсэн. Мөн Бага Илэнх-Шивээхүрэн чиглэлийн 1073.79 км авто замын зураг төсөлгүй хэсэг болох Гурванбулаг-Элсэн тасархай чиглэлийн 53 км авто зам, Богд сум-Шивээхүрэн боомт чиглэлийн 224.6 км авто замын зураг төслийг боловсруулахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо.
Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг 2025 онд тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.
Тогтоолын төсөлд дурдсан эдгээр арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлснээр Хангайн бүсийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих чиглэлээр төрийн болон орон нутгийн байгууллагын үйл ажиллагааны уялдаа хангагдаж, аймаг, орон нутгийн эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх, монгол орныг гадаад улсад сурталчлах, жуулчдыг татах хөшүүрэг бүхий аялал жуулчлалын дэд бүтэц бий болно гэж үзэж байна.
Улс төр
Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн долоо хоногт манай гол түүхий эдүүдийн экспортын хэмжээ бүгд тодорхой хэмжээ нэмэгдсэн. Зарим нь өнгөрсөн оны мөн хэмжээнд дөхөж ирсэн долоо хоног байлаа. Долоо хоног бүрийн экспортын хэмжээг харвал өнгөрсөн долоо хоногт экспорт 278 сая ам.долларт хүрч энэ оны хамгийн өндөр тоондоо хүрлээ. Өнгөрсөн долоо хоногоос даруй 40 гаруй сая ам.доллароор нэмэгдсэн үзүүлэлт байлаа. Эерэг гарахад Нарийнсухайтын бүлэг ордуудын экспортоос хийгдсэн дүнгүүд, хувийн уурхайнуудаас хийгдсэн экспортын дүн эерэгээр нөлөөллөө. Ингээд нүүрсний экспорт өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 1.9 сая тонноор арилжаа нэмэгдэж 40 гаруй сая сая ам.доллароор өслөө. Эдгээр үзүүлэлтүүд валютын нөөц нэмэгдэхэд эерэг нөлөө үзүүллээ. Он гарснаас хойш Төвбанкны валютын нөөц 5 тэрбум 246 сая ам.доллар болсон нь сүүлийн хоёр сард хүрээгүй дүнд хүрлээ. Экспортыг дэмжих ажлын хэсэг ажлаа авсан даруйдаа сарын өмнө валютын нөөц тогтвортой эрсдэлгүй түвшинд очих нь чухал гэх бодлогоо тодорхойлсон. Тиймээс валютын нөөцөө хамгаалах бодлого нь нэн тэргүүний зорилтоо хамгаалж яваа гэсэн үг юм. Ийм өнгөрсөн долоо хоногийн эерэг мэдээнүүд байна. Мөн Засгийн газрын хуралдаанаар экспорттой холбоотой удаах тогтоол гарлаа. Хамгийн гол анхаарсан зүйл нь, хоёр чиглэлд яаралтай авахаар боллоо. Нэгт, Гашуусухайт, Шивээхүрэн, Бичигт, Ханги Булган эдгээр боомт дээр валютын нөөцөд эерэг үр дүн үзүүлэх, яаралтай зайлшгүй гарах шаардлагатай эдгээр экспортын биет түүхий эдүүд болон боомтуудыг зөв эрэмбэлж хугацаа алдахгүй гаргах зохион байгуулалт хийхийг боомт дээр ажиллаж буй төрийн захиргааны байгууллагуудад чиглэл өглөө. Мөн хувийн ч бай, Эрдэнэс Тавантолгой ч байсан, жижиг Тавантолгой ялгаагүй гарч буй экспортуудын биет хэмжээг нэмэгдүүлэх, өрсөлдүүлэх зорилгоор өртгийг нь бууруулах. Ялангуяа төмөр зам дээр гартал /уурхай дээрээс ачуулах гэсэн үг/ , төмөр зам дээр гарснаас хойшхи өртгүүдийг маш бодитойгоор тодорхой хэмжээнд буулгах ийм арга хэмжээ авахыг нүүрсний болон тээврийн компаниудад тодорхой чиглэл өглөө.
-
Нийгэм8 цаг өмнө
Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ
-
Нийгэм14 цаг өмнө
“Барилга, дэд бүтцийн салбарын стандартын хэрэгжилт хяналт шалгалтын тогтолцоо” хэлэлцүүлэг эхэллээ
-
Нийгэм11 цаг өмнө
“Хүүхдэд аюулгүй цахим орчин” аяны удирдамж батлагдлаа
-
Улс төр9 цаг өмнө
Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо
-
Эдийн засаг11 цаг өмнө
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ
-
Улс төр10 цаг өмнө
Засгийн газар хуралдаж байна
-
Улс төр14 цаг өмнө
ХЗБХ: Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг дэмжлээ
-
Нийгэм14 цаг өмнө
Эдүтэн цахим систем интернэтгүй орчинд ажиллах боломжтой болно