Нийгэм

Гачуурт тосгоноос Төв цэвэрлэх байгууламж хүртэл 32 км үргэлжлэх Улаанбаатар хотын бохир усны “Туул-1” коллекторыг барих шийдвэр 2007 онд гарч, 19.3 км хуванцар материалтай шугам угсарснаас хойш олон жил боллоо. Тэгвэл уг ажлыг нийслэлийн Засаг даргын захирамжаар Ус сувгийн удирдах газар /УСУГ/-т хариуцуулж, хуванцар хоолойг ширмэн хоолойгоор сольж эхэллээ. УСУГ-аас энэ жил 10 км шугам угсарна.
“Туул 1” коллектор нь Улаанбаатар хотын бохир усны шугамын ачааллыг авах гол хэвтээ тэнхлэгийн шугам бөгөөд одоо байгаа болон ирээдүйд барих барилга байгууламжийн бохир усыг татан зайлуулах стратегийн ач холбогдолтой инженерийн шугам сүлжээ юм. Тодруулбал, тус коллектор нь Гачуурт, Хужирбулан, Улиастай, Налайх, Амгалан, Шархад, Дамбадаржаа, Долоон буудал, Баянхошуу, Толгойт, Баянголын ам орчмын хорооллуудын бохир усыг шууд болон одоо ажиллаж байгаа Налайхын, өмнөдийн, төвийн болон 23-р коллектороор дамжуулан төв цэвэрлэх байгууламжид хүргэхээр төлөвлөсөн.
Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү “Өдгөө Улаанбаатар хотын гэр хороололд 190 мянган орчим айл инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй амьдарч буй. Гэр хорооллыг орон сууцжуулъя гэвэл дэд бүтцийг шийдвэрлэхээс гадна Төв цэвэрлэх байгууламжийг томсгох ёстой. Энэ хүрээнд Улаанбаатар хотын бохир усны “Туул-1” коллекторын шугам угсралтын ажлыг эхлүүллээ. Энэ шугам нь шинэ төв цэвэрлэх байгууламжид холбогдох тул Төв цэвэрлэх байгууламжийн ажлыг түргэвчилж байна. Ирэх тавдугаар сард эхний ээлжийн ус таталтыг хийх бол ирэх наймдугаар сард хоёр дахь удаагийн туршилтын усыг хүлээн авахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Шинэ төв цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган шоо метр усыг хүлээн авах чадалтай” хэмээв.
Түүнчлэн “Өнөөдрийн байдлаар Төв цэвэрлэх байгууламж нь хоногт 160-170 мянган шоо метр усыг хүлээн авах хүчин чадалтай. Гэсэн хэдий ч энгийн үед 210 мянган шоо метр, зуны улиралд бороо их орохоор 240 мянган шоо метр хүртэлх усыг хүлээн авч байгаа зэрэг шалтгаанаас үүдэн Төв цэвэрлэх байгууламжийг томсгох хэрэгцээ шаардлага бий болсон” гэдгийг тэрбээр тодотгож байлаа.
“Туул 1” коллекторын ажлын явцын талаар УСУГ-ын Шугам ашиглалт, засварын албаны бохир усны шугамын инженер А.Энхбаяр “Уг ажлын хүрээнд 18 жилийн хугацаанд “Бридж констракшн” ХХК 19.3 км шугамыг угсарсан гэж байгаа боловч энэхүү хуванцар шугам нь чанар, ашиглалтын шаардлага хангахгүйгээс үүдэн ус шүүрч, шугам угсрахаар ухсан нүхэн дэх усны түвшинг ихэсгэж буй. Энэ хэвээр байлгавал зуны улиралд бороо орсон үед гүний усны түвшин улам бүр нэмэгдэн, эрсдэл дагуулах аюултай. Иймд уг хуванцар шугамыг ширмэн шугамаар солихоос өөр аргагүйд хүрсэн” гэв.
– “Бридж констракшн” ХХК-ийн угсарсан хуванцар шугам –

Нийгэм
Хилийн боомтоор нүүрс тээвэрлэж байгаа ААН-үүдийг шалгана

Зам, тээврийн яамнаас төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр болжээ. Тодруулбал, Зам, тээврийн сайдын 2025 оны нэгдүгээр сарын 09-ний өдрийн А/03 дугаартай тушаалаар баталсан “Улс хоорондын ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох, ашиглах, хяналт тавих үйл ажиллагаанд баримтлах удирдамж”-ийн дагуу хилийн боомт тус бүрээр улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх аж.
Мөн нийт тээврийн хэрэгсэлд нэгдсэн тооллого зохион байгуулан тээврийн хэрэгслийн техникийн ерөнхий шаардлага хангаж байгаа болон тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочтой эсэхэд дүгнэлт гаргаж, шаардлагатай арга хэмжээг авах юм.
Төлөвлөгөөт бус хяналт шалгалтад долоон аймгийн есөн боомтоор улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд хамрагдана.
Хяналт шалгалтыг 2025 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс 25-ны өдрийг дуустал хийж гүйцэтгэх бөгөөд шаардлагатай тохиолдолд хугацааг уртасгах юм байна.
Нийгэм
УЕПГ: Гуравдугаар сард мөрийтэй тоглоом тоглох зөрчил буурчээ

Улсын хэмжээнд 2025 оны гуравдугаар сард нийт 212.374 зөрчил бүртгэгдсэн нь хоёрдугаар сартай харьцуулахад 26.7 хувиар буурчээ.
Нийт зөрчлийн 73.3 хувь нь Нийслэлд, 26.7 хувь нь орон нутагт бүртгэгдэж, 97.7 хувийг нь Цагдаагийн байгууллага, 2.3 хувийг нь Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг бусад байгууллага шалган шийдвэрлэсэн байна.
Дээрх хугацаанд 205.939 хүн, 783 хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан байна. Нийт зөрчлийн хэргийн 96.2 хувийг газар дээр нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.
Өнгөрсөн гуравдугаар сард гарсан зөрчлийг хоёрдугаар сартай харьцуулахад Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 83.3 хувиар, Татварын хууль зөрчих зөрчил 67.8 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 28.5 хувиар, Хулгайлах зөрчил 26.7 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 21.2 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Харин Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 66.7 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 17.1 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 14.4 хувиар өссөн байна.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 479 болжээ

