Нийгэм
Хамтран ажиллах “санамж бичиг”-т гарын үсэг зурлаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газар, Бүгд Найрамдах Солонгос Улсад төвтэй Дэлхийн K-POP-ыг дэмжих сангийн төлөөлөлтэйгөөр байгуулагдсан Бүгд Найрамдах Солонгос Улсын 2HM консорциумтай санамж бичиг байгууллаа.
Хиймэл оюун ухаан болон аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын эрин үед манлайлан ажиллаж, түүнд бэлтгэх олон улсын боловсролын хамтын ажиллагааны хэрэгцээ шаардлага нэмэгдэж буйтай холбогдуулан, дэлхийн хэмжээний шилдэг боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор шинэлэг, уян хатан боловсролын систем, платформыг бий болгох, оюутнуудын бүх талын хөгжилд чиглэсэн бодлого боловсруулж, боловсролын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн стратегийн хамтын ажиллагаа болон хамтарсан боловсролын төслүүдийг хэрэгжүүлэхэд уг санамж бичгийн зорилго оршино.
Санамж бичгийн хүрээнд дараах чиглэлд хамтран ажиллана. Үүнд:
-Хиймэл оюун ухааны эрин үеийг тэргүүлэх шинэлэг боловсролын систем, платформыг хөгжүүлэхэд харилцан хамтран ажиллах;
-Хувь хүнд тохирсон AI-д суурилсан сонирхол, мэргэжлийн чиг баримжаа, суралцах чадамжийг үнэлэх хэрэгслийг нэвтрүүлэх;
-Дижитал ялгааг арилгах болон суралцах үр нөлөөг нэмэгдүүлэхэд зориулсан дижитал мэдээллийн технологийн боловсролын платформ хөгжүүлэх;
-Шинэлэг хичээлийн тогтолцоо, боловсролын хөтөлбөр болон ноу-хау-гийн дэмжлэг үзүүлэх;
-Монгол Улсын Боловсролын тогтолцоонд нийцсэн сургалтын хөтөлбөр, өөрөө удирдан суралцах судалгаанд суурилсан сургалтын загварыг боловсруулан туршин хэрэгжүүлэх;
-Бүгд Найрамдах Солонгос Улсын их сургуулиудтай хамтран ажиллаж, их сургуулийн хичээлийг урьдчилан судлах, кредит тооцох тогтолцоо бий болгох;
-Бүгд Найрамдах Солонгос Улсын MyPol сургуулийн Монгол дахь салбар сургууль байгуулах;
-Монгол, Солонгосын сурагчдын хосолмол солилцооны хөтөлбөрөөр дамжуулан дэлхийн иргэнийг хамтран бэлтгэх;
-Соёлын нэгдмэл боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлэх зэрэг багтана.

Нийгэм
Хилийн боомтоор нүүрс тээвэрлэж байгаа ААН-үүдийг шалгана

Зам, тээврийн яамнаас төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр болжээ. Тодруулбал, Зам, тээврийн сайдын 2025 оны нэгдүгээр сарын 09-ний өдрийн А/03 дугаартай тушаалаар баталсан “Улс хоорондын ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох, ашиглах, хяналт тавих үйл ажиллагаанд баримтлах удирдамж”-ийн дагуу хилийн боомт тус бүрээр улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх аж.
Мөн нийт тээврийн хэрэгсэлд нэгдсэн тооллого зохион байгуулан тээврийн хэрэгслийн техникийн ерөнхий шаардлага хангаж байгаа болон тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочтой эсэхэд дүгнэлт гаргаж, шаардлагатай арга хэмжээг авах юм.
Төлөвлөгөөт бус хяналт шалгалтад долоон аймгийн есөн боомтоор улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд хамрагдана.
Хяналт шалгалтыг 2025 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс 25-ны өдрийг дуустал хийж гүйцэтгэх бөгөөд шаардлагатай тохиолдолд хугацааг уртасгах юм байна.
Нийгэм
УЕПГ: Гуравдугаар сард мөрийтэй тоглоом тоглох зөрчил буурчээ

Улсын хэмжээнд 2025 оны гуравдугаар сард нийт 212.374 зөрчил бүртгэгдсэн нь хоёрдугаар сартай харьцуулахад 26.7 хувиар буурчээ.
Нийт зөрчлийн 73.3 хувь нь Нийслэлд, 26.7 хувь нь орон нутагт бүртгэгдэж, 97.7 хувийг нь Цагдаагийн байгууллага, 2.3 хувийг нь Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг бусад байгууллага шалган шийдвэрлэсэн байна.
Дээрх хугацаанд 205.939 хүн, 783 хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан байна. Нийт зөрчлийн хэргийн 96.2 хувийг газар дээр нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.
Өнгөрсөн гуравдугаар сард гарсан зөрчлийг хоёрдугаар сартай харьцуулахад Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 83.3 хувиар, Татварын хууль зөрчих зөрчил 67.8 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 28.5 хувиар, Хулгайлах зөрчил 26.7 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 21.2 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Харин Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 66.7 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 17.1 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 14.4 хувиар өссөн байна.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 479 болжээ

