Нийгэм
“NEXUS Ногоон шийдэл” төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум боллоо

Дэлхийн дулаарал нь байгалийн гамшигт үзэгдлийн тохиолдох давтамж, хамрах хүрээг нэмэгдүүлснээр хүн төрөлхтний амьдралд сөргөөр нөлөөлж эхэллээ. Тодруулбал, сүүлийн 30 жилд байгалийн гамшигт үзэгдлийн хэмжээ гурав дахин нэмэгдэж, 10 жилийн дотор цаг агаарын өөрчлөлтөөс үүдэлтэй даатгалын зардал 8 дахин, даатгалын бус зардал 7 дахин нэмэгджээ. Бохирдол, нүүрстөрөгчийн хэт ялгарлаас үүдэлтэй дэлхийн дулаарал нь үер, хар салхи, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшгийн шалтгаан болсноор 2100 онд дэлхийн ДНБ 25 хувиар буурах эрсдэлтэй байна. Иймд бодлого боловсруулагчид зөвхөн эдийн засгийн өсөлтийг чухалчлахаас илүүтэй хүлэмжийн хийн ялгарал, дэлхийн дулаарлыг бууруулах тогтвортой ногоон өсөлтийг зорьж эхэлсний томоохон илрэл нь Парисын хэлэлцээр юм.
Парисын хэлэлцээрт дэлхийн 196 улс нэгдсэн бөгөөд үндсэн зорилт нь XXI зуунд дэлхийн дулаарлыг 1.5 хэмээс хэтрүүлэхгүй түвшинд хадгалахад оршиж байгаа юм.
Тэгвэл манай улсын хувьд “Алсын хараа-2050” Монгол Улс хөгжлийн урт хугацааны бодлогод энэ талаар тодорхой тусгасан байдаг. Тухайлбал, “Ногоон хөгжил” зорилтын 6.4 заалтын хүрээнд эрчим хүч, ХАА, барилга, тээвэр, аж үйлдвэр, хог хаягдлын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлнэ гэж заасан байдаг. Үүний хүрээнд Зам, тээврийн яам, Эм Эм Эс Инженеринг ХХК-тай хамтран “NEXUS NET ZERO” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм.
Төслийн танилцуулга буюу “NEXUS Ногоон шийдэл” төр, хувийн хэвшлийн түншлэлийн уулзалтыг 2025 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдөр хийлээ.
Энэ талаар Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд хэлэхдээ “Зам, тээврийн яам автотээврийн салбарт хийн болон цахилгаан хөдөлгүүртэй автомашины хэрэглээг дэмжих нь зүйтэй гэж үзэж байна. Бид 2019 онд автотээврийн хэрэгслээс үүдэлтэй хог хаягдлын судалгааг мэргэжлийн байгууллагаар, 2022-2024 онд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгүүрээс ялгарах хорт хийн агууламжийг хянах тогтолцоог боловсронгуй болгох”-оор судалгааг хийлгэж, ШУТЗ-өөр хэлэлцүүлэн хүлээж авсан.
Дээрх судалгаа, тайланг үндэслэн холбогдох шийдвэр гаргахын тул төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллах шаардлага бий” гэсэн юм.
Тус хэлэлцүүлгээр дараах хэд хэдэн шийдэл хэрэгтэй байгааг экспертүүд онцоллоо.
- Цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх станцын буюу дэд бүтцийг Улаанбаатар хот болон олон улс, улсын чанартай авто зам дагуу үе шаттайгаар бий болгох;
- Цахилгаан автомашины засвар үйлчилгээ, техникийн хяналтын зохицуулалтыг бий болгох;
- Автотээврийн хэрэгслээс үүссэн хог хаягдал болон баттерейг дахин боловсруулах асуудлыг шийдвэрлэх;
- Цахилгаан тээврийн хэрэгслийн хяналт зохицуулалтын холбогдох стандарт, журмыг боловсруулан хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна.

Нийгэм
Хилийн боомтоор нүүрс тээвэрлэж байгаа ААН-үүдийг шалгана

Зам, тээврийн яамнаас төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр болжээ. Тодруулбал, Зам, тээврийн сайдын 2025 оны нэгдүгээр сарын 09-ний өдрийн А/03 дугаартай тушаалаар баталсан “Улс хоорондын ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох, ашиглах, хяналт тавих үйл ажиллагаанд баримтлах удирдамж”-ийн дагуу хилийн боомт тус бүрээр улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх аж.
Мөн нийт тээврийн хэрэгсэлд нэгдсэн тооллого зохион байгуулан тээврийн хэрэгслийн техникийн ерөнхий шаардлага хангаж байгаа болон тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочтой эсэхэд дүгнэлт гаргаж, шаардлагатай арга хэмжээг авах юм.
Төлөвлөгөөт бус хяналт шалгалтад долоон аймгийн есөн боомтоор улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд хамрагдана.
Хяналт шалгалтыг 2025 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс 25-ны өдрийг дуустал хийж гүйцэтгэх бөгөөд шаардлагатай тохиолдолд хугацааг уртасгах юм байна.
Нийгэм
УЕПГ: Гуравдугаар сард мөрийтэй тоглоом тоглох зөрчил буурчээ

Улсын хэмжээнд 2025 оны гуравдугаар сард нийт 212.374 зөрчил бүртгэгдсэн нь хоёрдугаар сартай харьцуулахад 26.7 хувиар буурчээ.
Нийт зөрчлийн 73.3 хувь нь Нийслэлд, 26.7 хувь нь орон нутагт бүртгэгдэж, 97.7 хувийг нь Цагдаагийн байгууллага, 2.3 хувийг нь Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг бусад байгууллага шалган шийдвэрлэсэн байна.
Дээрх хугацаанд 205.939 хүн, 783 хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан байна. Нийт зөрчлийн хэргийн 96.2 хувийг газар дээр нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.
Өнгөрсөн гуравдугаар сард гарсан зөрчлийг хоёрдугаар сартай харьцуулахад Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 83.3 хувиар, Татварын хууль зөрчих зөрчил 67.8 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 28.5 хувиар, Хулгайлах зөрчил 26.7 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 21.2 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Харин Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 66.7 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 17.1 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 14.4 хувиар өссөн байна.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 479 болжээ

