Нийгэм
Т.Мөнхсайхан: Эмч нарын нэр төр цаашлаад биед халдах байдал газар авч эхэлснийг хуулиар зохицуулдаг болно

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эрүүл мэндийн салбарт хийгдэж буй бодлогуудын хэрэгжилтэд эмч нарын саналыг сонсох, эмч нарын асуултад шийдвэр гаргах түвшний шууд хариулт өгөх зорилготой “Эмчээ Сонсъё” өглөөний уулзалтыг 6 өдөр зохион байгуулж дууслаа. Тус уулзалтыг танхим болон цахим байдлаар зохион байгуулж 800 орчим эмч нартай нүүр тулсан уулзалт хийлээ. Эмч нарын зүгээс даатгалын санхүүжилт, цалингийн асуудал, эмч нар ажлын байрандаа иргэд үйлчлүүлэгчдийн дарамтад өртөх, зураг видео авах байдлаар нэр хүндэд нь халдах байдал нэмэгдэж буйг учирлаж байв.
Харин Эрүүл мэндийн сайд: “Эмч нарын цалин тодорхой хувиар сүүлийн 4 жилд нэмэгдэж байгаа, хойшид ч нэмэгдэнэ. ЭМДС-ийн өрийг барагдуулж үүсээд байгаа санхүүгийн асуудлыг бүрэн шийдвэрлэхээр ажиллаж байна. “Эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах”, “Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай” хуулиудыг намрын чуулганаар оруулахаар хүлээгдэж байна. Эмч нарын нэр төрд халдах, цаашлаад биед халдах байдал ч газар авч байгааг хуулиар зохицуулдаг болно. Цаашид эмч эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдал, нийгмийн асуудал, эрүүл мэнд боловсролд илүү анхаарсан бодлого хэрэгжүүлж ажиллана” гэдгийг онцлов.

Нийгэм
Хилийн боомтоор нүүрс тээвэрлэж байгаа ААН-үүдийг шалгана

Зам, тээврийн яамнаас төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр болжээ. Тодруулбал, Зам, тээврийн сайдын 2025 оны нэгдүгээр сарын 09-ний өдрийн А/03 дугаартай тушаалаар баталсан “Улс хоорондын ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох, ашиглах, хяналт тавих үйл ажиллагаанд баримтлах удирдамж”-ийн дагуу хилийн боомт тус бүрээр улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх аж.
Мөн нийт тээврийн хэрэгсэлд нэгдсэн тооллого зохион байгуулан тээврийн хэрэгслийн техникийн ерөнхий шаардлага хангаж байгаа болон тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочтой эсэхэд дүгнэлт гаргаж, шаардлагатай арга хэмжээг авах юм.
Төлөвлөгөөт бус хяналт шалгалтад долоон аймгийн есөн боомтоор улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд хамрагдана.
Хяналт шалгалтыг 2025 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс 25-ны өдрийг дуустал хийж гүйцэтгэх бөгөөд шаардлагатай тохиолдолд хугацааг уртасгах юм байна.
Нийгэм
УЕПГ: Гуравдугаар сард мөрийтэй тоглоом тоглох зөрчил буурчээ

Улсын хэмжээнд 2025 оны гуравдугаар сард нийт 212.374 зөрчил бүртгэгдсэн нь хоёрдугаар сартай харьцуулахад 26.7 хувиар буурчээ.
Нийт зөрчлийн 73.3 хувь нь Нийслэлд, 26.7 хувь нь орон нутагт бүртгэгдэж, 97.7 хувийг нь Цагдаагийн байгууллага, 2.3 хувийг нь Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг бусад байгууллага шалган шийдвэрлэсэн байна.
Дээрх хугацаанд 205.939 хүн, 783 хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан байна. Нийт зөрчлийн хэргийн 96.2 хувийг газар дээр нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.
Өнгөрсөн гуравдугаар сард гарсан зөрчлийг хоёрдугаар сартай харьцуулахад Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 83.3 хувиар, Татварын хууль зөрчих зөрчил 67.8 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 28.5 хувиар, Хулгайлах зөрчил 26.7 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 21.2 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Харин Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 66.7 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 17.1 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 14.4 хувиар өссөн байна.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 479 болжээ

