Энтертайнмент
“Дүнхуан соёл Улаанбаатарт” үзэсгэлэнг нээв

“Дүнхуан соёлын долоо хоног”-ийн нээлт Чингис хаан Үндэсний музейд өнөөдөр боллоо. Тус долоо хоногийг “Дүнхуан соёл Улаанбаатарт” үзэсгэлэнгээр эхлүүлж буй юм.
БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын яам, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Чингис хаан Үндэсний музей, Монгол, Хятадын соёлын солилцооны төв, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Дүнхуан судлалын хүрээлэн хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэн 6 хэсгээс бүрджээ.
Дүнхуан урлагийн үзэсгэлэнд 18 өндөр нарийвчлал бүхий дижитал хэвлэмэл ханын зургийг дэлгэжээ. Эдгээр бүтээл нь барилга байгууламж, баримал, тэнгэр, бүжиг, хөгжим зэргийг хамарсан бөгөөд өвөрмөц өнгө аясыг шингээсэн Дүнхуаны урлагийн гүнзгий утга, өвөрмөц сайхныг илэрхийлж байна.
“Дүнхуан эрэлхийлэл-Дижитал Дүнхуаны дүрслэх үзэсгэлэн”-гийн онцлох хэсэгт Могао агуйн 285-р агуйг 1:1 өндөр нарийвчлалтай сэргээн бүтээжээ. Үзэгчид VR төхөөрөмж зүүж, ханын зургийн нарийн бүх деталийг 360 градусын өнцгөөс судлах боломжтой. Энэ нь “ханын зургийн дунд алхах” гайхамшигт мэдрэмжийг мэдрүүлнэ.
“Би Дүнхуанд ханын зураг зурж байна” дижитал хэсэг нь үзэгчид сонгодог ханын зургийн шугам зургуудыг сонгон, өөрсдийн хүссэн өнгөөр будаж, дууссаны дараа өөрийнхөө “Дүнхуан ханын зургийг” хэвлэн авч болно. Энэ хэсэг нь соёлын ач холбогдолтой ханын зураг зурах урлагийн мэдлэгийг хөгжилтэй байдлаар дамжуулан үзэгчдэд хүргэх зорилготой юм.
Дүнхуан соёлын аудио-видео үзэсгэлэн болон “Тамганд буй Дүнхуан” бүртгэлийн төхөөрөмж зэрэг интерактив төслүүд мөн өдөр тутмын үед нээлттэй байх бөгөөд үзэгчдэд Дүнхуан соёлыг олон өнцгөөс мэдрэх боломжийг олгож буйгаараа онцлогтой юм.
“Гялалзсан Тан гүрний хэв маяг” ханын зураг сэргээн засварлах хувцасны туршлага. Үзэгчид туслах ажилтнуудын тусламжтай ханын зургийн дүр төрхөөр хувцаслаж, Дүнхуан агуйд шилжих бөгөөд тэдний хөдлөх байдлаар Олон улсын торгоны замын уран сайхны үзүүлбэрийг дахин бүтээж, олон соёлын холимогын гайхамшигт шинж чанарыг мэдрэх боломжтой.
“Дүнхуан өнгийн учрал” эрдэс будгаар зураг зурж турших. Багшийн зааврын дагуу үзэгчид эрдэс будгаар ханын зургийг дүрсэлж, хуучин зураачдын мэргэжлийн ур чадварыг мэдрэх боломжтой.
Үзэсгэлэнгийн үеэр дижитал туршилт, аудио-видео үзэсгэлэн, эрдэм шинжилгээний лекц, гар урлал, харилцан жүжиглэлт зэрэг олон төрөл үйл ажиллагааг олон нийтэд үнэ төлбөргүй зохион байгуулах юм.
“Дүнхуан соёлын 7 хоног”-ийн нээлтэд УИХ-ын Дэд дарга Б.Пүрэвдорж, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань, Дүнхуан судлалын хүрээлэнгийн Дэд захирал Жао Линь-И, Монгол-Хятадын Найрамдлын Нийгэмлэгийн тэргүүн Г.Батсүх болон бусад төлөөлөл оролцож үг хэллээ.
БНХАУ-ын баруун хойд Ганьсү мужийн Дүнхуан нь эртний торгоны замын чухал зангилаа хот юм. Мөн эртний хятадын болон гадаадын олон соёлын солилцооны төв, олон ургальч соёлын уулзвар газар аж.
Ташрамд дурдахад, 2024 онд Монгол, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, “Хятад-Монголын найрамдлын жил”-ийн хүрээнд, “Хятадын соёлын 7 хоног”-ийн үеэр Дүнхуан соёл, урлагийн үзэсгэлэн Монголд анх удаа болж байв.

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
Энтертайнмент
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрханы хишиг”, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны хоёрдугаар байр руу дэвшлээ.
Энтертайнмент
“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно

Нийслэлийн иргэдийн дугуй унах соёл, хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөгийг тавдугаар сарын 10-ны бямба гарагт 10:00-18:00 цагийн хооронд төв талбайд зохион байгуулна.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулах уг өдөрлөгийг НЗДТГ, нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон Монголын дугуйн холбоо хамтран зохион байгуулж байна.
Мөн уг өдөрлөгөөр дугуйн клубуудын танилцуулга, дугуй, дугуйн дагалдах хэрэгслийн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ, банкуудын ногоон зээлийн танилцуулга, дугуй сонирхогчдын дунд чөлөөт худалдаа болно.
Түүнчлэн баланс байк хүүхдийн дугуйн тэмцээнийг хоёр ангилалд, засмал замын дугуйн тэмцээнийг долоон ангилалд зохион байгуулна. Баланс байк хүүхдийн дугуйн төрөлд бага нас 4-5 нас /эрэгтэй, эмэгтэй/ ангилалд тус бүр 200 метр уралдана. Засмал замын дугуйн төрөлд элит /эмэгтэй, эрэгтэй/, өсвөр үе /эмэгтэй, эрэгтэй/, сонирхогч /эмэгтэй, эрэгтэй/, мастер эрэгтэй ангилалд тус тус өрсөлдөж, шилдгүүдийг шалгаруулна. Засмал замын дугуйн төрөлд өрсөлдөж буй нийт тамирчин, дугуйчид 30 км, 40 км зайд тус бүр 20 тойрог өрсөлдөх юм.
“Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг нь төрөөс баримталж буй нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдэд эрүүл, зөв амьдралыг хэвшүүлэхэд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлж, дугуй унахыг бүх нийтийн спорт болгох, хүүхэд, залуучуудыг дугуйн спортоор сонирхон хичээллэхэд түлхэц болох, шинэ залуу залгамж үеийн тамирчдыг бэлтгэн гаргахад чухал ач холбогдолтой.