Нийгэм
Х.Нямбаатар: Жуулчдыг татах зорилгоор “UB food” фестивалийг жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулна

Аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах, хотын соёлыг түгээх зорилгоор “UB food” фестивалийг энэ сарын 8-14-ний өдрийг дуустал төв талбайд зохион байгуулна.
“UB food” фестивалийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Бид жил бүрийн дөрөвдүгээр сарын хоёр дахь долоо хоногт үндэсний болон олон орны хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах “UB food” фестивалийг зохион байгуулна. Учир нь манай улсад аялал жуулчлалын улирал үндсэндээ зургаа, долоодугаар сард эрчимтэй явагддаг. Харин аялал жуулчлалын эрчим сул байдаг дөрөв, тавдугаар сард аялагч, жуулчдыг татах зорилгоор “UB food” фестиваль шиг олон улсын арга хэмжээг зохион байгуулахыг зорьж байна. Мөн Улаанбаатар хотын иргэдэд олон үндэстний хоолны соёлыг сонирхуулж, дараа дараагийн жилд ямар үндэсний хоолны өдөрлөг хийх судалгааг иргэдээс авч, судалгааны үндсэн дээр өдөрлөгийг цаашид зохион байгуулна. Мөн олон үндэстний хоолны өдөрлөгийг дагасан аялал жуулчлалыг нэмэгдүүлэх төлөвлөгөөг боловсруулж байна” гэдгийг хэллээ.
Сонирхуулахад, “UB food” фестивалийг зохион байгуулж буй асар нь Монгол Улсад баригдсан хамгийн том асар юм. Тус арга хэмжээ дууссаны дараа энэхүү асарт “Циркийн долоо хоног” арга хэмжээ, үргэлжлүүлэн е-спорт, шагайн харваа, 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн зэргийг зохион байгуулж, аялагч, жуулчдын анхаарлыг татахаар төлөвлөж байна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.