Нийгэм
Д.Оюунболд: Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоосон

Зам, тээврийн яамны холбогдох албан тушаалтнууд зөвшөөрөх хэмжээнээс хэтэрсэн, задрах боломжгүй ачааг түр хугацаагаар зогсоох шийдвэр гарсантай холбоотойгоор орон нутагт үүсээд буй асуудал, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүд зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
“Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Д.Оюунболд: Урин дулааны улирал эхэлж, цаг агаар дулаарч газрын хөрс, замын далангийн өнгөн хэсэг гэсэж буйтай холбоотойгоор авто замд ус чийг ихээр хуримтлагдаж, ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт их хэмжээгээр буурдаг. Жил бүрийн 3-4 сар хүртэл, 10-11 сар хүртэл хөлдөлт гэсэлтийн үе тохиодог. Иймд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дотоодын болон олон улсын стандартыг мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг.
Энэ хугацаанд даац хэтрүүлсэн, задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг түр буюу нэг сарын хугацаанд хориглох шийдвэр гарсан. Хяналт шалгалтын хувьд улсын хэмжээнд нийт төлбөр авах 33 цэгт 4-5 байгууллагын хамтарсан ажлын хэсэг хяналт шалгалт хийж буй. Тус цэгүүдэд төлбөр төвлөрүүлэхээс гадна автомашины жин тонныг хэмжиж, зөвшөөрөгдөх дээд хэмжээ буюу 44 тонноос хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоох, зөрчлийг арилгуулах, холбогдох төлбөр хураамжийг хурааж байгаа. Өнөөдөр Улаанбаатар-Төв аймгийн чиглэлийн автозам дээр байгаа төлбөр хураах цэг дээр үүсээд буй том оврын автомашины бөөгнөрөлтэй холбоотой мэдээллийг Салбар хяналтын газраас мэдээлэл өгнө.
Зам, тээврийн яамны Салбарын хяналтын газрын дарга М.Энхболд: Энэ үед даац хэтрүүлэн тээвэр хийснээр зорчих хэсгийн хучилтад нүхэн эвдрэл, торон хагарлууд их хэмжээгээр нэмэгддэг. Эвдрэл гэмтлээс үүдэж, иргэд аюулгүй, ая тухтай зорчих боломжгүй болж, осол гарах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал алдагдах, эвдрэх аюултай. Ер нь авто замын эвдрэл, гэмтэлд даац хэтрэлт хамгийн их нөлөөлдөг. Бид өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 07-ны өдөр шатахуун тээвэрлэгчидтэй мөн уулзсан. Уулзалтын үеэр Монгол Улсад мөрдөгдөж буй стандартын талаар мэдээлэл өгч, ойлголцолд хүрсэн. Манай улсад автозамын даацын хяналтыг MNS 4598:2025 буюу “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-аар зохицуулдаг. Үүнд нэг тэнхлэг дээрх жин 11 тонн, нийт жин 44 тонноор тодорхойлсон байдаг.
Энэхүү стандарт нь зөвхөн манай улсын стандарт бус олон улсад ч дагаж мөрддөг стандарт юм. Уг 44 тоннын стандарт 2002 оноос хойш мөрдөгдөж байгаа. Энэ хугацаанд цөөнгүй удаа шинэчлэгдэж, батлагдсан ч мэргэжилтнүүд, хувийн хэвшлийхэнтэй зөвшилцсөний эцэст баталдаг. Уг стандартыг зөрчсөн тохиолдолд юу юугүй торгоод байдаггүй. Юуны өмнө зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг, дараа нь албан шаардлага хүргүүлдэг, эцэст нь торгуулийн арга хэмжээ болон үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээг авдаг. Энэ оны эхний улирлын байдлаар автотээврийн чиглэлээр 404 зөрчлийг илрүүлсэн. 380 зөрчилд сануулах арга хэмжээ, үлдсэнд нь албан шаардлага хүргүүлсэн. Төлбөрийн хэмжээ эхний улиралд 4 сая 900 мянга орчим төгрөгийн торгууль ногдуулсан. Цаашлаад авто зам, замын байгууламжийг эвдэж, гэмтээсэн, ашиглах боломжгүй болгосон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар төлөвлөж байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Т.Эрхэмбаатар: Өнгөрсөн гуравдугаар сард Зам, тээврийн сайдын баталсан удирдамжийн дагуу Ажлын хэсэг байгуулагдаж, Говьсүмбэр, Дорноговь аймаг, Замын-Үүд сумын замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд зөвлөгөө өгч ажилласан.
Ажлын хэсэг Дорноговь, Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх улсын болон орон нутгийн чанартай автозамд хяналт шалгалт хийж, нийт 350 тээврийн хэрэгсэл шалгаж, жин хэмжээ хэтрүүлсэн болон шөнийн цагаар орон нутгийн, гэрэлтүүлэггүй замд хурд хэтрүүлэх, гэрэлтүүлэх хэрэгсэл хэрэглэх дүрэм зөрчсөн 67 зөрчилд шийтгэл ногдуулсан. Гэсэн ч ослын тоо буурахгүй байна. Статистик хэлэхэд, 2024 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд зам тээврийн 30,977 осол бүртгэгдэж, үүнээс 2520 хүн хөнгөн болон хүндээр бэртэж, гэмтэж, 631 хүн нас барснаас 69 нь хүүхэд байна гэсэн харамсалтай тоо мэдээ гарсан. Иймд даац хэтрүүлэх нь зөвхөн тээвэрчдийн асуудал бус тус замаар зорчиж буй нийт иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа юм.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.