Нийгэм
Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна

Нийслэлийг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд тусгай замын автобусны төслийг хэрэгжүүлнэ.
Энэ хүрээнд төслийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтаар төслийн үйл ажиллагааны төлөвлөгөө, санхүүжилт болон зохицуулалтын дэд бүтцийн асуудлыг нарийвчлан хэлэлцэж, оролцогч талуудын уялдаа холбоог сайжруулах талаар хэлэлцлээ.
Тусгай замын автобусны /BRT/ төслийн захирал Т.Чинбатаас төслийн талаар тодрууллаа. Тэрбээр “Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах энэхүү төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлнэ. Судалгааны ажил одоогийн байдлаар 60 орчим хувьтай явж байгаа бөгөөд зураг төсөл үргэлжилж байна. Өнөөдрийн төслийн уулзалтад Засгийн газрын харьяа яам, агентлагууд, мөн нийслэлийн холбогдох газрууд оролцож, төслийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл солилцлоо” хэмээв.
“Far East Mobility” компанийн гүйцэтгэх захирал Карл Фьеллстром “Тусгай замын автобусны зураг төслийг манай баг боловсруулж байна. Бидний хувьд тусгай замын автобусны чиглэлээр олон жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд БНХАУ, АНУ, Индонез, Филиппин зэрэг олон улсад ажилласан туршлагатай. Улаанбаатар хотод 2011, 2019, 2023 онд ирж, төсөл хэрэгжүүлэх судалгаа хийсэн. Өдөрт 1.5 сая гаруй хүн нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа нь BRT-д өндөр хэрэгцээ байгааг харуулж байна. Өргөн зам, зорчигчдын хэрэгцээ зэргийг харгалзан авч үзвэл Улаанбаатар хотод тусгай замын автобус нь нийтийн тээврийн хамгийн оновчтой шийдлийн нэг хэмээн бид үзэж байна” гэв.
Тусгай замын автобус төслийг Ард Аюушийн өргөн чөлөөнөөс Их хүрээний гудамж хүртэлх 12.7 км урт коридорын дагуу барина. Өдөрт 25-35 мянган зорчигч тээвэрлэх хүчин чадалтай. Буудлын тоо 17, зорчих дундаж хугацаа 15-20 минут, дундаж хурд 20-25 км/цаг байна. Төсөл хэрэгжсэнээр замын хөдөлгөөний дундаж хурд 12.6 хувиар нэмэгдэх юм. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор барилга угсралтын ажлыг 2026 оны дөрөвдүгээр сард эхэлж, 2028 оны эхээр ашиглалтад оруулах боломжтой гэж үзэж байна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.