Улс төр
Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы 2025 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, зээлийн зэрэглэл тогтоосноос зээлийн хүү бууруулах бодит нөхцөл байдал бүрдэнэ гэж хууль санаачлагч танилцуулж байсан. Тиймээс зээлийн хүү ямар шатлалаар буурах талаар тодруулахад УИХ-ын Э.Батшугар хариулахдаа, дэлхийн 28 орны туршлагыг судалж үзсэн. Тухайлбал, 2004-2019 оны хооронд зээлийн зэрэглэлээ тогтоосон улс орнуудаас харахад зээлийн хүү нь 3,2- 3,4 хувиар буурсан жишээ байна. Мөн Вьетнам улсын зээлийн хүү манайх шиг 18 хувьтай байснаа 12,14 хувь рүү буурсан байна. Банкны зээлийн хүүгийн бүтцийг задлаад 100 хувь гэж харахад 63 хувь нь эх үүсвэрийн, 15 хувь нь эрсдэлийн 12 хувь нь үйл ажиллагааны дотоод зардалд орж байна. Иргэн бүр онооны системд шилжвэл эрсдэлийн зардал буурна. Зээл судлах үйл ажиллагааг эрхэлдэг олон ажилтан байдаг. Онооны системд шилжихэд зээлийг судлах гэж олон өдөр хоног болох шаардлагагүй, тэр хэрээр зардал буурна. Энэ мэтчлэн банкны үйл ажиллагааны зардлууд буурч, зээлийн хүүг бууруулах боломжтой гэв.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл зээлжих зэрэглэлийг Монгол банкнаас гаргасан аргачлалын дагуу хэрхэн тогтоох, УИХ-ын гишүүн М.Мандухай зээлдэгчийн зээлийн мэдээллийн тогтолцоог хэрхэн сайжруулах, УИХ-ын гишүүн Н.Алтаншагай худалдаа эрхлэгчид өдрийн маш өндөр хүүтэй зээл авч байна. Өөрөөр хэлбэл, тэд сарын 10, жилийн 100 хувийн хүүтэй зээл авч мөнгө хүүлэгчдийн өгөөш болж байна. Энэ асуудалд хэрхэн анхаарах талаар асуулаа.
Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Э.Батгшугар, ажлын хэсгийн гишүүн, Монгол банкны дэд Ерөнхийлөгч Энхтайван нар гишүүдийн асуултад хариулав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Э.Батшугар, хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зээлийн мэдээллийг зөвхөн зээлдэгчийн чадавхийг үнэлэх зорилгоор ашиглана гэж заасан. Зээлдэгч зээлээ төлөөд явбал оноо нь өсөөд явна төлөхгүй бол буурна, эргээд төлөхөд дахин өсөх динамик горимд шилжихийг зорьж байна. Үүнийг дагаад чанаргүй зээлийн хувь буурна хэмээн үзэж байна гэв. Монгол банкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, Зээлийн мэдээллийн санд хэрэглэгчийн зээлээс гадна тухайн хэрэглэгчийн гэрээгээр хүлээсэн өр төлбөр, авлага ордог. Харин гар утасны зээл, хэрэглээний зардал зэргээ төлөөгүй бол муу зээлийн түүхэнд орж ангилагддаггүй. Тухайн хэрэглэгч нь хэрэглээний зардлаа төлж барагдуулахад төлөв нь хэвийн болно. Ер нь хар жагсаалт гэж байдаггүй. Зөвхөн зээл авсан, төлсөн, түүний нөхцөлийн талаарх мэдээлэл зээлийн мэдээллийн санд ордог юм. Иргэд хэт өндөр хүүтэй зээл авч, улмаар санхүүгийн дарамтад орж байна. Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулаад ажиллаж байна. Энэхүү хуулийн төсөлд өдрийн зээлийн дээд хязгаарыг тогтоосон заалтыг оруулсан гэв.
Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, богино эргэлттэй, өндөр хүүтэй мөнгө хүүлэх байдал газар авсан нь ажиглагдсан. Ирэх долоо хоногт Монгол банк болон арилжааны банкны удирдлагуудтай зээлийн хүүг бууруулах асуудлаар нээлттэй ярилцлага зохион байгуулна. Банкууд дэргэдээ Банк бус санхүүгийн байгууллага байгуулаад банкнаас арилжааны зориулалтай зээл аваад банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан иргэдэд хэрэглээний зээл хэлбэрээр өгч байна. 2024 онд банкуудаас Банк бус санхүүгийн байгууллагуудын авсан зээл 700 гаруй тэрбумд хүрчээ. Банкнаас жилийн 24 орчим хүүтэй авсан зээлээ иргэдэд олгохдоо 36-50 хувь хүртэл хүүтэй зээлж байна. Улмаар ломбардууд дахин илүү өндөр хүүтэй зээл олгох зэрэг иргэдэд санхүүгийн дарамт үзүүлж буй асуудлыг УИХ-ын түвшинд зохицуулах шаардлагатай гэж үзэж байна хэмээн мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Э.Болормаа, Б.Батбаатар нар хуулийн төслийг дэмжиж үг хэлсний дараа Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжих эсэх талаар санал хураалаа. Санал хураалтад оролцсон гишүүдийн олонх тус хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд орон даяар тэмдэглэж байна. Хүндэтгэлийн чуулга уулзалт Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 жилийн ойн баярын мэндийг Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс дэвшүүллээ.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улстай бүх талаар хамт байсан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ, Японы Хүүхдийг ивээх сан, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбоо, Гүүд Нейборс, Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын хүмүүнлэгийн бусад байгууллагууд, Элчин сайдын яамдад онцгойлон талархал илэрхийлээд Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байгааг онцлов.
1925 оны тавдугаар сарын 8 буюу 100 жилийн тэртээх энэ өдөр их зохиолч Дашдоржийн Нацагдорж 19 настайдаа “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г санаачилсан нь Монголын хүүхдийн төлөө байгууллага, хөдөлгөөний эхлэл болсон. Тиймээс Хүүхдийн байгууллага, хүүхдийн хөдөлгөөн бол шинэ Монгол Улсын соёл, гэгээрлийн үндэсний сэргэн мандалтын нэгэн давалгаа болсон.
Монгол Улс эх орны дайны хүнд бэрх он жилүүд буюу 1940-өөд оноос анхны хүүхдийн зусланг байгуулж, 1951 онд Хүүхэд залуучуудын театр, 1957 онд Залуу байгальчдын төв станц, 1958 онд Монголын пионер сурагчдын ордон, 1969 онд Хүүхэд залуучуудын парк, 1975 онд Залуу техникчдийн ордон, 1978 онд Олон улсын “Найрамдал” төв зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтуудыг хийсний зэрэгцээ өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшлийг “Бүх нийтийн үйлс” болгож, хойч үедээ анхаарал хандуулж байсан түүхтэй.
1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед өрнөсөн нийгмийн шилжилтийн нөлөөгөөр хүүхдийн байгууллага, хөдөлгөөний үйл ажиллагаа доголдсон ч төрөөс тавих анхаарал сулраагүй. Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орж, хүүхдийн эрхийг төрөөс хангах, хамгаалах үүрэг хүлээж, хүүхдийн төлөө үйл ажиллагааны үндэсний механизмыг бүрдүүлсэн. Улмаар 1995 онд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулж, 1996 онд анх удаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай болж, хүүхдийн үндсэн эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргийг Ерөнхий сайд цохон тэмдэглэв.
Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, шаардлагатай байгаа 200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг 2026 оны төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэхээр болсон.
Өнөөдөр бид хамтдаа хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн цогц ажлын төлөвлөгөөг олон улсын байгууллагуудтай хамтарч боловсруулах, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаагаар нэмэгдүүлэх, хүүхдийн төлөө байгууллагуудын хамтын ажиллагаа, ойлголцол, харилцан итгэлцлийн тогтолцоог сайжруулах, хүүхдийн оролцооны байгууллагыг чадавхжуулах, хүүхдийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон, хүүхдийн спортын цогцолбор, хүүхдийн урлагийн ордон, дөрвөн улирлын хүүхдийн зуслан, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг бүсчлэн байгуулах зэрэг олон асуудлыг эрэмбэлнэ.
Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд. Монголын ирээдүй болсон хүүхдийн төлөө зориулж буй сэтгэл зүрх, цаг хугацаа, хүчин зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тиймээс хүүхдийн хамгаалал, хөгжлийн хөрөнгө оруулалтын харилцааг оролцооны аргаар шийдвэрлэж, хүүхдийн төлөө байгууллагуудын их засвар, хүний нөөцийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх төлөвлөгөөг бас өнөөдөр хэлэлцэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцлов.
Хүүхэд бүр цэцэрлэгтэй, хүүхэд бүр сургуультай, хүүхэд бүр зуслантай, хүүхэд бүр хөгжлийн ордонтой байх ёстой. Үүний төлөө Засгийн газар, салбарын яам онцгойлон анхаарч ажиллаж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ үеэр хэлсэн үгэндээ тодотголоо.
2025 онд Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил төдийгүй НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсны 35 жил, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулсны 30 жил давхар тохиож байна.
Улс төр
Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийв.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд болон ОХУ-ын ард түмэнд Аугаа их Эх орны дайны ялалтын түүхэн 80 жилийн ойн баярыг мэндийг Монголын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс өргөн дэвшүүллээ.
Монгол Улс, монголын ард түмэн дайны эхний өдрүүдээс эхлэн “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” хэмээх урианы дор Зөвлөлтийн Улаан армид бүх талын буцалтгүй тусламжийг хүргүүлэхийн төлөө хичээн зүтгэж байсан нь Монгол, Оросын найрамдалт харилцааны түүхэн дэх хамгийн чухал үйл явдлуудын нэг байсныг түүхийн хуудаснууд харуулж буйг онцолж, Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн ёслолын жагсаалд оролцож буйг тэмдэглэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүний урилгыг хүлээн авч Москва хотноо хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Аугаа их Эх орны дайны хүнд жилүүдэд Монгол Улс, монголын ард түмэн Зөвлөлт Холбоот Улсад тусламж дэмжлэг үзүүлж байсныг ОХУ-ын төр засаг болон ард түмэн үргэлж өндрөөр үнэлж, чухал ач холбогдол өгч байдгийг тэмдэглэв.
Түүнчлэн, уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр логистик, аялал жуулчлал, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн асуудлаар санал солилцов.
Мөн Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч иж бүрэн стратегийн түншлэлийн зарчмаар тууштай урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа Төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэв.