Улс төр
Монгол Улс, Саудын Арабын хооронд амьд малын худалдааны чиглэлээр хамтран ажиллах санал солилцов

Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн яамны Амьтны эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээний газрын дарга Надер Мохлед Аль-Харби, Амьтны хорио цээрийн газрын захирал Салех Ал Саад тэргүүтэй төлөөлөгчид дөрөвдүгээр сарын 12-17-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж байна.
Төлөөлөгчид Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Махны холбоо зэрэг байгууллагуудтай хоёр талт уулзалт зохион байгуулав. Уулзалтаар мал эмнэлгийн тогтолцоо, мал, амьтны эрүүл мэнд болон амьд мал, тахианы өндөг Монгол Улсаас Саудын Арабын Хаант Улсын зах зээлд нийлүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Нийт 34.4 сая хүн амтай Саудын Арабын Хаант Улс нь жилд 10.0 сая орчим хонины халал мах импортолж, хүнсэндээ хэрэглэдэг бөгөөд “Хаж” буюу лалын шашинтнуудын их мөргөл үйлдэх жил тутмын ёслолд гадаад, дотоодоос 2-3 сая хүн оролцдог бөгөөд энэ үеэр ойролцоогоор хоёр сая хонь амьдаар импортлох хэрэгцээ үүсдэг талаар онцолж байлаа.
Иймд монгол малын эрүүл мэнд, мал эмнэлгийн үйлчилгээний тогтолцоо, хорио цээрийн арга хэмжээний талаар дээрх ажлын хэсэг судлахаар Монгол Улсад ажиллаж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Улс төр
ХЗБХ: Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг дэмжлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.04.16) хуралдаан гишүүдийн 63.6 хувийн ирцтэйгээр, 10 цаг 14 минутад эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжингээс 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Улсын Их Хурлын даргад өргөн барьсан Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Уг асуудлыг Байнгын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх үеэр Х.Тэмүүжин гишүүний саналын үндэслэлийг боловсронгуй болгох шаардлагын улмаас хойшлуулах санал гаргаж, үүнийг гишүүдийн олонх дэмжсэн юм. Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авсан тул өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явууллаа.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан асуудлаар гишүүн Улсын Их Хурлаас Цэцэд хүсэлт гаргах саналыг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлбэл уг асуудлыг Хууль зүйн байнгын хороо ажлын 14 өдрийн дотор хуралдаанаараа хэлэлцэж саналд дурдсан асуудал нэг бүрээр санал хураан нэгдсэн хуралдаанд санал, дүгнэлтээ оруулна” хэмээн заасныг Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хуралдаанд танилцуулаад санал хураалт явуулав. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан “Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн, албан тушаалтан, төр, олон нийтийн байгууллага Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлнэ” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй талаар Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 15 гишүүний 12 нь дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
“Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийн нээлт боллоо

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл доор зохион байгуулагдаж буй “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийн нээлт өнөөдөр /2025.04.16/ Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хөтөлбөрийг нээж хэлсэн үгэндээ, Олон улсад жендэрийн эрх, тэгш байдлыг хангахад чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх үйл ажиллагаа эрчимжиж, эмэгтэй эзэнтэй аж ахуйн нэгж, эмэгтэйчүүдийн жижиг бизнес эрхлэлттэй холбоотой нэр томьёо бизнесийн практик, эрх зүйн орчинд бий болж буйг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын хувьд 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг баталж хэрэгжүүлэн, салбар бүрд жендэрийн тэгш байдлыг хангахад анхаарал хандуулсаар ирсэн гэлээ.
Санхүү, эдийн засгийн их сургуулийн Зах зээлийн сургалт, судалгааны хүрээлэнгээс явуулсан судалгаанд эмэгтэй бизнес эрхлэгчдийн хувьд барьцаа хөрөнгийн дутагдал, санхүүгийн боловсролын сул байдал, бизнесийн сүлжээ, зах зээлийн хязгаарлагдмал байдал, жендэрийн хэвшмэл ойлголтууд, төрийн зүгээс бодлогын дэмжлэг, хууль, эрх зүйн орчин сул зэрэг нь тулгамдсан асуудал болсныг дурдаад, эдгээр хүндрэл бэрхшээлийг даван туулахад Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй “Бизнесийн салбар дахь эмэгтэйчүүд”, “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” зэрэг төсөл, хөтөлбөрүүд тодорхой үр дүн, ач холбогдлоо өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг болохын хувьд бүс нутагтаа туршлагаа түгээх, бүсийн хамтын ажиллагааг манлайлах боломжтойг Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ онцолсон.
Мөн уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Их Хурлын зүгээс эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжих, холбогдох хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага тавигдаж буйг тэмдэглээд, цаашид эмэгтэй бизнес эрхлэгчдийг анхаарч, бүхий л санал, санаачилгыг дэмжин ажиллахаа илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
Япон Улсын иргэн Асахифүжи Сүгиномори Сэйяаг Алтан гадас одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Монгол Улс, Япон Улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хүүхэд, залуучуудад сүмо бөхийн дэг жаяг, барилдааныг сурган дадлагажуулж, олон аварга тамирчдыг төрүүлж, соёл, спортын салбарт оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь үнэлэн Япон Улсын иргэн, мэргэжлийн сүмо бөхийн “Исэгахама” дэвжээний багш Асахифүжи Сүгиномори Сэйяаг Алтан гадас одонгоор шагналаа.
Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар өнөөдөр гардуулж баяр хүргэв.
“Исэгахама” дэвжээний багш Асахифүжи Сүгиномори Сэйяа нь Япон Улсын мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж, 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэргүүтэй бөхчүүдийн амжилтад тууштай дэмжлэг үзүүлж ирсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар шагнал гардуулсныхаа дараа “Исэгахама” дэвжээний багш Асахифүжи Сүгиномори Сэйяа, Япон Улсын мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарыг хүлээн авч уулзлаа.
Монгол, Японы ард иргэд хоорондын ган бат найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, найрсаг харилцааг улам бүр батжуулахад мэргэжлийн сүмо бөхийн спорт үнэтэй хувь нэмэр оруулж буйг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга тэмдэглэв.
Мөн сүмо бөхөөр хичээллэж, барилдаж ирсэн Монголын үе үеийн бөхчүүд, Их аваргуудыг амжилтад хүргэхэд чин сэтгэл, уйгагүй зүтгэлээ зориулж, хүүхэд залуучуудад Японы соёл, зан заншил, сүмо бөхийн ёс жаягийг таниулан сурталчилж ирсэн Асахифүжи Сүгиномори Сэйяа багшийн гавьяа зүтгэлийг онцоллоо.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар энэ оны 07 дугаар сард Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр болсон нь хоёр улсын харилцаанд түүхэн үйл явдал болно гэдгийг тэмдэглэв.
Асахифүжи Сүгиномори Сэйяа нь 1981 оноос сүмогийн дэвжээнд барилдаж, 1990 онд Ёкозүна цол хүртсэн бөгөөд 1992 онд зодог тайлсныхаа дараа “Исэгахама” дэвжээний багш /ояаката/-аар тасралтгүй ажиллаж байгаа юм. Мөн тэрбээр Монгол Улсад хэд хэдэн удаа ирж, сүмод сонирхолтой хүүхэд багачуудад мэдээлэл түгээж, сүмогийн спортод хөл тавихад нь тусалжээ.
-
Нийгэм21 цаг өмнө
Нийслэлийн ногоон бүсийн ойн санд түймэр гарчээ
-
Нийгэм22 цаг өмнө
ШУТИС-д сургалтын тоног төхөөрөмж, лабораторийг хүлээлгэн өгөв
-
Нийгэм21 цаг өмнө
Нийтийн эзэмшлийн зам талбайд эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан дугуйг цэгцэлнэ
-
Нийгэм21 цаг өмнө
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “20 минутын хот үзэл баримтлал”-ын төслийг танилцууллаа
-
Улс төр22 цаг өмнө
Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын ерөнхий төлөвлөлт, бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй газар дээр нь танилцлаа
-
Нийгэм23 цаг өмнө
“Хавдрын эсрэг үндэсний аян” Дорноговь аймагт нээлтээ хийлээ
-
Эдийн засаг24 цаг өмнө
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ
-
Нийгэм21 цаг өмнө
“Монгол бичгийн цахим бичвэр-IV” улсын уралдаан баасан гарагт болно