Улс төр
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development Board”-ийн тавдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөл, Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчлэлийн талаар хэлэлцэв.
Худалдан авах ажиллагааны хуулийн төслийн үзэл баримтлалыг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулав. Одоогийн хууль нь бага үнийн дүнгээр өрсөлдөж, чанаргүй худалдан авалтыг дэмжсэн буруу жишиг тогтсон тул цаашид чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно. Мөн байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийн шалгуурыг тендерийн үнэлгээнд харгалздаг болох, 10 тэрбум төгрөг хүртэлх төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад оролцоход баталгаа шаардахгүй. Ингэснээр тендер шалгаруулалтын 99 хувьд баталгаа гаргалгүй оролцох боломжтой болох өөрчлөлтийг тусгасан. Түүнчлэн төр өөрт байгаа мэдээллийг нэхэхгүй, худалдан авах ажиллагааг AI ашиглаж, цахимаар явуулна. Шүүхийн маргааныг олон улсын жишгийн дагуу хараат бус, дагнан байгуулсан зөвлөл олонхын зарчмаар шийддэг болгох талаар хуулийн төсөлд тусгасныг танилцууллаа.
Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гишүүд Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлтэй холбоотой саналаа хэлэв. Тухайлбал, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од хуулийн төсөлд хувийн хэвшлийн олон саналыг тусгасныг сайшаагаад төрийн худалдан авах ажиллагаанд цахимжуулалтыг сайжруулах шаардлагатай байгааг хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай эх оронч худалдан авалтыг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг сегментийг дэмжих зэрэг зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгтэй байгаа гэв. “Шунхлай Холдинг” ХХК-ийн Ерөнхийлөгч П.Батсайхан мега төслүүдийн өртгийн доод хэмжээг хуулийн төсөлд 36 сая ам.доллар гэж тусгасныг эргэн харах санал хэллээ.
Мөн тус зөвлөлийн хурлаар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд орох өөрчлөлттэй танилцлаа. Нийт зээлийн тал хувь нь чанаргүй болж, өрийн дефолт болох эрсдэлтэй байсан банк өнөөдрийн байдлаар 10 гаруй их наяд төгрөгийн өрөө төлж барагдуулжээ. 2023 оны 10, 12 дугаар саруудад 500.0 сая ам.долларын Евро бонд, 30.0 тэрбум йенийн Самурай бондын төлбөрийг хугацаанд нь барагдуулж олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ бие даан гүйцэтгэсэн юм. Цаашид Хөгжлийн банкийг экспорт, импортын баримжаатай банк болгож дүрмийн санг нэмэгдүүлэх санал дэвшүүлжээ. Эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлж, экспортыг дэмжих салбаруудыг онцолж, зорилтот зах зээлээ тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны зорилтот зах зээл нь сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, байгаль орчин, уул уурхай, тээвэр, логистик, боловсруулах үйлдвэрлэл гэсэн салбар болно. Ингэхдээ улсын төсвөөс 100 хувь эргэн төлөгдөх санхүүжилт хийхгүй бөгөөд төсөл санаачлагч 15 хувиа өөрөө хариуцдаг болно. Өмнөх алдаа дутагдлаа давтахгүйн тулд бүх зээл олголт, сонгон шалгаруулалтын мэдээллийг ил тод, нээлттэй болгох хуулийн төсөл боловсруулсан байна.
Хөгжлийн банкны хуулийн шинэчлэлтэй холбоотой Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гишүүд санал хэлэв. “Монголын эдийн засгийн форум” НҮТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Ганхуяг Хөгжлийн банкны эрсдэлийн удирдлагыг сайжруулах, засаглалын асуудлыг өөрчилж улс төрийн нөлөөллийг багасгах шаардлагатай байна. “M-Си-Эс Холдинг” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Оджаргал Хөгжлийн банкны төслүүдийг олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтарч санхүүжүүлбэл хяналт сайжирна гэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны хуулийн төсөлд хувийн хэвшлийн санал маш чухал гэдгийг дурдаад, экспорт импортын баримжаатай ЭКСИМ банк болгохыг Засгийн газар дэмжсэн, удахгүй хуулийн төслийг УИХ-д өргөн барина гэв. Мөн эдийн засаг, санхүүтэй холбоотой асуудал Эдийн засгийн хөгжлийн зөвлөлөөр яригдаж, дараа нь УИХ, Засгийн газрын түвшинд хэлэлцэгдэж байгаа нь зөв жишиг болж байгааг онцлов. Дараагийн Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн хурлаар нийгмийн даатгал, татвартай холбоотой асуудлыг цогцоор нь хэлэлцэхээр төлөвлөлөө.

Улс төр
Монгол, Ираны Гадаад харилцааны яам хоорондын II зөвлөлдөх уулзалт болов

Монгол, Ираны Гадаад харилцааны яам хоорондын II зөвлөлдөх уулзалт 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Исламын Бүгд Найрамдах Иран Улсын нийслэл Техран хотноо боллоо.
Зөвлөлдөх уулзалтыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг болон Ираны Гадаад хэргийн туслах сайд, Зүүн Ази, Далайн орнуудын газрын Ерөнхий захирал Али Асгхар Мохаммеди нар ахлав.
Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг өнө эртний түүхэн холбоотой Монгол, Ираны уламжлалт найрсаг харилцаа тогтвортой хөгжиж ирснийг тэмдэглээд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал, мэдээлэл солилцов.
Талууд сүүлийн жилүүдэд хоёр улсын худалдааны эргэлт нэмэгдэж байгааг тэмдэглэж, цаашид Монгол Улсаас Иран Улсад “Халал” аргаар бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүний экспортын тоо хэмжээг нэмэгдүүлэх эрмэлзэлтэй буйгаа илэрхийлэв.
Түүнчлэн Ил Хаант Улсын түүх, соёлыг судлах ажил 2014 оноос хойш амжилттай хэрэгжсэнийг онцолж, хоёр орны ард иргэдийн найрамдал, нөхөрлөл, харилцан ойлголцлыг бататгах, түүх, соёлын дурсгалт өв болон биет бус өвийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж, хамтарсан судалгааны ажлыг үргэлжлүүлэх нь чухал болохыг тэмдэглэв.
Зөвлөлдөх уулзалтын хүрээнд Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Ираны Эдийн засгийн асуудал хариуцсан Гадаад хэргийн дэд сайд Сайед Расоол Мохажер, Ираны Үндэсний музейн удирдлагуудтай тус тус уулзалт хийв.
Хоёр улсын хооронд 1971 оны 05 дугаар сарын 20-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд ирэх жил 55 жилийн ой тохиож байна.
Улс төр
ТББХ: Төрийн албаны зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны тавдугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ.
Төрийн албаны зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны талаар тус зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн танилцуулсан юм.
Төрийн албаны зөвлөл 2024 онд төрийн албаны шинэтгэлийн бодлого, стратеги, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийн чиглэлээр болон төрийн албан хаагчийн сургалт, нийгмийн баталгааны хөтөлбөр, төрийн албаны үйл ажиллагаанд хэрэгжиж байгаа хөтөлбөр төслийн хүрээнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж ажилласныг тэрбээр мэдээллийнхээ эхэнд онцлов. Монгол Улсын урт болон дунд хугацааны бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой зүйл заалт, зорилтуудын биелэлтэд хянан шинжилгээ, үнэлгээг хийсэн байна. Хяналт шинжилгээ, үнэлгээний нэгдсэн дүн 55-71 хувьтай гарсан бөгөөд улсын хөгжлийн бодлого, дунд хугацааны бодлого болон төрийн албаны хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан төрийн албаны үйл ажиллагаатай холбоотой зорилтуудын биелэлт санасан хэмжээнд хэрэгжихгүй байна гэж үзэн хяналт шинжилгээ хийжээ. Нийт 26 арга хэмжээний 20,7 хувь нь үр дүнтэй хэрэгжиж байна, 71 арга хэмжээ тодорхой үр дүнд хүрсэн, 24 нь эрчимжүүлэх шаардлагатай, 5 арга хэмжээ буюу 3,9 хувь нь үр дүн нь тодорхой хэмжээнд дүгнэгдээгүй гэсэн үнэлжээ. Үүний шалтгаан нөхцөл нь төлөвлөлтийн суурь судалгааг хангалттай хийдэггүй, тооцоолол буруу, төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхдээ үндсэн шалгуур үзүүлэлтэд нь нийцүүлэн шаардлагатай төсөв баталдаггүйтэй холбоотой байна гэж дүгнэсэн байна
Төрийн албан хаагчдын сургалт, нийгмийн баталгааны хөтөлбөр нь төрийн байгууллагуудын хувьд хамгийн чухал хөтөлбөрийн нэг бөгөөд үүнд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж үзэхэд ийм хөтөлбөртэй байгууллага цөөхөн байжээ. 44 байгууллага Төрийн албаны зөвлөлд материал ирүүлснээс 35 нь албан ёсны хөтөлбөртэй, хөтөлбөрийн биелэлт улсын хэмжээнд 72,1 хувийн гүйцэтгэлтэй гарсан гэв.
Төрийн албаны чадавхыг бэхжүүлэх чиглэлээр дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, санхүүжилтээр олон төсөл хөтөлбөрүүд хэрэгждэг байна. Энэ төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд ерөнхийд нь судалгаа хийж, давхардал хийдэл байгаа эсэх, үр нөлөөг нь дээшлүүлэх талаар зөвлөгөө үйлчилгээ үзүүлж ажиллажээ. 2021 оноос хойш төрийн байгууллагуудад хэрэгжсэн төслүүдийн судалгаануудыг нэгтгэж авч үзэхэд нийт 225 төсөл, хөтөлбөрийн 21 хувь нь улсын төсвийн санхүүжилтээр, бусад нь гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн байна. Нийт төслийн 39 хувь нь дууссан, 60,1 хувь нь хэрэгжиж буй бөгөөд төсөл хөтөлбөрүүдийн нийцэл, улсын хэмжээнд хэрэгжиж чадаж байна уу гэдэг асуудал гарч байгаа учраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт уулзалт зохион байгуулж, найман төрлийн зөвлөмжийг хүргүүлсэн гэлээ.
2024 онд бүх яам, агентлаг Засаг даргын Тамгын газрын бүтэц, зохион байгуулалтад хяналт шалгалт явуулж, чиг үүрэг бодит байгаа эсэх, албан тушаалын тодорхойлолт хийгдсэн эсэхэд хяналт шалгалт явуулж, алдааг засуулах ажлуудыг хийжээ. 21 аймгийн Засаг даргын Тамгын газарт 2024 онд очиж ажиллан мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, 51 байгууллагын 4695 албан тушаалын тодорхойлолтыг хянасан гэлээ.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 5000 гаруй төрийн байгууллагын 14 мянган албан хаагчдад хүрч ажиллажээ. 2024 онд бүх аймаг, яам, агентлаг, нийслэлийн дүүргүүдэд очиж ажиллан хуульд заасны дагуу мэргэжил арга зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлж ажилласан бөгөөд үүний үр дүнд сул орон тооны сонгон шалгаруулалтын захиалга өнгөрсөн оноос 53 хувиар буурсан гэсэн мэдээллийг өгсөн. Сонгон шалгаруулалтын захиалгаа өгөхөөс эхлээд алдаа мадаг их гардаг байсныг Л.Цэдэвсүрэн дарга тодотгоод, сонгон шалгаруулалттай холбоотой өргөдөл гомдол, томилгооны зөрчлийн тоо өмнөх оноос 16,6 хувиар буурсан гэлээ.
Хууль тогтоомжид өөрчлөлт ороогүй байхад бүтэц, зохион байгуулалт, албан тушаалын тодорхойлолтыг өөрчилдөг байсан зөрчлүүд ерөнхийдөө арилж, өмнөх оноос энэ зөрчлийн тоо 40 хувиар буурлаа гэв. Төрийн байгууллага, албан хаагчдын бүртгэлийг цахимжуулах, ялангуяа төрийн албан хаагчид өөрийнхөө хувийн хэргийн бүртгэлийг цахимаар шалгах боломжийг нь нээснээрээ тоон мэдээлэл болон цахим системийн үйл ажиллагаанд үр дүн гаргасан гэдгийг дурдсан.
Тэрбээр, хууль тогтоомжийн хэрэгжилт болон чадахуйн зарчмын хэрэгжилтэд аудит хийсэн гэсэн мэдээллийг өгсөн. Мөн төрийн албаны ерөнхий болон тусшай шалгалт, төрийн албан хаагчдын тоо бүртгэл, боловсролын түвшин, хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцооны цахим систем, маршаан шийдвэрлэх үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, Төрийн албаны үйл ажиллагаа харьцангуй сайн байгаа хэмээгээд, цаашид тайланд үнэлгээ хийдэг байгууллагуудын аргачлалуудыг нэгтгэхэд анхаарах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн С.Зулпхар, Төрийн албан хаагчдын сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөр баталж хэрэгжүүлнэ гэж хуульд заасан. Жил бүрийн тайлангаас харахад цөөн байгууллага ийм хөтөлбөр баталж хэрэгжүүлсэн байдаг. Гэхдээ нөөц хязгаартайгаас болоод болоод хэрэгжүүлж чаддаггүй юм байна. Цаашдаа нэгдсэн хөтөлбөртэй байх нь зүйтэй гэсэн зөвлөмжийг Төрийн албаны зөвлөлөөс гаргажээ. Ямар үндэслэлээр ийм байр суурь илэрхийлж байна вэ хэмээн асуусан.
Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн, Засгийн газар төрийн албан хаагчийн нийгмийн баталгааны нэгдсэн хөтөлбөрийг батлах ёстой. 2024 онд хяналт, үнэлгээ хийхэд Засгийн газар хөтөлбөрөө албан ёсоор батлаагүй байсан. Засгийн газар хөтөлбөрөө батлаагүй бол төрийн байгууллагуудын баталсан хөтөлбөрүүдэд нь хяналт шинжилгээ, үнэлгээ хийж үзье гээд бүх төрийн байгууллагууд руу хандахад 44 байгууллага хөтөлбөрийнхөө талаар мэдээлэл ирүүлснээс 35 нь өөрийн гэсэн хөтөлбөртэй, бусад нь үйл ажиллагааны төлөвлөгөөндөө албан хаагчдаа сургана, хөгжүүлнэ, нийгмийн баталгааг нь хангана гээд тусгасан байсан. Тэгээд бид Засгийн газарт зөвлөмж чиглэлээ өгөхдөө нэгэнт хуульд заасан учир Засгийн газар нэгдсэн журмаар хөтөлбөрөө батлах нь зөв. Үүний дараа бусад төрийн байгууллагууд дэд хөтөлбөрүүдээ батлах нь зүйтэй гэж тусгасан. Хэдийгээр төрийн байгууллагууд хөтөлбөрөө баталдаг ч төсөв байхгүйгээс болоод хэрэгжилт нь туйлын хангалтгүй байна гэж үзсэн гэсэн хариулт өгсөн юм.
УИХ-ын гишүүд мэдээлэл технологийн чиглэлээр төрийн албанд сайн мэргэжилтнийг ажиллуулах гэхээр цалин хөлстэй холбоотой үүсдэг асуудлын талаар, төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт, төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтын талаар тодруулж, байр сууриа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв

Улсын Их Хурлын даргын 2024 оны 82 дугаар захирамжаар байгуулагдсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс 2025 оны тавдугаар сарын 05-ны өдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Батлут чиглүүлж, Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэг, С.Замира, М.Бадамсүрэн, Ж.Батжаргал болон Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-уудын холбогдох албан тушаалтнууд, үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл оролцов.
Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Батлут хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ ажлын хэсгийн үйл ажиллагааны явц, орон нутагт ажилласан талаар болон өнөөдрийн хэлэлцүүлгийн хөтөлбөр, дарааллын талаар танилцууллаа.
Үүний дараа Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ахлах шинжээч Э.Сугарбаяр холбогдох хуулийн судалгаа, үр дүнгийн талаар мэдээлэл өгч, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан байгууллагынхаа чиг үүрэг, үйл ажиллагаа болон олгож буй зээлийн талаар танилцуулав.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас гадна тоног, төхөөрөмжийг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх, НӨАТ-ын босгыг нэмэгдүүлэх, бизнес инкубацийн үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг борлуулалтаар дэмжих стратеги боловсруулах, орон нутагт ахуйн үйлчилгээний төв, сумдад ахуйн үйлчилгээний цэгийг байгуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Хэлэлцүүлэг санал асуулгаар үргэлжилсэн бөгөөд жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжийн төлөөллөөс тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар хүсэлтээ илэрхийллээ. Тухайлбал, сангуудыг хөрөнгөжүүлэх, дүүргээс жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санхүүжилт хүртээмжгүй байгааг онцлон хэлэв. Түүнчлэн экспортын бодлого, төлөвлөгөө гаргаж, төрөөс санхүү болон бодлогын дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Томоохон төслүүдийн хүртээмжийн асуудлаас гадна эргэлтийн хөрөнгө бага байгааг хэлж байна.
Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Батлут хэлэлцүүлгийн төгсгөлд “Өрхийн бичил бизнес эрхлэгчдийн асуудалд анхаарал хандуулж, тодорхой зохицуулалтуудыг тусгах шаардлага бий. Цаашид худалдан авалт болон татварын хөнгөлөлт үзүүлэх асуудлаар хуульд өөрчлөлт оруулна. Экспорт болон дотоодын худалдан авалтыг хангах, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд төрөөс дэмжлэг үзүүлэх чиглэлээр бүхий л талаас нь бодолцож эрх зүйн орчныг сайжруулахаар ажлын хэсэг ажиллаж, холбогдох судалгааг хийж байна” гэлээ. Ингээд оролцогчдод талархал илэрхийлж, эрх зүйн орчныг сайжруулахтай холбоотой саналуудаа ажлын хэсэгт ирүүлж, хамтран ажиллахыг хүслээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Эдийн засаг5 цаг өмнө
Монгол Улсын гадаад валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрчээ
-
Улс төр8 цаг өмнө
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв
-
Нийгэм7 цаг өмнө
“Чингис хаан” онгоцны буудал руу явах автобусны үнэ тариф
-
Нийгэм8 цаг өмнө
“Хамрын таславч тэгшлэх, хамрын амьсгал сэргээх” мэс ажилбарыг амжилттай хийжээ
-
Улс төр8 цаг өмнө
Ц.Баатархүү: Гадаадад буй монголчууд цахимаар саналаа өгөх боломжийг судлаж байна
-
Нийгэм9 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1360 болжээ
-
Нийгэм8 цаг өмнө
Байлдааны зориулалттай 1500 ширхэг сумыг хууль бусаар олж авч, худалдаалах гэж байжээ
-
Нийгэм6 цаг өмнө
“Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгаалал” төсөл2 хэрэгжүүлж байна