Эдийн засаг
Монголын эдийн засгийг тодорхойлох ТАВАН ЗҮЙР ЦЭЦЭН ҮГ

Эдийн засгийн зарим ойлголт бидэнд нарийн төвөгтэй мэт санагддаг. Хэзээ унаж, хэзээ өсөх нь таамаглахад бэрх. Харин тухайн үзүүлэлтүүдийн явдаг жим, замыг нь ойлгосон үед сая тааварлахад арай дөхөм болно. Тиймээс тус онцлогийг нь ойлгох үүднээс зүйр цэцэн үгээр илэрхийлье.
ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ
“Хавар хачиг намар өег”
Манай эдийн засаг зэс, нүүрсний үнийн өсөлт, бууралтаар илэрхийлэгддэг. 2008 оны их хямралын дараа таваарын зах зээл сэргэж, “Оюу Толгой” ч ашиглалтад орсноор дэлхийн хамгийн өндөр өсөлттэй орнуудын толгойд явж байв.
Харин 2014 оноос хойш нөгөө чулууны үнэ буурч, өр ширийн дарамтад орж бараг дампуурах шахсан. 2016 онд нүүрсний үнэ сэргэж, өрийг өрөөр дарж сая нэг эдийн засаг маань амьсгалах хэмжээнд хүрэв. Одоо бидэнд бүрэн амьсгал авч, хүссэнээрээ хөдлөх 2-3 жил байна. 2022 оноос төсвийн орлогын 40 хувьтай тэнцэхүйц гадаад зээлийн эргэн төлөлт биднийг хүлээж байгаа. Мөн тухайн үед түүхий эдийн үнэ унах хандлагатай байгаа зэрэг нь хүнд жилүүд ирж байгааг илтгэж байна.
График 1, Эх сурвалж: ҮСХ


ИНФЛЯЦ
“Муу нэрийг хусавч арилдаггүй. Сайн нэрийг хүсэвч олддоггүй”
Ерээд он гарснаар инфляц 324 хувьд хүрч байсан удаа бий. Түүнээс хойш чөлөөт зах зээлийн системд шилжсэн улсад инфляц гэж ийм хортой зүйл байдаг гэдгийг ард иргэд маань яс махаараа шингэтэл ойлгож авав. Хэдийгээр сайн, муугаар дуудуулж ирсэн ч сүүлийн 9 жилд дунджаар 8.5 хувьтай буюу 1 оронтой тоонд байна. Ирэх хоёр жилд төсвийн тэлэх бодлого хэрэгжихээр байгаа нь инфляци хоёр оронтой тоо руу орох эрсдлийг бий болгож байгаа юм. Инфляцийн өсөлт бол иргэдийн орлогоос шууд хумсалдаг хамгийн хортой зүйлийн нэг. Инфляцийн өсөлтийн нөлөөнд эмзэг давхарга, ядуу өрх, дундаж өрх хамгийн их өртдөг жамтай.
График 2, Эх сурвалж: ҮСХ


АМ.ДОЛЛАРЫН ЭСРЭГ ТӨГРӨГИЙН ХАНШ
“Алтаар алтдавч өнгө орохгүй, амтатныг идүүлэвч тэнхрэхгүй”
Төгрөгтэй харьцах ам.долларын ханш байнгын л өсөх чиглэлд хөдөлж байдаг. Сүүлийн 10 жилд гэхэд ам.долларын ханш манайд 113 хувиар өсчээ. Эдийн засаг сайн байсан ч, валютын нөөц хангалттай байсан ч долларын ханш улам л чангарсаар түүний эсрэг төгрөг улам суларсаар байна. 2011 онд эдийн засгийн өсөлт 17.3 хувьд хүрч, дэлхийн хамгийн өндөр өсөлттэй эдийн засгуудын нэг байх үед валютын их хэмжээний орох урсгал бий болсноор ам.долларын ханш унаж байжээ. Гэтэл өнгөрсөн гурван жилд тийм зүйл болсонгүй. Алт, валютын нөөцөө нэмэгдүүлээд байхад тусыг эс олов. Энд бодлогын ямар нэгэн алдаа байгаа нь харагдсаар л байна.
График 3, Эх сурвалж: ҮСХ


УЛСЫН ТӨСӨВ
“Хэлж өгөвч чих нь цоорхой, хийж өгөвч сав нь цоорхой”
Манай төсөв эдийн засгийн сайн, муу бүх жилд л алдагдалтай байдаг. 2008-2017 оны хооронд төсөв маань дандаа алдагдалтай явж ирсэн. Азаар нүүрсний үнэ өсч, 2018 оноос төсөв ашигтай гарсан билээ. Сүүлийн 18 жилд манай төсвийн орлого 30 дахин томорчээ. Гэвч төсвийн алдагдал буурахгүй байгаа нь төсвийн үр ашиггай байдал муу байгаагийн илрэл.
График 4, Эх сурвалж: ҮСХ


ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
“Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй”
Гадны шууд хөрөнгө оруулалт ирсэн шигээ гараад л явна. Тэдэнд бидний ямар байдалтай үлдэх, яах нь огтхон ч хамаагүй. Харин бид энэ үе дээр нь нөгөө гоё СОЛОНГО гэх мэт үгээ хэрэглээд, эдийн засгаа төрөлжүүлэх ажлаа хийх хэрэгтэй. 2012 оноос хойш манайд хийгдсэн ГШХО нь эдийн засгийн өсөлттэй нягт уялдаатай болохыг харж байна.
Цаашид ч бидэнд энэ хамаарлаас гарахад хэцүү байх болно. Угаас л аж үйлдвэржсэн орнууд хөгжиж буй орнуудаас түүхий эдээ авах замаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Харин бид бүтээгдэхүүнийг нь эргээд өндөр үнэтэй худалдаж авдаг.
График 5, Эх сурвалж: Монголбанк, ҮСХ



Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.