Нийгэм
Ч.Даариймаа: Нийлэг уут борлуулж буй иргэд, аж ахуйн нэгжийн уутыг зөвхөн хураах арга хэмжээ авч байна

Хүн худалдаж авсан нэг ширхэг гялгар уутыг ердөө 12 минут л ашигладаг ба хүмүүсийн хэрэглээд хаясан нийт уутны гуравхан хувь нь л дахин боловсруулагддаг. Түүнчлэн дэлхий дээр нэг л өдөрт хаягдаж буй нийт хог хаягдлын 30 хувийг гялгар уут дангаараа эзэлдэг байна. Үүнээс болж далай, тэнгис дэх амьтад олон мянгаараа үхэж, хуванцрын бохирдолд орсон уснаас бид эргүүлэн өөрсдөө хэрэглэж байгаа нь дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болоод байгаа билээ.
Тэгвэл манай улсын Засгийн газраас гаргасан “Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох” шийдвэр хэрэгжээд арав гаруй хоног болжээ. Гэвч энэхүү шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа эсэх, нэг удаагийн нийлэг хальсан уут гэх тодотголд яг ямар уутыг хэлж байгаа зэрэгт олон нийтийн дунд төөрөгдөл үүсээд буй дүр зураг ажиглагдаж байна.
“Нийлэг уут” гэх тодотголд 0.035 мм буюу 35 микроноос нимгэн нэг удаагийн хэрэглээний нийлэг уут багтах ба эхний ээлжид зах худалдааны төвүүдэд өргөнөөр хэрэглэдэг, иргэдэд үнэ төлбөргүй хүнс бараа савлаж өгдөг уутнууд буюу та бидний хэлж заншсанаар “10-ын” уут, цэнхэр, улаан судалтай уутны хэрэглээг хориглож байна гэсэн үг юм.
Тэгвэл үүнтэй холбогдуулан бид энэхүү шийдвэрт хэрхэн хяналт тавьж, зохицуулж байгаа болон иргэд, аж ахуйн нэгжүүд хэрхэн мөрдлөгө болгож буй талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тодруулсан юм.
НМХЕГ-ын Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ч.Даариймаа “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох” шийдвэрийн хэрэгжилтэд хүнсний эрүүл ахуйн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтаар хяналт тавин ажиллаж байна.
Одоогийн байдлаар бид зөрчил илэрсэн тохиолдолд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.7-д зааснаар “Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, шаардлагатай зүйлийг ариутгах, хоргүйжүүлж цэвэршүүлэх, тухайн барилга байгууламж, машин, тоног төхөөрөмжийн ашиглалтыг зогсоох, холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах буюу зохих шаардлагад харшлахгүй бол өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргах, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх” гэсэн заалтын дагуу “нийлэг” уут борлуулж буй иргэд, аж ахуйн нэгжийн уутыг зөвхөн хураах арга хэмжээ авч ажиллаж байна.
Үүнээс өөрөөр иргэдийг торгох, үйл ажиллагааг нь зогсоох зэрэг талаар ямар нэгэн хуулийн зохицуулалт хараахан гараагүй байгаа бөгөөд тус зохицуулалтыг Зөрчлийн тухай хуульд нэмж оруулах хүсэлтийг бид гаргаад байна. Одоогийн байдлаар бид иргэдэд нийлэг уутыг хэрэглэхгүй байх “хэвшил” суулгахаар ажиллаж байна” хэмээлээ.
Мэргэжлийн хяналтын байцаагчид энэхүү шийдвэрт хяналт тавихын тулд микрометр багаж хэрэглэж байгаа бөгөөд энэхүү SHANGSHEN загварын микрометр багаж нь овор багатай, байцаагч нар өдөр тутам авч яваад хэрэглэх боломжтой бөгөөд 0-25мм зузааныг 0.001 нарийвчлалтай хэмждэг аж.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.