Бусад
Ууртай уцаартай хүүхэдтэйгээ хэрхэн харилцах вэ

Хэрэв таны хүүхэд:
2-3 настай бол 7 ХОНОГТ 9-10 удаа
3-4 настай бол 6-7 удаа
4-5 настай бол 5-7 удаа
5-6 настай бол 4 удаа дунджаар цочир уурлах нь хөгжлийн хэвийн үе шат гэж үздэг. 4 хүртэлх насанд уур бухимдлаа хянаж, зөв удирдаж сураагүй тул шууд илэрхийлдэг. Шууд илэрхийлэх нь ч зөв.
Харин ийнхүү уурлах үед нь таны гаргах хандлага цаашдын биеэ хянах үйлд нь чухал нөлөөтэй. Хүүхэд уурлах, бухимдах, аашлах нь дундаж тооноос их бол:
�� Унтлагын цагийг тогтмол болгох. (21:00-21:30 хамгийн тохиромжтой)
�� Орчин нь солигдох, шинэ хүн нэмэгдэх бол урьдчилан сайн тайлбарласан байх. (Цэцэрлэг солих, сургуульд орох, багш, асрагч солигдох, дүүтэй болох, хойд аав ээж)
�� Хүүхдийнхээ дэргэд хоорондоо маргалдахгүй байх (Үргэлж хүүхдийнхээ дэргэд хэрэлдэж муудалцдаг гэр бүлд өссөн хүүхдүүдийн 75% нь бүрэг ноомой хэрнээ цочмог ууртай болдог байна)
�� Хүүхдэдээ өдөр бүр 20 минут чанартай цаг гаргах (Хамтран тоглох, ярилцах, биед нь болон нуруунд нь иллэг хийж өгөх, хамтран зураг зурах, бөмбөлөг үлээх)
�� Хүүхдийн дотоод эрчим хүч маш их байдаг. Энэ эрчмээ шатаах боломж олгож 7 хоног бүр тогтмол задгай чөлөөтэй газарт салхилах, гүйлгэх (Сүхбаатарын талбай, цэцэрлэгт хүрээлэн, Скай резорт г.м заавал хөдөө, хол байх албагүй)
�� Хүүхдэд боль, болохгүй гэж бага хэлэх (Олон удаа болохгүй гэж сануулсан зүйлсийг тань оролдоод байвал таны анхаарал, халамж, тэврэлт хэрэгтэйг илэрхийлж байж болох магадлал 80%)
�� Ямар ч үед өөрт нь сонголт хийх боломж олгож саналыг нь сонсох ( Өнөөдөр цагаан цамц уу, цэнхэр нь үү г.м )
�� Хэмжээ хязгаар тавьж өгөх (Дэлгүүрт орохын өмнө тохиролцохдоо дуртай амттанаас чинь хоёрыг л авна, хүүхэлдэйн киногоо үзэж дуусаад шууд зурагтаа унтраана, гадаа талбайд хашаанаас гарахгүй тоглоно г.м урьдчилан тохиролцох)
�� Уурласан үед нь гар хүрч, уур бухимдлаа гаргалгүй тэвчээртэй байх. Хүүхэд өөртэйгөө ижил санаа бодлыг мэдрэх үедээ амархан тайвширдаг. Тиймээс та “Тоглоомыг чинь дүү нь булаачихсан уур нь хүрчихсэн үү, аргагүй дээ ээж нь ч бас уурлах л байсан. Уурлаж дуусаад хэлээрэй, ээж нь тэврэхэд бэлэн хүлээж байя” г.мэтээр өөрийнх мэдрэмжийг ойлгож харилцаарай.
Заа аав, ээжүүд минь хичээгээрэй. Хүүхдээ уурлах үед хүчээр таслах биш өөрөө уураа зохицуулж, сэтгэлээ тайвшруулах хүртэл тэвчээртэйгээр дэмнэх, хүлээх хэрэгтэй шүү. Аав ээж таны ТЭВЧЭЭР, ХҮЛЭЭЦТЭЙ БАЙДАЛ маш чухал.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.