Бусад
Хайр бол авахын нэр биш, өгөхийн нэр

Өгч байж л авах боломжтой. Ерөөсөө өгөхгүй зөвхөн авах л гээд байвал та удахгүй ялзарна шүү. Сэлгээгүй нуур өмхийрдөг юм. Өгсөнөөр л буцаад авах боломж олддог. Орох зай гардаг. Эс бөгөөс чи дэлбэрнэ шүү.
Та амьсгалаа гаргахгүй аваад нэг үз л дээ. Амьсгалаа битгий гаргаарай. Дахиад улам гүн амьсгал ав даа. Ямар байна? Хир удаан тэсэх бол? Дэлбэрэх гээд тэсэхийн аргагүй байгаа биз? Тийм ээ, амьсгалаа гаргасанаар л авах боломж олдож байгаа юм шүү дээ. Та өгөхгүй авах гээд л байвал та нэг л өдөр дэлбэрч магадгүй шүү. Дэлгүүрт ороод мөнгөө төлөлгүй юм аваад гарах гээд үз л дээ, яах бол? Өгч байж л авдаг. Мөнгөө төлж байж л юм худалдаж авдаг. Ажил хийж байж л та цалин авдаг. Хайрлаж байж л та хайр хүлээн авдаг. Амьдрал бол өглөг авлага л юм. Энэ жамыг л дага. Хүмүүн төрөлхтөн энэ жамыг алдагдуулснаар л дайн дажин, хэрүүл тэмцэл, зовлон шаналал дуусахгүй байгаа хэрэг. Хорвоогоор дүүрэн гарлагын үүдээ гангуулж орлогын үүд хаалгаа авч хаяад ямарч хаалгагүй байнга нээлттэй арктай болох гэсэн хүсэлтэй хүмүүс байна. Энэ чинь боломжгүй. Хорвоо дээр чи л ганцаараа амьдарч байгаа биш шүү дээ. Гарч байж л юм ордог юм. Гаргахгүй оруулаад л байвал танайх бүр дүүрч өөрөө ч алхах газаргүй болчихно шүү.
Жинхэнэ өглөг
Бид өгөхдөө чинь сэтгэлээсээ өгөх нь ховор. Заавал нэг ашиг харж байж өгөх гэнэ. Би өгч байна, өглөө шүү, хараа биз гэж бусдад зарална. Зурагтаар гарч хэвлэл мэдээллээр өгснөө гайхуулна. Бага чулуугаар их чулуу цохих гэж өгнө. Өгөхгүй бол муугаар хэлнэ гэж нэрээ хамгаалж өгнө. За яахав үүнийг чамд өгье дараа чи надад туслаарай гэж барьцаалж өгнө. Заримдаа татваганаж татваганаж жаахан юм дусаасан болно. Өгснийхөө дараа нэхэл дагуул хийж байгаа бол та ашиг харж өгч. Өгсөн жагсаалт гаргаж суугаа бол та нэр алдар горилж өгч. Харамсаж байгаа бол харин та харамлаж өгч. Нэр алдар хүсч өгөх, ашиг горилон өгөх, далд санаа агуулж өгөх, харамлаж өгөх, тусалснаараа гайхуулах зэрэг нь бүгдээрээ жинхэнэ өглөг биш. Жинхэнэ өглөг бол ямар ч хариу горьдохгүй чин сэтгэлээсээ туслахыг хэлнэ. Бид ингэж өгч чаддаггүй. Яалтачгүй өгөх байдал үүсэхэд хүртэл хүний нохой идэхээр өөрий нохой ид гэж өгч байгаа тустайгаа зууралддаг. Дахиж уулзах үгүй нь эргэлзээтэй танихгүй хүнд өгчихөөр тусаа ор сураггүй явуулчихаж байгаа юм шиг санагдаад таньдаг нэгэндээ тусалж, уулзах болгондоо тусаа эргэж тойрох хүсэл сэтгэлийн гүнд нь байдаг. Тусынхаа араас чаргууцалдаж байгаа бүхэн жинхэнэ өглөг биш. Чин сэтгэлээсээ тусласан үед тусынхаа араас сураг ажиг тавих гэхгүй зүгээр л чиний дотор баяр хөөр төрөөд л өнгөрдөг юм.
Өгснөө л эргүүлж авдаг
Та энэ ертөнцөд хэрүүл тэмцлийг өгвөл хариуд нь хэрүүл зөрчилдөөн л танд ирнэ. Бусдыг дээрэлхвэл өөрөө хэзээ нэг цагт дээрэлхүүлнэ. Бусдыг хохироовол өөрөө хаа нэгтэй хохирно. Тусч өгөөмөр байвал бусдын хайр хүндлэл танд ирнэ. Бусдыг хайрлавал буцаад хайр чамд ирнэ. Та юу өгнө түүнийгээ л эргүүлж авна. Хараал цүхэлийн хариуд хайр халамж ирэх боломжгүй. Хайр халамжийн хариуд хараал цүхэл ирэх нөхцөлгүй. Та энэ ертөнцөд юу түгээнэ. Түүнийгээ л эргүүлж авдаг. Хир их бусдад туслана, тийм л тус бусдаас танд ирнэ. Хэдий чинээ бусдад талархана төдий адил талархлыг та хүртэнэ. Юу өгнө түүнийгээ л буцааж авна. Хир их өгнө тэр хэмжээгээр л хүлээж авна. Та юу авахыг хүсч байна? Яг тэр хүсч байгаа зүйлээ л бусдад өгөөд бай. Хэрүүлийг хүсч байгаа бол хэрүүлийг л өг. Хайрыг авмаар байгаа бол хайрыг л түгээ. Байнга хэрүүл хийж яваа нэгнийг хэрүүлийг л даллан дуудаж байна гэж ойлго. Дандаа хайр түгээж яваа нөгөөг хайрыг л хүсч байгаа юм байна гэж ухаар. Мэрэгчин төлөгчин дээр очиж өөрийнхөө ирээдүйг асуух гэх шаардлагагүй. Өөрийнхөө бодол, үг яриа, үйлдэл бүхнээ нэг сайн анзаар. 50-иас илүү хувь нь сөрөг байвал ирээдүйн амьдралд чинь зовлон давамгайлж 50-иас илүү хувь нь эерэг байвал жаргал давамгайлах болно. Ирээдүйн амьдралдаа ямар байх эсэхийг үүгээр л шинж. Та юу хүсч байна?
Туслах гэж оролд
Яалаа гэж хүнд зүгээр юм өгдөг юм. Би үүниийг чинь зовж байж олсон юм. Мөнгөний үнэ цэнийг мэдэх хэрэгтэй. Ядуу хүн гэдэг чинь залхуу хүнийг л хэлдэг юм гэсэн үзэлтэй хүн олон бий. Энэ үнэн. Байнга амаа ангайгаад л байдаг хүмүүст эд зүйлс өгөөд байх нь бэлэнчлэх сэтгэлгээг бий болгож, залхууг нь дэмжиж, хөгжих боломж олгодоггүй. Үнэхээр тийм бол битгий өг. Уг нь иймэрхүү хүмүүс амархан танигддаг л даа. Та үнэхээр ийм болохоор нь тусалсангүй юу? Эсвэл туслахыг хүссэнгүйдээ тэр талыг нь олж харав уу? Яалт ч үгүй тусламж хэрэгтэй хүмүүст болж л өгвөл туслах л хэрэгтэй. Нар гэрлээ түгээхгүй бол амьдрал яаж орших билээ. Нэг нэгэндээ туслахгүй бол нийгэм яаж хөгжих билээ. Эх нь уургаа хөхүүлэхгүй бол нялхас яаж амьдрах билээ. Өгөөмөр сэтгэлтэн үгүй бол өнчин хүүхдүүд хаачих билээ. Хайр халамж үгүйсэн бол хорвоо юун дээр эргэх билээ. Хүмүүс бүгд амиа л бодвол энх тайван гэж үгүй шүү дээ. Хэрвээ та тэр хүнд туслахыг хүссэн л бол тусалж болох замыг эрэлхийлэх л болно. Туслахыг хүсээгүй бол туслахгүй шалтагуудыг л хайх болно. Бусдад туслахгүй шалтагийг биш туслах шалтагийг хайж бай. Ямар ч байсан өгч байгаа нь, бусдад туслаж байгаа нь таныг агуу болгодог юм шүү.
5.Өгөх нь өөрөө аз жаргал юм
Байгаа бүхнээ өгчихвөл чи хоосорчихно. Тэгэхлээр яаж өгөх вэ? Үнэхээр тус хэрэгтэй тэвдэж яваа нэгэндээ хэрэгтэй зүйлээр нь чамд туслах боломж байвал тусалчих. Хэрэв чи өөрөө туслаж чадахааргүй байгаа бол тус болж чадах хэн нэгнийг чи мэдэж байж ч магадгүй шүү дээ. Чамайг өөрийг тань ядарч явахад хэн нэгэн тусалбал чамд ямар сайхан байдаг билээ дээ. Та тэр хүний тусыг хэзээ ч мартдаггүй биз дээ. Түүнтэй л адилхан чиний тусыг ч тэр хүн хэзээ ч мартахгүй. Туслах гээд оролдоод үз л дээ. Тусаллаа гээд та юу алдах юм. Харин буян хожино шүү. Тус болох хэн нэгнийг олох ч юм бил үү? Бусдын төлөө юм гуйж чадна гэдэг гайхалтай сайн чанар юм шүү. Тус болж чадаагүй ч гэсэн үнэнээсээ туслах гэж оролдож байгаа чинь сэтгэлийн том дэм юм. Туслаж үнэхээр чадсан бол тэр хүн танд баярлаад яаж талархлаа илэрхийлэхээ ч мэдэхгүй догдолж байгаа тэр нүдийг хараад таны дотор ямар мэдрэмж төрж байгааг ажиглаад үзээрэй. Та бусдын өмнөөс баярлаж гайхалтай аз жаргалыг мэдрэх болно. Энэ үед л та өгөх нь өөрөө аз жаргал юм байна гэдгийг ойлгоно.
Өгч байвал л баян
Ядуу хүн гэж хэн бэ? Дандаа л авч байдаг, өгч чаддаггүй хүнийг ядуу хүн гэдэг. Өгөхгүй л бол та тэрбумтан байсан ч ядуу юм. Яагаад гэвэл ядуу хүнд л өгөх зүйл байхгүй үргэлж ямар нэг юм хэрэгтэй байдаг юм. Баян хүн гэж өгч чаддаг хүнийг хэлдэг. Яагаад гэвэл баян хүнд л өгөх юм байдаг юм. Ганган тансаг хэрэглээтэй, хээнцэр дэгжин хувцастай ядуучууд зөндөө байдаг. Тэднийг гаднах нүдэнд харагдаж байгаа өнгө мөнгөөр нь бүү хэмж. Өгч байгаагаар нь л хэмж. Өгдөггүй л бол тэд бүгд гуйлгачид. Тэдэнд авч явах буян ховор. Хичнээн эд хөрөнгөтэй байсан ч та энэ хорвоогоос юуг ч авч явж чадахгүй. Нүцгэн ирээд л нүцгэн буцна. Харин буян нүглээ авч явах болно. Гаднаасаа харахад ядуу тарчиг юм шиг баячууд зөндөө байдаг. Яагаад гэвэл тэд бусдад тусалж, өгч байгаа болохоор бүгд баячууд юм. Тэдэнд авч явах буян их. Шунавал буянд л шунаж, айвал нүглээс л ай. Авч явж чадахгүй эд зүйлдээ шунаад, авч явж чадах буяндаа шунахгүй байх чинь тэнэг хэрэг бус уу? Бурхны өмнө та хир их өгч тусалсан, хир их харамлаж, туслаагүйгээ л шүүлгэх болно шүү. Та баян уу? Ядуу юу?
Хайр бол өгөхийн нэр
Энэ хорвоо хайрлуулахыг хүлээсэн хүмүүсээр дүүрчээ. Хайр минь хаа яваа юм бол гэж ирээдүйд ямар нэгэн гайхалтай зүйл болно гэж найдан хүлээнэ. Аз жаргалгүй байдлаа мөрөөдлөөрөө нөхөн ганихран үнэт цагаа үрэгч нар олон болж. Юуг ч бүү хүлээ. Авахыг хүсэгч нар нь олдож өгөхийг хүсэгч нар нь цөөдсөнөөс л энэ бүхэн үүсчээ. Зүгээр л чи өөрөө хайрлаад эхэл, өгч эхэл. Эргэн тойронд байгаа хүмүүст, эд зүйлст, амьтдад, модод, байгальд бүгдэд нь хайраа түгээ. Тэгвэл чи хайрыг буцаан авах болно. Гэхдээ буцаан авна гэсэн бодолтойгоор хайрлаж болохгүй шүү. Таны сэтгэл дундуур байдал чинь та хайраар дутаж байгаа болохоор л тэр. Чи өөрөө хайрыг түгээхгүйгээр өөрийгөө хайрлуулах гээд байгаагаас л хамаг юмс буруудаад байгаа юм. Хайрлах үед чи чухал биш цаад зүйл чухал болж байдаг. Түүний төлөө чи юугаа ч өгөхөд бэлэн болдог. Хайр бол авахын нэр биш. Өгөхийн нэр юм. Хайрлуулах гэж хүлээлгүй хайрлаж эхэл.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.