Эдийн засаг
Дундаж цалин 88.5 мянган төгрөгөөр нэмэгдэж 1.1 сая төгрөг боллоо

2018 оны IV улирлын эцсийн байдлаарх дундаж цалингийн хэмжээг өнөөдөр зарлалаа.
Үндэсний Статистикийн Хорооны мэдээлж буйгаар дундаж цалин 2018 оны III улирлаасаа 88.5 мянган төгрөгөөр нэмэгдэж 1.1 сая төгрөг болжээ.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2018 оны IV улиралд нийт 40.5 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 652.2 мянган ажиллагчид хамрагдсан байна.
Шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 2.1 (5.3%) мянгаар, өмнөх улирлаас 0.5 (1.2%) мянгаар өссөн бол ажиллагчид өмнөх оны мөн үеэс 38.3 (6.2%) мянгаар, өмнөх улирлаас 1.2 (0.2%) мянгаар тус тус нэмэгдсэн тухай өнөөдөр Үндэсний Статистикийн Хороо мэдээллээ.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан ажиллагчдын:
- 46.4 (7.1%) мянга нь 240,000 төгрөг хүртэлх цалинтай,
- 112.2 (17.2%) мянга нь 240,001-500,000 төгрөгийн цалинтай,
- 213.3 (32.7%) мянга нь 500,001-900,000 төгрөгийн цалинтай,
- 140.9 (21.6%) мянга нь 900,001-1300,000 төгрөгийн цалинтай,
- 36.2 (5.6%) мянга нь 1300,001-1500,000 төгрөгийн цалинтай,
- 103.3 (15.8%) мянга нь 1500,001 төгрөгөөс дээш цалинтай байна.
График 1, ААНБ-ын ажиллагчид, цалин хөлсний бүлгээр, дүнд эзлэх хувиар, 2018 оны 4 дүгээр улирлын байдлаар, ҮСХ
Тайлбар: Медиан цалин нь ажиллагчдын цалинг өсөх эсвэл буурах эрэмбээр байршуулсан цувааг таллан хувааж байгаа ажилтны цалин юм.
График 2, Дундаж цалингийн өсөлт, улирлаар
График 3, Цалингийн бодит өсөлт,
Ажиллагчдын сарын дундаж цалинг бүсээр авч үзвэл Улаанбаатар хотод ажиллагчдын сарын дундаж цалин 1.2 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 135.4 мянган төгрөгөөр их байна.
График 4, Ажиллагчдын сарын дундаж цалин, бүсээр, 2018 оны 4 дүгээр улирлын байдлаар, мянган төгрөгөөр
Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдынх хамгийн их буюу 2.5 сая төгрөг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 704.2 мянган төгрөг байна.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчдын:
- 99.9 (15.3%) мянга нь боловсролын салбарын,
- 77.4 (11.9%) мянга нь бөөний болон жижиглэн худалдаа; машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарын,
- 74.5 (11.4) мянга нь төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарын,
- 68.9 (10.6%) мянга боловсруулах үйлдвэрлэлийн,
- 43.1 мянга нь барилгын салбарын,
- 41.8 мянган нь хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарын,
- 38.6 (5.9%) мянга нь уул, уурхай олборлолтын салбарын,
- 33.5 (5.1%) мянга нь тээвэр ба агуулахын үйл ажиллагааны салбарын ажиллагчид хамрагдсан бол үлдсэн хувийг бусад салбарын ажиллагчид эзэлж байна.
График 5, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан даатгуулагчдын тоо, салбарын ангиллаар, 2018 оны 4 дүгээр улирлын байдлаар
Ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд:
- 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 668.0 мянган төгрөг,
- 10-49 ажиллагчтайнх 879.8 мянган төгрөг,
- 50-99 ажиллагчтайнх 998.2 мянган төгрөг,
- 100-199 ажиллагчтайнх 1.1 сая төгрөг,
- 200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 1.6 сая төгрөг байна.
График 6, Ажиллагчдын сарын дундаж цалин, байгууллагын ажиллагчдын тооны бүлгээр, 2018 оны 4 дүгээр улирлын байдлаар, мянган төгрөгөөр
ҮСХ -ны бэлтгэсэн дэлгэрэнгүй мэдээллийг инфографикаар харуулбал:



Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.