Нийгэм
А.Энхжаргал: Нугасаар мэдээ алдуулснаар нуруунд эмгэг үүсгэхгүй

Нуруу өвдөх нь ихэнх хүнд тулгардаг асуудал болжээ. Энэ нь ажил, амьдралын хэв маягаас үүсдэг гэдэг. Тэгвэл “Хүн бүр амьдралынхаа туршид хамгийн багадаа хоёр удаа нурууны өвдөлтийг мэдэрдэг” хэмээн “УБ Сонгдо” эмнэлгийн мэдрэлийн мэс засалч А.Энхжаргал хэллээ. Түүний хэлж буйгаар сунгалтын дасгал хийснээр аливаа нурууны өвчин үүсэх, үүсэн тохиолдолд хүндрэхээс нь сэргийлэх боломжтой аж. Мэдрэлийн мэс засалч А.Энхжаргалтай нуруу өвдөлт хэрхэн илрэх болон яаж урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.
-Нуруу өвдөх нь бүх насны хүмүүст нийтлэг тохиолдож байна. Энэхүү өвчин хүнд ямар байдлаар мэдрэгдэх вэ?
–Хүн амьдралынхаа туршид хамгийн багадаа хоёр удаа нурууны өвдөлтийг мэдэрдэг.Тэгэхээр нуруу өвдөх нь тун нийтлэг тохиолддог гэсэн үг. Нурууны өвдөлт нь голдуу булчингийн чангарлаар илрэх бөгөөд хүмүүст хурц болон архаг, хоёрдогчоор үүсдэг өвдөлт мэдрэгдэнэ. Тухайлбал, хурц өвдөлт нь голдуу бөгтийж, тонгойход хөндүүрлэж өвдөх байдлаар илэрч, хоёр цагаас нэг долоо хоног орчим үргэлжилдэг.
Архаг өвдөлт нь долоо хоногоос хэдэн сараас үргэлжилж болно. Нуруу татах, зангирах нь нэг намдаж, нэг өвдсөөр хэдэн сар хүртэл үргэлжилдэг. Харин хоёрдогчоор үүсдэг өвдөлт буюу гуя дагах өвдөлт нь нурууны жийргэвчийн гаралтай эсвэл нурууны зөөлөн холбоос эдээс гаралтай байна. Удаан хугацаанд нуруу өвдөхөөс гадна гуя дагаж өвдөх, хөлийн ул тавхайгаар хөндүүрлэж өвдөх тохиолдол байдаг.
Энэ мэтчилэн нурууны өвдөлт нь үе шатаасаа хамааран олон янз байх тул нарийн мэргэжлийн эмчид үзүүлэн шаардлагатай шинжилгээг өгч эмчилгээ зөвлүүлэх хэрэгтэй.
-Өвдөхөөр эмч гэхээс илүү бариач дээр очих хүн их. Сүүлийн үед аарцаг, нурууны бариа заслын төв олон нээгдэж байна. Энэ нь үр дүнтэй эмчилгээ болж чадах уу?
-Өвчний үе шатнаас хамаардаг. Нэгэнт нурууны эмгэг үүссэн буюу суулт үүссэн, нурууны диск цүлхийсэн болон гэмтэл үүссэн байхад дан бариулаад эмчлэгдэхгүй. Мэргэжлийн эмчид үзүүлж, физик эмчилгээг хавсруулан хийлгэх ёстой. Хамгийн гол нь хүн оношоо зөв олох ёстой учраас эмчид хандах нь зөв. Оношоо тогтоосноор ямар эмчилгээг хэрхэн хийх нь тодорхой болно.
Мөн анхааруулж хэлэхэд нуруу хугарсан, нурууны жийргэвч урагдаж, нугасаа дарсан байхад Бариа татлага, блок гаргах зэргийг хийвэл байдлыг улам дордуулдаг. Түүнчлэн бусад эд эрхтний адилаар нуруу нугасанд хөгшрөлт явагдана. Ингэснээр үе холбоосонд шохоожилт үүсэх зэргээр өөрчлөлт орж, тодорхой хэмжээний өвдөлт өгдөг. Энэ үедээ эмчид хандаад юу хийж болох вэ, юу хийж болохгүй вэ гэдгээ зөвлүүлбэл хөгшрөлтийн процессыг сааруулж болно.
-Нугасаар мэдээ алдуулсны дараа нуруу өвддөг боллоо гэж ярих их хүн байдаг. Үнэхээр нугасны мэдээ алдуулалт нь нурууны өвчин үүсгэх үү?
-Ялангуяа кесар хагалгаагаар хэд хэдэн удаа төрсөн эмэгтэйчүүд нуруу өвддөг болсон гэдэг. Энэ бол өрөөсгөл ойлголт. Нугасаар мэдээ алдууллаа гээд нуруунд эргэшгүй өвчин үүсгэхгүй.Эмэгтэй хүн жирэмсэн байх буюу хүүхдээ тээх хугацаанд нуруунд өөрчлөлт ордог. Энэ үед тодорхой хэмжээнд суулт өгч, өвддөг. Үүнийг мэдээ алдуулснаар өвддөг болсон гэж андуурах тохиолдол их байна.
-Корсет буюу даруулга, нуруу тэгшлэгч бүс зэргийг охид, бүсгүйчүүд их хэрэглэх болсон. Үүний эерэг, сөрөг тал юу вэ?
-Эмгэг өөрчлөлтөд орсон тохиолдолд бүсийг эмчилгээнд ашигладаг. Жирийн хүн нуруу өвдөхөөс урьдчилан сэргийлэх байдлаар бүс зүүх нь тохиромжгүй. Учир нь нурууны булчин тодорхой хэмжээнд ажиллаж, ачааллыг хуваалцаж байх ёстой. Харин байнга бүс зүүснээр нурууны булчин чангарч сулрах, ачаалал даах чадвар нь багасдаг. Өөрөөр хэлбэл, нурууны булчин сулардаг тул нуруунд халтай.
-Нурууны өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Урьдчилан сэргийлэх гол арга тухайн хүний дэглэм, хувийн зохион байгуулалт. Тухайлбал, суугаа ажил хийдэг хүмүүс хоёр цаг тутам босоод хоёр минутын турш сунгалтын дасгал хийх, удаан хугацаанд зогсож ажилладаг бол нэг минут хатуу орон дээр хэвтэж, нуруугаа амрааж байх ёстой. Мөн хүн бүр өдөрт 15 минут идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх нь тохиромжтой бөгөөд сунгалтын дасгал хамгийн чухал. Түүнчлэн жин ихсэх тусам нуруунд ачаалал их ирдэг тул жингээ барих хэрэгтэй.
Нурууны үе холбоос, жийргэвч өөрчлөлтөд орсон л бол эргэж хэвэндээ ордоггүй. Мөн өөрчлөлтийн явц төдийлөн хүнд мэдрэгдэхгүй бөгөөд нэгэнт өөрчлөгдсөн хойно мэдэгддэг. Тиймээс урьдчилан сэргийлж, сунгалтын дасгал хөдөлгөөн хийж, спортоор хичээллэх нь үр дүнтэй.
-Танай эмнэлэгт нурууны өвчний эмчлэх ямар төрлийн эмчилгээ хийж байна вэ?
-Манай эмнэлэг эмийн болон физик эмчилгээ, “pain management” нугасны тарилга хийдэг. Манай давуу тал нь бүсэлхийн нурууны бүх төрлийн мэс заслыг солонгос багаж, төхөөрөмжөөр чанартай хийж гүйцэтгэдэг. Мөн үйлчлүүлэгчдэдээ зориулан энэ сарын 1-нээс MRI, компьютер томограф оношилгоог хямдралтай үнээр хийж байна.

Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
Нийгэм
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт 260 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
Тухайлбал, иргэн Т бусадтай бүлэглэн 2018-2022 оны хооронд хуурамч бичиг баримт үйлдэж, зохиомол байдлыг зориудаар бий болгон орон сууц худалдан борлуулна гэх нэрийдлээр иргэдийг залилж, бусдад 460 орчим сая төгрөгийн хохирол учруулсан.
Эл хэрэгт холбогдон шалгуулж байх явцдаа шүүхийн шатанд өөрийгөө нас барсан талаар хуурамч бичиг баримт бүрдүүлэн, нас барсны гэрчилгээ гаргуулан авчээ. Улмаар шүүхээс “Шүүгдэгч нас барсан” гэх үндэслэлээр Т-д холбогдох хэргийг 2023 онд хэрэгсэхгүй болгосон байна.
Гэвч цагдаагийн байгууллагаас түүний нас барсны гэрчилгээ нь хуурамч болохыг тогтоосон тул хэрэгсэхгүй болгосон хэргийг эргэн сэргээж мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Иргэн Т-ийн нотлох баримт хуурамчаар үйлдсэн, бусдыг залилсан гэх үйлдлүүдэд нь яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв.
Эх сурвалж: ЦЕГ
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус өвчний лабораториор батлагдсан тохиолдол 659 бүртгэгдснээс 158 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 3 нь гэрээр эмчлүүлж байна. Одоогийн байдлаар сэжигтэй 38 тохиолдол бүртгэгдээд байгаа бол хавьтал болсон нийт 11539 тохиолдол бүртгэгджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе. Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.
-
Улс төр4 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм4 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм3 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм4 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм2 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм1 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Энтертайнмент2 цаг өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ