Бусад
Цагаан идээний гайхамшиг

Цагаан идээ хүний биед тал бүрийн ашигтай. Сүү цагаан идээнд шүдэнд нэн хэрэгтэй бактери устгагч, өвөрмөц кальци, кали ихээр агуулагддаг.
Тухайлбал, хүний шүд эрдэс бодисоор бүрэн хангагдаж байж бат бөх чанартай байна. Шүдний эрдэс бодис нь хүнс тэжээлээр орсон бодисын чанар, бүтэц найрлагаас хамаараад зогсохгүй, тухайн хүний бие махбодын бодисын солилцоотой холбоотой. Шүд нь шууд шүлсний найрлагаас эрдэс бодисоор цөгцөн хэсгийн паалангаар нэвчүүлэн авдаг.
Бодисын солилцоогоор сурвалж хэсгийн цусан хангамж лимфийн солилцооны дүнд үүссэн эрдэс уураг бодисоор тэжээгддэг. Шүд эрүүл бат бөх байхад сүү цагаан идээ ач холбогдолтой болохыг бид мэднэ.
Тараг
Тараг нь амны хөндийн хүчил шүлтийн тэнцвэртэй байдлыг хангаснаар эмгэг төрөгч үржих нөхцөлийг саатуулдаг.Ааруул
Ааруулыг сайтар зажилж идэхэд шүдний бөх бат байх нөхцөлийг бүрдүүлж, цусан хангамж сайжруулахад чухал нөлөө үзүүлнэ.
Ээзгий
Ээзгийг мөн зажилж идэхэд цавуулаг наалдамхай чанар нь шүдний өнгөрийг арилган цэвэрлэдэг. Дашрамд сонирхуулахад шүдний өнгөрийн 70 хувийг нян эзэлдэг ба нэг мг өнгөрт өвчин үүсгэгч 250 сая нян агуулагддаг байна.
Бяслаг
Бяслаг мөн шүд цэвэрлэж гялалзуулах гайхамшигтай нөлөөтэй. Ер нь ааруул, ээзгий зажилж идэх нь эрүүний ясны өсөлтөд нөлөөлж Монголчууд өргөн шанаатай, эрүүний өсөлт сайтай, хаш цагаан, том шүдтэй байсны бас нэг гайхамшиг гэж үзэх бүрэн үндэстэй юм. Тиймээс танан цагаан шүдээ эрүүл бүтэн байлгахад хүн бүр багаасаа анхаарах хэрэгтэй. Орчин үеийн хүнсний ихэнх бүтээгдэхүүн шүдэнд халтай болсон тул хүүхэд багачуудын шүд “усанд уусах сахар” мэт хэврэг болж байгаад эцэг эхчүүд анхаарч, амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлж, нүүр ам судлалын мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авч байх хэрэгтэй.
Сүү
Сүүг өдөрт нэг аяга уухад хоногийн кальцийн хэрэгцээ хангагдаж амны хөндий дэх ашигтай микроплорын лактай бактери үржиж сүүний хүчил үүссэнээс гэдэсний савханцар, гэдэсний балнад, цусан суулгын савханцрын үржлийг зогсоодог.
Үнээний сүү
Үнээний сүү нь сэрүүн чанартай. Буцалгаж уухад толгой эргэх, ядрах, цэртэй ханиах, уушигны архаг гэм, шарлах, чихрийн шижин, зэрэг өвчнийг эмчлэхэд тустай. Хоол шингээлтийг сайжруулж, нойр хүргэнэ. Гуч хоногийг нэг хугацааны эмчилгээ болгон өглөө бүр өлөн элгэн дээрээ үнээний 200 мл халуун сүү уувал цус, улаан бөөмийн хэмжээ нэмэгдэж цус багадах, шим тэжээл дутагдах өвчнийг анагаана. Мөн өглөө бүр 250 мл шинэ сүү, дэвтээж нүдсэн 50 гр газрын самрыг, зөгийн балтай буцалгаж уувал ходоодны үйл ажиллагааг сайжруулна. Өдөр бүр өлөн элгэн дээрээ нэг аяга халуун сүү уухад гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, өтгөн хаталтыг эмчилж чадна. Ханиад болон архаг өвчинд сайн.
Хонины сүү
Амтлаг бүлээн чанартай тул хий дарах, хөлийн бам өвчнийг засах, эмийн хөлөг болгон хэрэглэдэг. Хий өвчнийг дарна. Зүрхэнд муу учир болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.Ямааны сүү
Амтлаг сэрүүн чанартай. Хөөрүүлж уухад хий, бадгана, хүйтнийг арилгаж биеийг чийрэгжүүлнэ. Сайн ширгээж уувал хийг дарж, сэтгэлийг тайвшруулж, цусны даралт ихсэлтийг бууруулахад тустай. Мөн амьсгаадахад ууна.
Гүүний сүүАмтлаг, хүчиллэг чанартай. Уушигны өвчин, үе мөч хийн өвчнийг эмчилнэ. Айрганд холестериноор хооллодог нэг төрлийн нян байдгийг илрүүлсэн байна. Мөн “цагаан гүүний” саамыг хүмүүс эмчилгээний журмаар өргөн хэрэглэдэг.
Ингэний сүү Амтлаг бүлээн чанартай тул голдуу чих дүлийрэх, шээс хаагдах, солио өвчин эмчлэхэд тустай бөгөөд могойд хатгуулсан үед угаах, түрхэхэд хорыг сайн тайлдаг увидастай.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.