Бусад
Хаврын ядаргааг хэрхэн давах вэ

Олон хүн хаврын улиралд нойр ханахгүй байх, нозоорох, ажлын идэвхгүй болох, сэтгэл санаа хямрах, тогтворгүй болох, ханиад томуунд амархан өртөх асуудал тулгардаг. Үүнийг бид хаврын ядаргаа, хаврын синдром хэмээн нэрлэдэг. Угтаа бол дээрх шинж тэмдэг илрэх нь жам ёсны зүйл аж.
Учир нь хүний бие хүйтний улиралд дасан зохицож өвлийг өнгөрөөдөг. Гэтэл нарны гэрлийн эрч нэмэгдэн, өдөр уртсаж шөнө богиносох үед өвлийн улиралд дассан бие сэргэх ажиллагаандаа ордог байна. Хүйтний улирлаас дулааны улиралд шилжихэд хүний бие махбодь орчиндоо дасах гэж ийнхүү хямардаг аж.
Өвлийн улиралд хүний бие дэх мелатонин дааврын хэмжээ ихэсч, сэтгэлийн хөөрөлд хүргэдэг серотонин дааврын хэмжээ багасдаг. Харин хаврын улиралд нарны гэрлийн нөлөөгөөр серотонин даавар эргэж сэргэдэг байна. Тиймээс хүмүүсийн дурлах нь ихэсдэг аж. Үүнийг ихэнх нь хаврын синдром хэмээдэг.
Хүйтний улиралд жимс, ногоо дутмаг, хэрэглээ бага байснаас хүний биеийн нөөц витамин дуусдаг. Үүнээс үүдэн дархлаа суларч элдэв халдварт өвчин тусахдаа амархан болдог. Иймд хаврын улирал хүний биед витамин болон уураг дутагдаж эхэлдэг байна.
Хаврын хямралыг давахын тулд хамгийн түрүүнд зөв хооллож, идэвхтэй хөдөлгөөн хийх хэрэгтэй.
Хооллолт
-Шингэний хэрэглээгээ нэмэгдүүлж, биеэс хорт бодисыг гадагшлуул
-Аль болох хөнгөн хооллох. Гэхдээ илчлэг ихтэй хоолноос огцом татгалзах хэрэггүй, хэмжээг нь алгуур багасгаж жимс, ногоо, цагаан идээ түлхүү хэрэглэ
-Хар шоколад бага багаар ид
-Өөрт шаардлагатай витамин, поливитаминыг хэрэглэ
-Долоо хоногт нэг өдөр махан хоолноос татгалз
Хэрэгжүүлвэл зохих хэвшил
-Дасгал хөдөлгөөн хийх (хэт ачаалал бүхий дасгалыг огцом хийхгүй байх)
-Бүлээн шүршүүрт ор (хүйтэн ус эсийг цочоон сэргээдэг тул энэ нь хавар тохиромжгүй)
-Тогтмол цагт унтаж амрах (орой эрт унтаж, өглөө эртлэн босох)
-Бясалгал, иогоор хичээллэ
-Өглөө босоод аяга бүлээн ус уу
-Тод өнгийн хувцас, эдлэл хэрэглэ
Гэхдээ ядаргааны ноцтой шинж тэмдэг илэрвэл хаврын ядаргаа хэмээн тайвшралгүй эмчид хандахыг зөвлөж байна.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.