Эдийн засаг
Нүүрсний салбарт Монголын боломж ирлээ

Яг гурван долоо хоногийн өмнө Австралийн Күийнслэнд мужид буусан үер аль хэдий нь татарсан ч нүүрсний борлуулалт нь өмнөх хэмжээнд хүрэхгүй байгааг Австралийн уул уурхайн яам онцоллоо. Дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ 96.3 ам.доллартай тэнцэж байна. Энэ бол өнгөрсөн оны мөн үеийн хэмжээнээс хоёр хувиар өссөн үзүүлэлт юм. АНУ-БНХАУ-ын худалдааны маргаан, Хятад Далиан боомтоо Австралид хааснаас хойш дэлхийн зах зээл нүүрсний ханш тогтворгүй байна. Хэдийгээр савлагаатай байгаа ч өмнөх оныхоос харьцангуй илүү байгаа тул манайх шиг жижиг буурай улс л хожино. Нүүрсний экспорт оны өмнөхтэй харьцуулбал тав гаруй хувиар унаад байна. Яг л найман жилийн өмнөх үйл явдал давтагдаж байгаа мэт. Байгалийн давагдашгүй хүчин зүйл л дан ганц Австралийн нүүрсний салбарт дарамт учруулаад байгаа гэвэл өрөөсгөл. БНХАУ Австралийн нүүрсний салбарт баримталж буй бодлого маш том дарамт юм. БНХАУ 40 хоногийн хугацаанд нүүрсний онгоцнуудын гаалийн бүрдүүлэлт хийх хугацааг хойшлуулсан нь Австралийн Засгийн газар зөвхөн худалдааны асуудал биш улс төрийн зорилготой алхам гэж ойлгоход хүргээд буй.
БНХАУ-ын засаг захираа Австралиас орж ирэх дулааны нүүрс болон коксжих нүүрсний гаалийн бүрдүүлэлт хийхдээ урьдынхаас илүү хугацаа зарцуулж байгааг Австралийн талаас онцолж байна. Хойд болон өмнөдийн боомтуудад ийм байдал илүү ажиглагдаж байгааг БНХАУ-ын Нүүрс тээвэрлэлтийн холбооноос мэдээлсэн юм. Энэхүү ажлыг оноос өмнө хэрэгжүүлж, нэгдүгээр сараас түр зогсоох болсон. БНХАУ нүүрсний дотоодын олборлолт нэмэгдсэн нь ийнхүү экспорт, импортоо зохист харьцаанд оруулах, нүүрсний хамаарлыг аажимдаа багасгах бодлогын үндэс болжээ. Энэ бодлогын хариу болгож Австралийн томоохон компаниуд хамтран ажиллах томоохон төсөл хөтөлбөрүүдээ эргэн харахаар болоод байна.
Ойрын хугацаанд Австралийн Засгийн газар, Худалдааны яамаараа дамжуулан БНХАУ-ын Худалдааны ерөнхий хороо болон Засаг захиргаа ямар учраас ийм нөхцөлд байдалд хүргээд байгаа дээр албан ёсны тайлбар авахаар болжээ. Өнгөрсөн жил БНХАУ-ын хойд хэсгийн Далиан боомтоор гэхэд Австрали улс 14 сая тонн нүүрс экспортолсон баримт бий. БНХАУ-ын Далиан боомт нь Далиан, Баючуан, Панжин, Дандон, Бейлиан зэрэг таван боомтоос бүрддэг бөгөөд Далиан боомтын захиргаа нэгтгэн хяналт тавьдаг юм. БНХАУ Австрали улсаас нүүрс экспортлохгүй байх нь магадгүй Монгол Улсад хамгийн том боломж байж болно. Учир нь Австралийн нүүрсний хэрэгцээг Индонези, Орос, Энэтхэгээс гадна хамгийн ойрын хөрш Монголоосоо авсан нь энэ хооронд үүссэн заагийг арилгах шижим байхыг үгүйсгэхгүй.
Үүнээс гадна байгалийн давтагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан Австралийн нүүрсний экспортын уналт нь найман жилийн өмнөх сайхан боломжийн үндэс гэдгийг мартах учиргүй. Түүхийн хүрдийг долоон жилийн өмнөх рүү ухрааж үзвэл яг л ижил дүр зураг ажиглагдана. Тухайн үед Күийнслэнд мужид үер бууж байлаа. 2010 оны арваннэгдүгээр сард буусан үер татрахгүй байсаар 2011 оны нэгдүгээр сартай золгосон билээ. Байгалийн гамшиг нэг тэрбум австрали долларын хохирол учруулсан юм. Бодит хохирлоос гадна нүүрсний уурхайнуудын нийлүүлэлт огцом буурч 2011 оны арваннэгдүгээр сар хүртэл нүүрсний нийлүүлэлт, орлого нэмэгдэхгүй маш том алдагдал дагуулсан. Тухайн үедээ дэлхийн эдийн засгийн хямралын давлагаанд цохигдоод байсан Монгол Улсад энэ байдал ашигтайгаар эргэсэн гэхэд болно. Монгол Улсын экспортын нүүрсний үнэ тонн тутамдаа 118.1 ам.долларт хүрч, оны эхнээс 1.5 дахин өсч нүүрсний экспортын орлогыг нэмэгдүүлжээ. Нийт жилийн тухайд авч үзвэл 15.6 сая тонн нүүрс экспортолж өмнөх оныхоос даруй гурван сая тонноор нэмэгдэж, мөнгөн дүнгийн орлого 1.6 тэрбум ам.долларт хүрэв. Байгалийн асар их баялагтай ч том хямралын давлагаанд цохигдсон Монгол Улсад гэрэл гэгээ авчирсан таатай цаг үе гэж одоо ч эдийн засагчид хэлдэг.
Үер бууснаас хоёр жилийн дараа Күийнслэнд орчимд дахин үеэр бууж нүүрсний нийлүүлэлтийг удаашруулж байлаа. Үр дүнд нь мөн адил Монгол л хожсон. 2012 онд буугаад байсан нүүрсний экспортын орлого 2013 оны эцэс гэхэд хоёр хувийн өсөлттэй гарсан юм. Күийнслэнд орчимд үер буух болгонд Монголын нүүрсний экспорт өссөөр ирсэн.
Энэ жил хоёр ч удаа буусан үер Күийнслэнд мужийн цаашлаад Австралийн нүүрсний нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлөөд эхэлсэн. Нүүрсний зах зээлийн үнэ ч 0.5-1 доллароор өсөөд байна. Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкны судалгаагаар түүхий эдийн үнийн хэлбэлзлээс шалтгаалан эдийн засгийн өсөлтийг саарна гэж таамаглаж байсан. Тэгвэл энэ нөхцөл байдал дэлхийн томоохон санхүүгийн байгууллагуудын төсөөллийг нэмэгдүүлэх нь гарцаагүй.
Дэлгэрэнгүйг “ӨГЛӨӨНИЙ СОНИН”-оос унших боломжтой.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.