Бусад
Гишүүдийн нэртэй тэрбум төгрөг 950 сая болсон түүх

Өнгөрөгч бямба гаригт иргэдийн “Хэвтүүл” хөдөлгөөнөөс ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудыг хуулийн өмнө аваачихаар гурав дахь удаагийн тайван жагсаалаа Сүхбаатарын талбайд зохион байгуулав.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар томилогдсоныхоо бараг маргааш Хөгжлийн банкны ТУЗ-ийнхөнтэй уулзаж, зээлийн төлөлт, чанаргүй зээлийн эзлэх хувь зэргийг яаралтай нэгтгэж, гурав хоногийн дотор өөрт нь танилцуулах үүрэг өгсөн байдаг юм. “Тэгвэл ЖДҮ яах юм бэ?” гэсэн сэтгүүлчийн асуултад “Зөвхөн ЖДҮХС гэлтгүй бүх тусгай сангийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, зээлийн санхүүжилт дундаж давхаргад зориулагдах чиглэлд анхаарч ажиллаж байгаа” гэснээс хойш сар гаруйн хугацаа өнгөрлөө.
Гишүүдийн нэртэй нэг тэрбум
УИХ 2017 оны есдүгээр сарын 4-нд У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилжээ. Аравдугаар сарын 20-нд буюу 16 хоногийн дараа У.Хүрэлсүхийн танхим бүрдэж, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлсэн байна. Үүнээс хойш дөрөвхөн хоногийн дараа буюу 2017 оны аравдугаар сарын 24-нд УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Мэдээж энэ төслийг өмнөх Засгийн газар буюу Ж.Эрдэнэбатын Засгийн газраас өргөн барьсан байдаг.
Асуудлын гол нь уг төсөлд ХХААХҮ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтаж буй Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гийн санхүүжилтэд зориулж 72 тэрбум 550 сая төгрөгийг улс төсвөөс нэмж суулгах саналыг оруулж ирсэн юм байна. Төсөвт хугацаа дуусахаас хоёрхон сарын өмнө шүү дээ. Үүнийг сайн анзаараарай даа.
Харин УИХ-ын гишүүн Х.Баделхан, Б.Баттөмөр З.Нарантуяа, Д.Сумьяабазар, Д.Тогтохсүрэн нарын гишүүд “төсвийн урсгал зардлыг бууруулах” зорилгоор уг мөнгийг ХХААХҮ-ийн сайдын багцаас хасах санал гаргажээ, Байнгын хороон дээр.
Бүр их гайхашрулсан зүйл нь юу вэ гэвэл, тэр үед ажлаа аваад дөрөв хонож байсан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “ЖДҮ-ийг хөгжүүлэх гээд гишүүдийн нэр дээр тус бүр нэг, нэг тэрбум төгрөгийн зээл олгохоор тавьсан байна. Арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл авчихаад буцаагаад арилжааны банкуудад зээл өгөөд, түүгээрээ жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд мөнгө өгнө гэдэг өөрөө зарчмын хувьд буруу.
Хоёрдугаарт, бид төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх чиглэлээр нэг удаа 300 мянган төгрөгийн нөхөн олговор олгоход нийт 55 тэрбум төгрөгийн зайлшгүй эх үүсвэр хэрэгтэй байгаа. Тиймээс гишүүдийн нэг, нэг тэрбум төгрөг буюу ЖДҮХС-гийн санхүүжилтийг хасаад төрийн албан хаагчдынхаа цалинг нэмээд явах боломж байна” гэж ярьсан байна.
Ингээд мэдээж бөөн маргаан дэгдсэн. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Юун гишүүдийн нэг тэрбум бэ? Ямар завхарсан юм яриад байна?” хэмээн цочиж, Д.Оюунхорол гишүүн “Ч.Хүрэлбаатар гишүүн буруу мэдээлэл өгч байна. ЖДҮХС-гийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь ажлын байрыг нэмэгдүүлэх ач холбогдолтой, УИХ-ын гишүүн бүрт хамаатай асуудал. Энэ бол гишүүдийн мөнгө биш, төсвийг хасч болохгүй” хэмээн зүтгэж.
Тэгээд Н.Амарзаяа гишүүн Сангийн сайд асан Б.Чойжилсүрэнгээс асуусан байдаг юм. Өмнөх Засгийн газрын оруулж ирсэн төсөл учраас гишүүдийн мөнгө үү, ЖДҮ-ийг дэмжих мөнгө үү гэдгийг хариулна уу? гэж.
Б.Чойжилсүрэн гишүүн мэдээж “2016 оны УИХ-ын сонгуульд ч, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлнэ, 21:100 хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэг заалт суусан. ЖДҮХС-гийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх үүднээс энэ мөнгийг суулгасан. Түүнээс биш гишүүдэд хуваарилсан мөнгө биш. Ч.Хүрэлбаатар гишүүн андуурч яриад байна. Андуу ташаа мэдээлэл өгөөд байна” гэж. Тэгэхэд нь Ч.Хүрэлбаатар сайд “Би буруу, худлаа мэдээлэл өгөөгүй. УИХ-ын хариуцлагатай микрофоныг ашиглаж худлаа мэдээлэл өгч байгаагүй. Ийм зүйл болсон. ЖДҮХС-гийн зээл гэж байгаа нь, гишүүдийн нэртэй нь үнэн. Бид үүнийг засах ёстой” гэснээр маргаан дуусч, ЖДҮХС-д хуваарилсан 72,550 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хасах санал байнгын хороогоор дэмжигдсэн байдаг.
Гэсэн ч ЖДҮХС-гийн зээлийн хэмжээ 2017 онд 51 тэрбум, 2018 онд 90 тэрбум төгрөг болж өссөн (2015-2016 онд 12-16 тэрбум төгрөг байсан) гарчээ. Б.Сэргэлэн сайдын үед ЖДҮХС-гийн зээлийн журамд өөрчлөлт оруулж, өмнөх жил төсөл нь шалгараад санжүүжилтээ хүлээж байсан 300 гаруй аж ахуйн нэгжийг жагсаалтаас хасч, өөрсдийн хамаарал бүхий компанидаа өгөөд явсан байдаг. Харин Б.Батзориг нь банкаар дамжуулдаг, банкны шаардлага хангаж байж авдаг зээлийг сангаас шууд санхүүжүүлдэг болгоод, хулгайгаа улам бүр “төгсрүүлээд” явсан л даа.
Нэг тэрбум төгрөг яагаад 950 сая болсон бэ?
Ямар ч байсан УИХ-ын гишүүдэд ЖДҮХС-гаар дамжуулан нэг, нэг тэрбумын зээлийг нэн хөнгөлөлттэй нөхцлөөр өгөх шийдвэр улс төрийн түвшинд гарсан байсан гэдэг нь тодорхой боллоо. Харин гишүүдийн нэг тэрбум яагаад 950 сая болсон бэ?
Дахиад нэг үлгэр ярья л даа. Уг нь тухайн үед Сангийн яамны эрх бүхий албан тушаалтан ЖДҮХС-гийн нөхөд дээр ирээд “Сангийн санхүүжилтэд 67 тэрбум төгрөг тавьсан байгаа. 65 тэрбумыг гишүүн тус бүрт өгөх юм аа. Хоёр тэрбумыг нь та нар өөрсдөө хуваагаад зарцуулаарай” гэсэн юмсанж. Гэтэл сангийн нөхөд “Гишүүд яахаараа нэг тэрбумыг авдаг, бид яахаараа хоёрхон тэрбумыг хуваадаг юм бэ” гэж. Тэгээд гишүүн тус бүрээс 50 саяыг хасахаар нийт 3,25 тэрбум, өмнөх хоёр тэрбумтайгаа нийлээд 5,25 тэрбум төгрөг сангийнханд оногдохоор болсон байна. Энэ мөнгийг захиран зарцуулсан нөхөд одоо хорих 461-р ангид сууж байгаа хэрэг. Харин гишүүд “бүрэн эрхээ” яриад наранд явж байна л даа.
Гэвч сангийн мөнгийг хуваарилахаас өмнө МАН-ын бүлэг дотроо хоёр хуваагдсан учраас зарим нь 700 сая, зарим нь 1,2 тэрбум, зарим нь бүр хоёр удаа зээл авсан явдал ч гарсан юмсанж. ЖДҮ-гийн мөнгө Засгийн газрыг хамгаалсны төлбөр шүү гээд байдаг нь ийм учиртай.
Л.Оюун-Эрдэнэ сайдын хэлсэнчлэн, хүсч байгаачлан ЖДҮ гэлтгүй Засгийн газрын бүх тусгай санг шалгаж болно л доо. “Хошууны бузрыг ухвал далай, далай” гэгчээр тэгвэл энэ Засгийн газрын үед лав дуусахгүй. Бүгдийг нь шалгана аа л гэвэл нэгийг нь ч шалгахгүй ээ л гэсэн үг шүү. ЖДҮ-гээ эхлээд шалгуулчихаач ээ гээд байдаг нь ийм учиртай.
Б.ЗАЯА

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.