Нийгэм
Өнөөдрөөс нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурна

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Өдөртөө 10-12 хэм дулаан байна.
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд нутгийн өмнөд хэсэгээр хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 18-20 метр, говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр хүйтэрч 9-14 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндий, Дархадын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, Алтайн өвөр говь, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар 12-17 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв: 19-нд нутггийн төв хэсгээр, 20-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 19-нд ихэнх нутгаар, 20-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүснэ. Маргааш нутгийн баруун хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 10-15 хэм, Их нууруудын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна.
ЦУОШГ

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.