Нийгэм
Япончууд яагаад цагийг ягштал баримталдаг вэ?

Өнгөрсөн сард болсон нэг үйл явдлыг жишээ татмаар байна. Японы засгийн газрын сайд Ёшитака Сакурада нь парламентын уулзалтанд ердөө 3-хан минут хоцорсных нь төлөө бөөн асуудал дэгдсэн. Сөрөг хүчний зүгээс сайд Сакурадагийн хайнга хэнэггүй байдлыг хурцаар шүүмжилж, 5 цагийн хугацаанд эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулсан юм. Олон нийтийн зүгээс ч түүнд дургүйцлээ хүчтэй илэрхийлсэн тул хэдэн өдрийн дараа Ёшитака сайд албан ёсоор уучлалт гуйж, дахиж ийм хариуцлагагүй үйлдэл гаргахгүй гэдгээ амласан юм. Харамсалтай нь манай улсад парламентын гишүүд нь хувийн ажил, бизнесээ амжуулж явж байгаад хуралдааны танхимд хальт нэг үзэгддэг, хэзээ хойно нь хэдэн төгрөг, ул боов тараагаад, улсын цолтон төрүүлэхэд туслаад л улиран сонгогддог эмгэнэлт жишээ бий.
Японд зөвхөн улс төрчид ч биш, бизнесийн байгууллагууд, ажлын орчинд цагийг сайтар мөрдөж, ажилтнууд ажлын байрандаа цагтаа ирэх, үйлчилгээний байгууллагууд цагийг баримтлахад анхаарлаа хандуулдаг. Эргэн сануулахад 2018 онд JR буюу Японы метроны төв компаний галт тэрэг хөдлөх цагаасаа 25 секундээр түрүүлж явсныхаа төлөө олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжлэлд өртөж, фирм уучлалт гуйсан билээ.
Хамгийн гол нь ажил олгогчид, бизнес эрхлэгчид, төрийн байгууллагууд нь цаг бариулах гэж дарамтлаад байдагтаа бус, ажилчдын өөрсдийнх нь далд ухамсарт “Цагийг заавал баримтлах ёстой” гэсэн суурь төлөвшил сууж өгсөн байдагтай холбоотой. 19 настай их сургуулийн оюутан Иссей Изава хэлэхдээ “Миний эцэг эх үргэлж л цагтаа хоцрохгүй байхыг зааж сургадаг. Хэрэв чи хоцорлоо гэхэд түүний ард хичнээн олон хүнд таагүй үр дагавар өөрөө мэдэхгүйгээр нялзааж байдаг гээч хэмээн сургадаг” гэжээ. Тэгвэл 35 настай Канако Хосомура гэгч айлын эзэгтэйн хувьд цагаа баримталдаггүй хүнээс найз нөхрийн харилцаагаа таслахад хэзээд бэлэн бөгөөд хэн нэгнийг хүлээлгэнэ гэдэг хамгийн бүдүүлэг зүйл хэмээн тодорхойлж байна.
Цаг үл баримтлах, ажлын байрны хоцролтоос шалтгаалан тухайн байгууллага, улс оронд санхүүгийн асар их хохирол учирч байдаг. 2017 онд л гэхэд Их Британи улсад ажлын байрны хоцролтоос болж, 9 тэрбум фунт стерлинг буюу 11.7 тэрбум ам.долларын хохирол эдийн засагт учирчээ. Тэгвэл АНУ-ын Нью-Йорк мужид л гэхэд өнгөрсөн жил цаг баримталдаггүй залхуу ажилчдын улмаас 700 сая ам.долларын хохирол, Калифорния мужид 1 тэрбум ам.долларын хохирол учирчээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.