Эдийн засаг
Онц дэглэм ба “Эрдэнэт”: Өттэй мал таргалдаггүй

Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй
Нэг зүйлийг сануулахад, 2009-2010 онд Жаст группийн Стандарт банктай байгуулсан зээлийн гэрээний маргааныг Лондоны олон улсын арбитрын шүүх /ЛОУАШ/ хянаж үзээд “Жаст” группийн төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл болох 50 орчим сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэрээр төлүүлэх шийдвэрийг одоогоос хоёр жил хагасын өмнө буюу 2016 оны есдүгээр сард манайд ирүүлжээ. Уг зээлийн батлан даагч нь (Батлан даагч гэдэг нь зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний үүргийг өмнөөс нь биелүүлэхээ бичгээр илэрхийлж баталгаа гаргасан этгээд) “Эрдэнэт” үйлдвэр мөн гэдгийг шүүх тогтоосон учраас тэр.
Үүнээс өмнө арбитрын шүүх дөрвөн ч удаа хуралдаж, дээрх хугацаанд Стандарт банкнаас гаргасан шүүхийн зардал болон “Жаст” группийн төлөгдөөгүй зээлийн хүүд дахиад 40 гаруй сая ам.долларын төлбөр тавигдсан. Ингээд нийтдээ 90 орчим сая ам.долларын өр, төлбөрийг “Эрдэнэт” үйлдвэрийн нуруун дээр буулгасан байна.
Гэвч шүүхийн эцсийн шийдвэр гарснаас хойш арван сар өнгөрөхөд Монголын Засгийн газар болон “Эрдэнэт” үйлдвэр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул 2017 оны долдугаар сард Стандарт банкны нэхэмжлэлээр ЛОУАШ дахин хуралдаж, 2017 оны тавдугаар сараас эхлэн зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүү, шүүхийн зардал нийлсэн 90 гаруй сая ам долларын төлбөрөөс хүү тооцохоор шийдвэрлэсэн байна. Сарын хүү нь 1 орчим сая ам.доллар. Үүний үр дүнд 2018 оны зургаадугаар сарын байдлаар “Эрдэнэт” үйлдвэрийн Стандарт банкинд төлөх ёстой өр 100 гаруй сая ам долларт хүрсэн байв. Үүнээс хойш дахиад найман сар өнгөрчихөөд байна.
Уг нь одоогоос жил гаруйн өмнө, 2018 оны хоёрдугаар сард УИХ-ын хэсэг гишүүд “Эрдэнэт” үйлдвэр Стандарт банкинд өр төлбөртэй нь үнэн эсэх талаар Засгийн газарт асуулга тавьж, түүнийхээ хариултыг авсан. Энэ болтол Засгийн газар ““Жаст”-ын өрийг “Эрдэнэт” үйлдвэр төлөх ёсгүй. Зээл авсан, баталгаа гаргасан буруутай этгээдээр нь төлүүлнэ” хэмээн зүтгэсээр байсан билээ. Харин УИХ-ын гишүүд албан ёсоор асуулга тавьсны дараа арга буюу “Шүүхийн маргаанд “Эрдэнэт” үйлдвэр ялагдсан” гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг юм. Тийм ч учраас өрийн асуудлыг шийдүүлэхээр ажлын хэсэг гаргаж, дахиад нэг жил өнгөрөхөд асуудал бахь байдагтаа байна. Энэ хэвээрээ үргэлжилбэл нэг л өдөр 49 хувь байтугай 51 хувиа тавьж туучихаад “Үнээгээ алаад, дэлэнг нь шараад идчихсэн” өлсөөд сууж байх вий. Тэгэхээр үйлдвэрийнхний ч, бидний ч хувьд хамгийн ойрын бөгөөд номер нэг зовлон “Монголын зэс”-ийн 49 хувь ч биш, Стандарт банкинд төлөх ёстой өр төлбөрийн асуудал болов уу.
Яагаад “Эрдэнэт” төлөх ёстой тухай
Ш.Батхүү (“Жаст”-ын эзэн) нарыг “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж зээл авсан асуудлаар барьж нэг, тавьж нэг шалгасаар таван жил гаруйн хугацаа өнгөрлөө. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед өрийн асуудал анх сөхөгдөж, Ш.Батхүү гэдэг хүн АТГ-ын байнгын үйлчлүүлэгч болсон түүхтэй. Өрийн асуудал сөхөгдөөд ирэнгүүт авчираад хийчихнэ, намжаад ирэхээр нь тавиад явуулчихна. Ингэж тэгж явсаар энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа ч дуусах бололтой юм шиг байна. Энэ бол манай л ёс.
Харин хүний ёс бол өөр өө. Лондоны олон улсын арбитрийн шүүх / ЛОУАШ / жишээ нь “Эрдэнэт” үйлдвэрээр “Жаст”-ын өрийг төлүүлнэ ээ л гэсэн бол төлүүлж дуусна. Манайхаас өөр оронд, дэлхийн жишигт хууль, шүүх нь ингэж ажилладаг. Барьцаа, баталгаан дээр гарын үсэг зурсан хүн хэн байх, хэн идэж уусан нь тэдэнд огтхон ч хамаагүй. Гагцхүү Монголын нэрийн хуудас болсон “Эрдэнэт” гэдэг үйлдвэр зээлийн баталгаа болсонд учир байна. Тиймээс “Эхлээд манай үйлчлүүлэгчид төлөх ёстой өр төлбөрөө барагдуул. Хэн нь хэнээсээ хулгайлсан тухай асуудлаа дотооддоо шалгаж шийдвэрлэ ээ” л гэж байна.
Үүнээс үзэхэд нэгэнт төлөх ёстой өр төлбөрийг эртхэн төлж барагдуулах нь наанадаж эдийн засагт хэмнэлттэй, цаанадаж “аминд халгүй” байна. Асуудал ужигарвал өнөө “Эрдэнэт”-ээ тэр чигээр нь тавиад туух магадлалтай.
Анх УИХ дээр өрийн асуудал яригдаж байхад л “Үйлдвэрийн дансыг битүүмжилнэ шүү” гэдэг анхааруулгыг шүүхийн зүгээс өгч байсан. Стандарт банкнаас шүүхэд гаргасан хүсэлт ч бас тийм. Тиймээс шүүх үйлчлүүлэгчийнхээ нэхэмжлэлийг хангахын тулд нэг л өдөр “дансыг чинь битүүмжиллээ” гэхэд бидэнд зугтах газар байхгүй. Монгол руу орж ирдэг валютын урсгалын тал нь хаагдаж, Орхон аймгийн амьдрал тэр чигээрээ зогсоно (төсвийнх нь 90 хувийг үйлдвэр дангаараа бүрдүүлдэг). Улсын төсөв өм цөм онгойгоод, цалин тэтгэврээ ч тавьж чадахаа болино.
Наанадаж үйлдвэрийн удирдлагууд албан томилолтоор, ажил хэргийн шугамаар, гадаад түншүүдтэйгээ уулзахаар гадагшаа явлаа гэхэд хилийн хорио тавиад хөлийг нь тушчих аюултай. Тэгээд ч өрөө төлөхгүй байх нь үйлдвэрийн гадаад нэр хүндэд хохиролтой. Магадгүй “Манайх 40 жилийн түүхтэй, 60 жилийн ирээдүйтэй, дэлхийд дээгүүрт ордог зэсийн үйлдвэр ээ. Манайд хөрөнгө оруулна уу” гээд алгаа тосоод очих цаг ирэхэд хөрөнгө оруулагч нар энэ үйлдвэрт, цаашлаад Монголын Засгийн газарт итгэх үү?
Шаварт суусан шарын эзэн хүчтэй
Харин ч өнгөрсөн хугацаанд хувьцаа эзэмшигчдийн маргаан, улс төрийн хэрүүлээс холхон сууж, энэ том үйлдвэр, хамт олныг өдий зэрэгтэй аваад ирсэн үйлдвэрийн удирдлагуудад талархууштай. Хэрэв улстөрчдийн энэ хэрүүл маргаан хуулийн хүрээнээс хальж, хувь хүмүүсийн хэрүүл тэмцэл болоод явчихвал үйлдвэрийн ирээдүйг нэг хүний, нэг хэсэг хүний хүчээр тогтоон барих аргагүй болно. Ядаж л шүүхийн шийдвэрээр тавигдсан өр төлбөрөө цэгцэлчихвэл ажил хариуцаж байгаа хүмүүсдээ ч дэмтэй, ашгийг нь хүртэж суугаа ард иргэддээ ч өгөөжтэй юм даа.
Угаасаа “Эрдэнэт” үйдвэрийг удирдаж байсан үе үеийн удирдлагууд дунд сайн нэр зүүсэн нь нэг ч байдаггүй юм. Тэр тусмаа “Эрдэнэт үйлдвэр-Стандарт банк” гэдэг энэ холбоо үг бий болсноос хойш хэн ч сайхан харж, сайнаар хэлэхээ больсон. Ийм шавар, балчиг дунд ажил явуулна гэдэг хэн хүний хүсээд байх, хүсээд ч чадах зүйл биш. Харин ч үйлдвэрийн удирдлагууд “шаварт унасан шарын эзэн хүчтэй” хэмээн зүтгэж, өр барагдуулах сан хүртэл байгуулаад, хуримтлал үүсгэчихсэн Засгийн газрын амыг хараад сууж байгаа сураг дуулдсан. Засгийн газар эрхийг нь нээгээд өгчихвөл өрөө төлчихье, үйлдвэрээ аварья л гэж байгаа байлгүй. Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэдэг үг ч бас бий.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.