Улс төр
Б.Жаргалсайхан: У.Хүрэлсүх “рекламны пауз”-аа л больчих хэрэгтэй

УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайхантай ярилцлаа.
-Энэ Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахаар арга хэмжээ авч байна. Тухайлбал, гэр хорооллын айлын янданд утаа шүүгч суурилуулна гэж байгаа. Та энэ асуудал дээр өөрийн байр сууриа сошиалаар илэрхийлсэн байсан?
-Улаанбаатар хотын утаа, хөрсний бохирдлоос болж ямар олон хүн өвдөж зовж байгаа билээ. Олон хүн хорт хавдраар өвчилж амь насаа алдах болсон. Олон хүүхэд эхийн хэвлийдээ эндэж, ургийн гажигтай төрж байна. Гэтэл төр нь эргээд үүгээр нь бизнес хийж байна шүү дээ. Нэг талдаа олон хүнийг хордуулж өвчлүүлж байгаад нөгөө талд нь “Өвтгөөд байгаа утааг чинь бид байхгүй болгоно” гээд бизнес хийж байна. Урьд нь утаагүй зуух баахан тавьсан биз дээ. Одоо тэрний үргэлжлэл янданд шүүлтүүр тавих юм байна. Тэр яндангийн шүүлтүүр нь дөрвөн кВт-ын эрчим хүч хэрэглэх гэнэ. Энэ бол солиорол. Тэр хэмжээний цахилгаан зарцуулалтаар шинэ, өндөр технологийн бойлуурын систем тавьчихвал бараг юу ч түлэхгүй байхаар. Шинжлэх ухааны мэдлэггүй, инженерийн боловсролгүй хүмүүсийн царай нь л энэ байхгүй юу.
-Энэ жил утаанд 200 тэрбум төгрөг зарцуулж байна. Энэ бол бүхэл бүтэн нэг станц бариад тавьчих мөнгө гэж хүмүүс ярьж байна?
-Үгүй л дээ. Хэн энэ утааг бий болгоод байгаа юм? Орон нутгаас шилжиж ирсэн иргэд ихэнх нь гэр хороололд амьдарч байна. Эд гол утааг гаргаж байна. Байшинд орох боломжгүй байна. Ажил хөдөлмөр, мэргэжил, боловсролгүй байна. Гадаад явъя гэхээр хэл ус алга. Тэгэхээр арай өөрөөр шийдэх ёстой юм биш үү? Үнэхээр орон нутагтаа өмч хөрөнгө, ажил хөдөлмөргүй нь нэгдээд хөрөнгийн ахин нэг хуваарилалт хийх хэрэгтэй. 60 сая мал байна шүү дээ. Тэр 60 сая малын ядаж 30 саяыг нь малчдаас худалдаж авъя л даа. Хамаагүй, тодорхой хэсгийг нь зээлээр аваад, Улаанбаатар хотод байгаа ажилгүй нөхдийг малжуулж хөдөө рүү нь буцаая. Тэгвэл хүн өмч, хөрөнгөтэй, ажилтай, зорилготой болно шүү дээ. Гэхдээ тэнд очоод баяжих, аз жаргалтай амьдрах нөхцлийг нь бүрдүүлэх хэрэгтэй. Түүнээс энэ чигээр нь нүүлгээд аваачих асуудал биш. Өнөөдөр гэр хорооллын 200 мянган өрх байна. Үүний ядаж 100 мянгыг нь явуулчихъя л даа. Юу нь болохгүй байгаа юм.
Орон нутгийнхан, ялангуяа залуучууд Улаанбаатар руу нүүж байна. Тэгээд одоо бид нар малчингүй болох гэж байна. Малчингүй болчихвол мал өсөх үү. Малгүй, газар нутаг эзэнгүй болно гэсэн үг шүү дээ. Бүгдээрээ энэ жалган дотроо утаа тавиад л, хахаж үхээд байх юм уу. Удахгүй дэлхий даяар интернэт үнэгүй болно. Өөрөөр хэлбэл хөдөөгийн ямар ч айлын хотноос интернэт шууд холбогдоно. Өөрөөр хэлбэл, мэдээллийг тухайн цаг хугацаанд нь авна. Интернэтэд холбогдчихвол өөрөө малдаа явах шаардлагагүй шүү дээ. Дроноор малаа хянаад, орой хураагаад ирнэ. Хөдөөний малчин хүн АНУ-ын фермерүүд шиг гоё амьдарч яагаад болохгүй гэж.
-У.Хүрэлсүхийн хувьд улс төрд хуучин хүн. Гэвч энэ хүнээс Ерөнхий сайдын зангараг, улстөрчийн төлөвшил харагдахгүй байна гэлцэх юм?
-У.Хүрэлсүх одоо “рекламны пауз”-аа болих хэрэгтэй. Төмөр өргөдөг, мотоцикль унадаг ч гэл үү. Юу нь сонин байгаа юм. Ерөнхий сайд хүн толгойгоо ажиллуулах хэрэгтэй. “Байхгүй юмыг яаж бий болгох вэ, яаж монголчуудыг хөрөнгөжүүлэх вэ, аз жаргалтай, эрүүл, хариуцлагатай болгох вэ” гэдгийг шийдэх ёстой. Төрийн албыг зардал багатай болгох ёстой. У.Хүрэлсүхийн хувьд одоо дахиад Ерөнхий сайд болно гээд горьдоод, мөрөөдөөд ч хэрэггүй. Хувь заяа, аз завшаанаар нэг удаа Ерөнхий сайд болсон. Одоо жаахан эрэмгий байж, энэ нийгмийг яаж шинэчлэх вэ гэдгээ бодох хэрэгтэй. Шүүмжлэлээс айх хэрэггүй шүү дээ. “Эдийн засаг ер нь гайгүй болж байгаа шүү, өсч байгаа” гэж яриад байна. Хаана, юу өсөөд байгаа юм бэ. Бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгааг бол харж байна. Тоон дүнгээрээ өсдөг юм байгаа биз дээ, энэ эдийн засаг чинь. Тэрийгээ эдийн засгийн өсөлт гэж яриад байгаа юм уу? Манай Ерөнхий сайд ажил хийхдээ нөгөө Долдой гэдэг шиг л хийгээд байгаа юм болов уу даа.
-Ерөнхийлөгч Х.Баттулгын явуулж байгаа бодлого, хэлж байгаа үгийг хэр дэмжиж байна. Тухайлбал, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-аас ажлын хэсэг гарчихсан, улс төрийн намуудаас санал авсан. Сүүлийн үед Үндсэн хуулийг өөрчлөх тухай битгий хэл, Ерөнхийлөгчийн засаглалтай болох тухай яригдах боллоо?
-Өнөөдрийн засаглал манайд тохирсон гэж би боддог. Монголын төрийн эрхийг гурван хүн хувааж барьж байгаа. Үүнээс өөр бас нэг арга байж болно. Ерөнхий сайд нь маш хүчтэй байх хэрэгтэй. Ерөнхийлөгч бол бэлгэдлийн чанартай, цөөхөн дуугараад, одон медаль гардуулчихаад байж байг. Германд тийм байдаг, канцлер нь их хүчтэй. Ерөнхийлөгч нь ямар ч эрх мэдэл байхгүй, бэлгэдлийн чанартай. Нөгөө нэг асуудал нь Ерөнхийлөгчийн засаглалтай орон болох. Хэрэв тийм болчихвол их хэцүү, Монголд. Гадаад харилцааныхаа тухай бид бодох хэрэгтэй. Гадаад хамтын ажиллагаанаас манай улсын хөгжил маш их хамаарна. Бид зээл авна, аж үйлдвэрийн, технологийн парк бий болгоно. Тэрийг чинь гаднаас л бий болгоно шүү дээ. Бид нарт байхгүй юм чинь. Энэ маш чухал бөгөөд эмзэг асуудал.
Өмнөх гашуун туршлага бий шүү дээ. Орос Тува, Буриадыг, Хятад Өвөрмонголыг авчихсан. Х.Чойбалсан тэрэнд дургүйцсэн. Мань хүн зөрчилдсөн учраас Оросын коммунист намаас дуудаж аваачаад, буцаагаад төмөр авсанд хийгээд л явуулсан шүү дээ. Нэг хүний засаглал ийм л байх нь. Манайх Ерөнхийлөгчийн засаглалтай болвол Ерөнхийлөгчийг Москва руу дуудаад “Чи тэр Америк, Япон энэ тэр гэхээ боль. Манай улс хүчтэй, манайхаас зэвсэг ав. Хонь малынхаа махыг манайд хямд нийлүүл” гэх нь. “Үгүй” гэвэл “нухчихаад” явуулах нь байна шүү дээ. Урагшаа Бээжин байна. “Бид түүхэн ах дүү байсан. Чи Хятад руу нал, Оросоор яана вэ. Манайд бүх юм байна” гэнэ.
Төмөр зам барих ажил одоо болтол байхгүй байгаа биз дээ. Тавантолгойд нарийн цариг тавих уу, өргөн цариг тавих уу гээд гацчихсан. Хятад болохоор нарийн зам тавь гээд. Орос яагаад өргөнийг тавих гээд байгаа юм. “Хэрэв өргөнийг тавьчихвал, Хятадад Монголыг алдчихна. Нарийн замаар хятадууд нүүгээд орно” гэж оросууд үзэж байна шүү дээ. Хоёрдугаарт, хэрэв ийм болвол магадгүй дараачийн ээлжинд газар нутгаа алдах нь Орос болчихоод байна. Тиймээс бид өнөөдөр Ерөнхийлөгчийн засаглал ярьж суухын оронд дэлхийн бүх хөгжилтэй улс оронтой хамтын ажиллагаагаа идэвхжүүл. Тэгж амьдарч байгаа улс орнууд байна шүү дээ. УИХ болохоо байчихсан байгууллага биш. Чадварлаг хүмүүсээр УИХ-аа бүрдүүл л дээ. Баахан “бандаажтай, бандаажгүй” амьтан цуглуулчихаад хэрэлдээд амьтны доог болж явж байх хэрэг байна уу?
-Бүгд Найрамдах нам өнгөрсөн тавдугаар сард намын Онц их хурлаа хийсэн. Хурал хийх болсон шалтгаан юу байв, юу ярьсан бэ?
-Өнөөгийн нийгэм, улс төр, эдийн засгийн байдалд дүгнэлт хийх хэрэгтэй байна. Юу нь болж байна, юу болохгүй байна. Бид намын хурлаараа үүнийг маш нухацтай ярилцсан. Ингэж төрийн эрх барьж байгаа нам, сөрөг хүчинд шаардлага тавьж, улс орныхоо эрх ашгийг хамгаалах хэрэгтэй шүү дээ. Төрийн өмчийг идэж уухад ашигладгаа одоо таслан зогсоох хэрэгтэй байна. Тухайлбал, МИАТ компани байна. МИАТ-д онгоцны түлш өндөр үнээр шахаж иддэг. Элдэв жорлонгийн цаас, сальфетка шахдаг.
“Эрдэнэт” үйлдвэр байна. Асар их хэмжээний бараа материал шахаж, зарж идэж байна. Тухайлбал, Х.Бадамсүрэн гэж захирал байгаа. Миний л мэдэхийн энэ хүн сая хоёр, гуравхан сарын дотор 6-7 тэрбум төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэрийн 40 жилийн ойг тэмдэглэж байна гэж үрэн таран хийлээ. Наадам, ойн баяр, шоу арга хэмжээ хийж мөнгө иддэг боллоо шүү дээ. Намын Онц их хурлаар бид үүнийг ярьсан. Ийм байвал эдийн засаг илүү хүндэрнэ гэдгийг бид бүгдээрээ ярьж байгаа. Одоо ихэнх аж ахуйн байгууллагууд үндсэндээ хаалга үүдээ барьж байна. Арилжааны банкууд өнөөдөр хөрөнгө оруулалтын зээл гэж бараг гаргахгүй байна. Тэгэхээр эдийн засаг хүндэрсэн гэсэн үг. Дараачийн нэг асуудал нь “Чингис”, “Самурай” бондын мөнгийг хэн, хэдийг нь аваад, ямар журмаар, яаж зарсан юм, тэрнийхээ тайланг гаргах хэрэгтэй.
-Сонгогчид сонгуулийг арилжааны хэрэгсэл болгож байна та их ярьдаг байсан. Таныхаар сонгогчийн боловсрол дээрдэж байна уу?
-Хүмүүс бүгдээрээ Эйнштейн, Ньютон, Моцарт, Леонардо Да Винчи болох шаардлагагүй. Зүгээр нэг л зүйлийг ойлгох ёстой. “Би өөрийнхөө эх оронд эрх чөлөөтэй, аз жаргалтай, эрүүл энх, ажил хөдөлмөртэй, орлоготой амьдрах ёстой. Ийм байхын тулд улс төрийн сонгуульд оролцож, саналаа хариуцлагатай өгөх ёстой юм байна. Би хариуцлагатайгаар саналаа өгнө гэдэг зөвхөн өөрийнхөө төлөө биш, хүүхдийнхээ төлөө, хүүхдийнхээ хүүхдийн төлөө юм” гэж. Бид хэдэн үеэрээ Монгол сайхан орондоо амьдрах аз жаргал, эрх чөлөөгөө л сонгох гэж байгаа шүү дээ. Тэгвэл энэ чинь тав, аравхан мянган төгрөгийн үнэтэй байж таарах уу. Эсвэл нэг таваг хоол, ганц шил архи, нэг ширхэг халуун сав, дээлийн өнгөний үнэтэй байж болох уу? Эрээний аялал жуулчлалын эрхийн бичгийн үнэтэй байх уу? Одоо үүнийг бодох цаг болсон биз дээ.
-Та Үйлдвэр худалдааны сайд байсан хүн. Монгол Улс үйлдвэржсэн улс болно гэж 27-28 жил ярилаа. Тэгсэн хэрнээ үйлдвэрүүд нь хөгжихгүй, томрохгүй юм. Яагаад?
-Үйлдвэржүүлнэ гэдэг ганцхан Үйлдвэр, худалдааны сайдын хийдэг ажил биш. Бүхэл бүтэн намуудын мөрийн хөтөлбөр, зорилго, зорилт байх ёстой. Мөрийн хөтөлбөр дээрээ тэр нь байхгүй юм чинь яах юм. Зүгээр л нийлүүлэлтийг дэмждэг мөрийн хөтөлбөртэй. Аваад байя, хэрэглээд байя, тэгээд болоо. Аваад л хэрэглээд байсан чинь хамаг мөнгөө гадагш нь өгөөд, оронд нь болсон болоогүй баахан хог авсан. Хэдэн хуучин машин, жаахан барилгын материал. За тэгээд оймс, гутал. Тэр чинь элэгдээд дуусчихна, дараа нь яах вэ? Хэрэв үйлдвэр байгуулчихвал хүмүүс нь ажилтай байна, улсдаа татвар төлөөд олон хүн түүгээр чинь амьдрах болно. Тэгтэл үүнийгээ 1990 оноос хойш орхигдуулчихсан.
Үйлдвэр хөгжүүлье гэж байгаа бол жишээ нь хүнснийхээ асуудлыг 100 хувь өөрсдөө шийдье. Импортоор орж ирж байгаа ногооны татварыг эрс нэмэх ёстой. Үүнийг шийдэхгүйгээр “Тариаланг дэмжинэ” гээд ногоочдод комбайн, трактор авч өгөөд нэмэргүй. Энд нэг нь арай хийж төмс ургуулаад, 1000 төгрөгөөр зарах гэж байхад нөгөө нь баахан төмс ачиж оруулж ирээд 500 төгрөгөөр зараад байхаар яаж тэр аж ахуй нь явах юм. Хувцас хийнэ л гэж байна. Хувцсыг өмнө нь өөрсдөө оёдог байлаа шүү дээ, манайхан. Тэрийгээ сайхан хөгжүүлчихсэн бол манайхан хувцас биш, ядаж даавуу оруулж ирдэг болчихсон байхсан. Монголд байхгүй нейлон, синтетик, хөвөн даавуунууд оруулж ирээд, төрөл бүрийн гадуур, дотуур хувцсаа өөрсдөө хийдэг болчих хэрэгтэй. Одоо дандаа гадаадад очоод үнэ хямдарсан хувцас авчирч, тэрийгээ 3-4 нугалсан үнээр зарах гээд зогсож байна. Үүнийгээ болих хэрэгтэй. Болихын тулд Монголд үйлдвэрлэж болох бүх барааны импортын татварыг эрс нэмэгдүүлэх хэрэгтэй. Түүнийг нь зөрчсөн, гаалийн татвараас зугатсан, тойрсон төрийн албан хаагч, аж ахуйн нэгж, иргэнийг хуулийн хатуу хариуцлага ногдуулах орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Ингэж эхлээд зах зээлээ хамгаалж, дараа нь үйлдвэрлэлээ хөгжүүлэх ёстой.
Сайд байхдаа би ашигт малтмалын лицензийн тоо 9500 ширхэг байсныг 3500 болгож цөөлсөн. Ашигт малтмалын хуульгүй шахуу, гадаадынхан хамаг юмыг нь авдаг журам, дүрэмтэй байхад нь чиглэл өгч, Ашигт малтмалын тухай хууль гаргасан. Жижиг, дунд үйлдвэрийн хууль, Аж үйлдвэрийн паркийн тухай хуультай болсон. Монгол Улсыг хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр хүртэл гаргасан шүү дээ. Тэрийг маань АН, МАН хоёр одоо өөрсдөө хийсэн юм шиг ярьдаг.
-Танай нам УИХ-д ганцхан суудалтай байсан ч та маш тод хүн байсан. Хурц хэлдэг, сайн ч шүүмжилдэг байсан. Одоо улс төрд, УИХ-д тийм тод, тодорхой хүн харагдахгүй юм аа?
-Энэ УИХ-д ер нь хийж байгаа ажил байхгүй шүү дээ. Одоо яаж ийгээд нэг төсвөө баталчихвал УИХ-ын гишүүд бүгдээрээ гадаад руу тэнээд явчихна. Эд нар ганц л юм бодож байгаа. “Яаж хурдан төсвөө баталж энэ төсвөөс тендер авч, хэдэн цаас идэж уух вэ” л гэж. Тийм учраас эд нарт өнөөдөр яриад байх зүйл алга шүү дээ. Сөрөг хүчин алга байна. Өнөөдөр монгол хүний тухай ярьж байгаа зүйл байгаа юм уу? Байхгүй шүү дээ. Монголчуудыг амьдарвал амьдар, үхвэл үх гэх байдлаар манай улстөрчид хандаж байгаа. Тэгээд жаахан дургүйцэл илэрвэл тэрийг нь худлаа аргална. Саяхан багш нар цалингаа нэмүүлнэ гээд л нэг хэсэг шуугисан. Тэгээд 5-10 хувь нэмсэн болсон, зөрүүлээд ам.долларын ханш хэдэн төгрөгөөр өсөв, бараа бүтээгдэхүүний үнэ хэдэн төгрөгөөр нэмэгдэв. Ингэж л нэг гараараа таван төгрөг өгөөд, нөгөө гараараа 10 төгрөг суйлж байна. Тэгээд энэ тухай хэн ч ярихгүй байна.
Өнөөдөр “Эрдэнэт”-ийн 49 хувь дээр нэмэх нь 51 хувь, ингээд 100 хувь, дээр нь “Оюу толгой”-н 34 хувийн хувьцааг нэмээд монголын алт, зэс, молибдений том корпораци бий болгож болно. Төрийн мэдлийн. Үүнийхээ хувьцааг Лондон, Нью-Йоркийн бирж дээр гаргана. Зөвхөн тэр хувьцаагаар бид 200-гаад сая ам.долларын хөрөнгө босгох боломжтой. Үүгээр нийгмийг бухимдуулаад байгаа бүх асуудлыг шийдчихнэ шүү дээ. Одоо дэлхий дахинд таван жилийн дотор суудлын бүх автомашин, онгоц, унаа цахилгаанаар явдаг болох гэж байна. Тэгэхээр зэс үнэд орно. Харин нефтийн үнэ унана. Яагаад гэхээр нефтийн хээрэглээ багасна. Арабууд буцаад гуйлгачин болно.Тийм учраас бид алт, зэсний корпораци байгуулаад яаралтай олон улсын санхүүгийн зах зээлд гаргах хэрэгтэй байна. Өнөөдрийг болтол бид олон улсын санхүүгийн зах зээлд ерөөсөө олигтой гарсан юм алга. Зөвхөн арилжааны нэг жаахан зээл л авсан. Казахстан том, том ордуудаа түшиглэсэн улсын компаниудаа бүгдийг нь Нью-Иорк, Лондонгийн бирж дээр аваачсан. Өнөөдөр Казакстаны хөгжлийн санд нь 28 сая ам.доллар байна. Тэдэнд саяхан гэхэд л биднээс илүү юм байгаагүй шүү дээ. Харин манай санд ганц л юм байна. Тэр нь хэдэн зуун сая ам.долларын өр.
-Засгийн газар Тавантолгойн 30 хувийг Хөрөнгийн биржээр зараад, хувьцаа тараана, Ирээдүйн хөгжлийн сан байгуулна гэсэн шүү дээ?
-Би галзуурчихсан юм уу, аль эсвэл энэ хүмүүс галзуурчихсан юм уу? Дэлхий даяараа ойрын таван жилийн дотор нүүрснээс 100 хувь татгалзах гээд байхад манай энэ “нойлын ногоон тэг”-нүүд нүүрсээр хувьцаа гаргаж, мөнгө босгоно гээд солиороод байх юм. Өнөөдөр Орос, Хятад манайхыг тойруулаад том хийн хоолойнууд тавьчихаад байна. Одоо дахиад том хийн хоолой тавих гэж байна. Өөрөөр хэлбэл, Хятадад нүүрс шатаахаа болиод хий үйлдвэрлэдэг станц барих гэж байна. Маш олон төрлийн цахилгаан машин үйлдвэрлэхээр эрчимтэй ажиллаж байна. Галт тэрэг нь цахилгаанаар явдаг болж байна. Ганцхан манайд л яндандаа утаа баагиулаад, гал тэрэг нь явж байгаа шүү дээ.
Хоёрдугаарт, Скандиновын орнууд гэж байна. Маш их байгалийн хийн нөөцтэй, нефттэй. Тэдний мөнгө олох арга нь улсын том, том компаниудаа хөрөнгийн бирж дээр гаргаад, эдийн засгийн эргэлтэд оруулж байна. Хөрөнгийн биржээс том хэмжээний мөнгөнүүд босгоно. Тэгж байж том, том хөгжлийн сангууд байгуулж хөгжүүлдэг юм шүү дээ. Манайх болохоор бүгдээрээ халаасны хулгайч. Ханаж дуусна гэж байхгүй.
-Хөгжлийн сан байгуулах гэж байгаагаа Казахстанаас туршлага судалсан гэсэн. Ерөнхийлөгч маань болохоор Азербейжанаас туршлага судлаад…?
-Казахстан улс гэж байхгүй, Оросын хараат улс шүү дээ. Казахстан, Азербайжан аль аль нь нүүрсээрээ дэлхийн зах зээлд гараагүй байхгүй юу даа. Нүүрсээр хэн ч босоогүй. Үүнийг яагаад ойлгохгүй байна вэ. Дэлхий даяар дулаарал бий болоод, усанд автаад энд тэндгүй л газар усны аюул болоод байна. Нүүрс их түлээд дулаараад байгаа юм байна гэдгийг эрдэмтэд тогтоочихсон шүү дээ. “Хойд мөсөн далай хайлаад байна. Тийм учраас нүүрс шатаахаа больё” гээд сая Индонезид болсон Ази, Европын АСЕМ-ын үеэр бүгдээрээ ярьж байна. Тэгтэл манайх тэрнийх нь эсрэг “Үгүй ээ. Бид бүр хэдэн зуун саяар нь нүүрс шатаана. Тэгээд нүүрсний хувьцаа гаргана, та нар аваарай” гэх гээд байна аа даа янз нь. Яаж тэгж болдог юм.
-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ сүүлийн арван хэдэн жил шүүмжлүүлж байна. Хамгийн сүүлд “Далд уурхайн ашиглалтаа хойшлуулна” гэдэг анхааруулга өгсөн. “Сентерра гоулд”-ын араас гараад явчих юм биш биз?
-“Сентерра гоулд”-ын хувьд бол гарсан нь зөв байх аа. Дөчин тонн алт авсан, нэг ч төгрөгийн татвар төлөөгүй. Тэр алтыг бүгдийг нь энд цэвэршүүлээд онгоцоор зөөсөн шүү дээ. Манайд ч тушаагаагүй. Би сайд байхдаа нэг удаа очоод уулзсан. “Одоо үлдсэн алтан дээрээ татвараа төл өө, нөхөд минь. Тэгэхгүй бол та нарыг хөөж явуулна. Дээр нь та нар 40 тонн алт авсан. Тэрнийхээ ёс суртахууны хохирлыг барагдуул” гэсэн. “Манайд таван эмнэлэг барьж өг, инженерүүдийг сургаж өг” гэсэн. Үлдсэн алтан дээр нь 150 сая ам.долларыг шахаж байж авсан. Дээр нь тэр Нэгдүгээр төрөхийн өргөтгөлийг санхүүжүүлсэн юм шиг байна лээ. Уг нь бол би оношлогооны бүх тоног төхөөрөмж, бүх юмыг нь тавиулчихъя гэж бодсон юм.
“Оюутолгой” дээр бол бид ярилцах ёстой. Фрийдланд гээд нөхөр манайд хайгуулын ажил хийсэн. Маш удаан хугацаанд, олон тооны өрөмдлөг хийсэн. Хамгийн сүүлд бүх зүйлээ хураагаад “За, за одоо явъя даа” гэж байтал “Энд нэг ганцхан удаа өрөмдөөд үзье дээ” гэсэн байгаа юм. Тэгээд 1200 метр өрөмдтөл тэндээс зэсийн орд олсон. Тэгээд Фрийдланд компани байгуулаад, түүнийгээ Хөрөнгийн бирж дээр гаргаж, тэндээс нь “Рио Тинто” гэдэг компани тэдний хувьцааг авсан. “Рио Тинто” бол дэлхийн уул уурхайн том компани. Ганц Монголд биш, олон оронд өөрийн салбар уурхайтай. Манай дарга нар унхиагүй юм чинь яахав дээ. “Өө, надад төчнөөн хувийг өгчих. Тэгвэл наад татвар энэ тэрийг чинь хөнгөлөөд өгье” гээд манай дарга нар өөрсдөө гүйж очоод санал болгоод монголчуудад аль болохоор ашиг муутай, алдагдалтай гэрээ хийсэн.
Тэгэхээр “Рио Тинто”-д буруу байна уу, бид нарт буруу байна уу? Бид муу, муухайгаа гадныхан руу дандаа чихдэг. Манай дарга нар л гадныхныг хууль бус юм руу түлхдэг. Тэгж мөнгө иддэг. Тэрний нэг жишээ нь “Оюутолгой”-н гэрээ байхгүй юу. Манай талд ашиг багатай гэрээ. Гэхдээ оройтоогүй, өөр асуудлаар үүнийг нөхөж шийдэх эрх хэмжээ байгаа.
-Та саяхан Сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлэгт суусан байна. Ямар байр суурь илэрхийлэв?
-Цаадуул чинь хуулийн төсөл боловсруулсан байна лээ. Тэр нь үндсэндээ “Сонгуулийг хаалттай хийчихье” гэсэн утгатай. “Ерөөсөө сурталчилгаа хийхгүй, сошиал орчныг хаачихъя, телевиз, радионуудыг цаг, минутаар хавчаад хаачихъя.Тэгээд сонгуулийг 10-14 хоногийн дотор хийгээд сурталчилгаа хийхгүй зүгээр тав таван төгрөг тараагаад хийчихъе” гэсэн тийм л тогтолцоо бичсэн байна лээ. Бид ямар саналтай орсон бэ гэхээр, “Сонгуулийн үйл явцад хяналтыг олон нийтийн байгууллага, мэдээллийн хэрэгсэлд ажиллаж байгаа сэтгүүлч нар, дээр нь нэр дэвшигч нар хийг. Түүнээс СЕХ биш. СЕХ зөвхөн сонгууль зохион байгуулах л үүрэгтэй байг. Дээр нь телевиз, радиог хязгаарлах биш аль болохоор нээлттэй болгох хэрэгтэй” гэсэн. Ярих юмаа яриг. Өөрийнхөө үзэл бодлыг ойлгуулж чадаад олон хүнийг араасаа дагуулж чадвал гар л даа. Тэгж чадахгүй бол хохь нь. Мэдээллийн хэрэгслийг нь хаачихаад, өөрсдөө гарна гэвэл үнэнд арай ч нийцэхгүй байх аа.
Х.Хулан “Ардчилал таймс сонин”

Улс төр
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
Гавьяат эдийн засагч цолоор:
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын ахмад ажилтан Цэвээний Гэлэгжамц,
Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор:
- ХХААХҮЯ-ны ахмад ажилтан Дамдиндоржийн Батмөнх,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
- “Улаанбаатар хивс” ХК-ийн ТУЗ-ийн дарга Цоодолын Зоригт,
Гавьяат механикжуулагч цолоор:
- Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Хүдэр Хурниад” ХХК-ийн зөвлөх механикжуулагч Юмжилийн Жигмэддорж,
Гавьяат мал зүйч цолоор:
- “Монголын махны холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Нанцагийн Батсуурь,
Гавьяат агрономич цолоор:
- “Элит үр” ХХК-ийн агрономич Сүрэнжавын Нямжав,
Малын гавьяат эмч цолоор:
- “Биокомбинат” компанийн Үйлдвэрлэл, технологийн албаны дарга Баянгийн Дуламсүрэн,
Худалдааны гавьяат ажилтан цолоор:
- “Ви интернэйшнл” ХХК-ийн ерөнхий захирал Дэнсмаагийн Батболд,
Сүхбаатарын одонгоор:
- Сэлэнгэ аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга асан, “Түмэн бут” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гавьяат механикжуулагч Хандмаагийн Даваахүү,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- “Говь” ХК-ийн ахмад ажилтан Түвдэнгийн Санжмятав,
- Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ахмад ажилтан, агрономич Лхамжавын Гантулга,
- ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Даваасүрэнгийн Довчинсүрэн,
- ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Баясгалангийн Батшагай,
- Жижиг, дунд үйлдвэрийн газрын хэлтсийн дарга Алтангэрэлийн Гэрэлзаяа,
- ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн багш Лхамын Даваа,
- ХХААХҮЯ-ны ахлах шинжээч Хөхөөгийн Алтангэрэл,
Алтан гадас одонгоор:
- “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн ахлах мэргэжилтэн Ядамцоогийн Отгонбаатар,
- “Доолт жавхлант” ХХК-ийн захирал Багадаваагийн Доржсүрэн,
- ХХААХҮЯ-ны шинжээч Чойжоогийн Долгорсүрэн,
- “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн Булган салбарын захирал Бодьгэрэлийн Ариунбаатар,
- ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн Нямготовын Цэгмэд,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- “Хөдөө аж ахуйн бирж” компанийн ахлах мэргэжилтэн Соёл-Эрдэнийн Алимаа,
- “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн Дархан салбарын захирал Тлеуханы Айгуль,
- Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга Наваансамдангийн Наранбаяр,
- ХХААХҮЯ-ны мэргэжилтэн Шагдарын Цэнд-Аюуш,
- Жижиг, дунд үйлдвэрийн газрын Хоршоог хөгжүүлэх сангийн мэргэжилтэн Цэрэндоржийн Батгэрэл нарыг шагналаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
Улс төр
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 04 дүгээр сарын 17-ны үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Үндсэн хуулийн холбогдох хэсэг заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны гуравдугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсан тухай тэрбээр дурдаад, тус хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй.” гэж, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг … албан тушаал …-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “… Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. …” гэснийг тус тус зөрчсөн байна.” гэж Үндсэн хуулийн цэц дүгнэснийг сануулав.
Улсын Их Хурал дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулсныг тэрбээр ахалж ажилласан байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар, О.Номинчимэг, Г.Уянгахишиг, Ө.Шижир нар орсон бөгөөд хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болгох, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсгийг нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор уулзалт зохион байгуулах нь аливаа этгээдэд нээлттэй байхаар өөрчлөх хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан ээлжит сонгуулийн жил эхэлснээр хойш санал авах өдрийг дуустал, нөхөн болон ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор эд зүйл тараахыг хориглосон зохицуулалтад ажлын хэвлэмэл тайлан хамаарахаар байна гэж үзэж 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болгохоор төсөлд тусгасан байна. Харин хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан эд зүйл тараах гэдэгт хийсэн ажлын цахим тайлан хамаарахгүй гэж ажлын хэсэг үзжээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар 41.9 дэх хэсгийг хүчингүй болгохоос өөр хувилбар ярилцсан эсэх, төсөлд аливаа этгээд гэсэн өөрчлөлт оруулж байгаа нь өмнөх зохицуулалтаас өргөжүүлж сонгуулийн жил эхэлснээс нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх хүртэл зохион байгуулсан уулзалтыг агуулга, хэлбэрийн хувьд хянаж чадахгүй байх эрсдэл үүсэх, эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа ажлын хэсгээс боловсруулсан төсөлд аливаа этгээд хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор уулзалт хийх зохицуулалтыг нээлттэй байхаар тусгасан нь зүйтэй талаар санал хэлжээ. Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Ж.Алдаржавхлан, Ж.Баярмаа, С.Зулпхар, Ц.Мөнхбат, А.Ганбаатар, Ж.Золжаргал асуулт асуув. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа Улсын Их Хурлын гишүүний сонгогч, иргэдтэйгээ уулзсан уулзалтыг сонгуулийн үйл ажиллагаанд хамааруулахгүй гэсэн анхны үзэл баримтлалаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд тусгагдсан. Гэтэл аливаа этгээд гэж томьёолон нээлттэй болгосноор сонгуулийн сурталчилгааны 18 хоногийг үгүйсгэж байна гэж үзэж байгаагаа илэрхийлээд, хуулийн төсөлд туссан аливаа этгээд, уулзалт зэрэг нь юун тухай өгүүлж буйг тодруулан асуув. Түүний асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир хариулахдаа Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын гишүүдэд давуу байдал бий болгосон байна гэж үзсэн тул уг боломжийг хэн бүхэнд нээлттэй болгох нь зүйтэй гэж үзсэн гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан гишүүдийг эргэх холбоотой байхыг сонгогчид шаарддаг гэдгийг онцлоод, хэн бүхэнд хийсэн ажлаа тайлагнахад нээлттэй болчихвол сурталчилгааны 18 хоногийг байхгүй болгох хэрэгтэй гэв. Тэрбээр орон нутгийн сонгуулийн зохицуулалттай ижилсүүлж чандлах шаардлагатай гэсэнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хуулийн төслийг Үндсэн хуулийн цэцийн гуравдугаар дүгнэлтийн хүрээнд боловсруулсан гэсэн тайлбар өглөө.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа сонгуулийн жил Улсын Их Хурлын гишүүд тайлан тавих нь үнэндээ ичгэвтэр зүйл байдаг гээд, аливаа этгээдэд уулзалт хийх эрх олгож байгаа нь дэвшил болж буйг сайшаасан бол Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар гишүүний бүрэн эрх Үндсэн хуульд заасны дагуу төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болдгийг сануулж, хэрэв сонгуулийн жил эхэлснээс хойш иргэд, сонгогчдодоо тайлангаа тавьж чадахгүй бол энэ бүрэн эрхийн хугацаа гурван жил, зургаан сар болчихно гэж тооцож байгаагаа онцлов. Хуулийн төсөлд дурдсан “аливаа этгээд”-д Улсын Их Хурлын гишүүд орно гэдгийг ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир тодотгоод, хийсэн ажлаа тайлагнаж болохоос бус би нэр дэвшинэ, намайг сонгоорой гэж өөрийгөө сурталчилж болохгүй гэсэн тайлбар өглөө. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат хэвлэмэл материалуудыг эд зүйл гэж үзэн сонгогчдод тараахыг хориглож байгаа нь зөв гэж үзэж байгаагаа илэрхийлээд, сонгуулийн жил эхлэхээс өмнө тайлангаа хэвлүүлж, тарааж болох, эсэхийг тодруулан асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар сонгууль бол иргэдийн сонгох, сонгогдох эрхээ эдлэх тэгш боломж байх учиртайг дурдаад, “аливаа этгээд”-д Улсын Их Хурлын гишүүн орвол тэдэнд заавал давуу байдал үүсэх учир энэ заалтыг бүхэлд нь хүчингүй болгох ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, сонгуулийн сурталчилгааны явцад хориглох зүйлс болон тэдгээрийн хугацааны талаар асууж хариулт авав.
Хэлэлцэж буй асуудлаар асуулт, хариулт явагдсаны дараа Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн О.Номинчимэг ардчилал, парламентат ёсоо бэхжүүлэхийн тулд шударга, ил тод, нээлттэй сонгуулийг явуулах нь хамгийн чухал гээд үүний тулд сонгуулийн хууль тогтоомжийг шинэчлэх шаардлагатайн дотор ялангуяа зардлыг бууруулах чиглэлээр дорвитой өөрчлөлт хийх хэрэгтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан хэвлэмэл материал тараах нь шударга сонгуульд харш зүйл гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлж, иргэдийн сонгогдох эрхэд эд мөнгөний босго, зардлын дарамт ихээхэн тээг болдгийг ярьж, эрх мэдэлтэй, албан тушаалтай хүмүүс бэлэг тарааж, тууз хайчилж сонгогчдыг татах ажлыг байнга хийдэг тул зөвхөн сонгуулийн жил гэлгүй бусад жилүүдэд ч эд зүйл тараахыг хориглох нь зүйтэй гэв. Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир ч мөн сонгуулийн тухай хууль тогтоомжийг бүхэлд нь шинэчлэн сайжруулах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа онцолж, ялангуяа намын санхүүжилт, хандив тусламж, тэдгээрийн зарцуулалтыг ил тод, нээлттэй болгох ёстойг өнгөрсөн 2-3 сонгуулийн үеийн мөнгөний урсгалын жишээ баримтуудаар нотлон өгүүлсэн юм.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүд үг хэлж дууссан учир санал хураалтыг чуулганы маргаашийн хуралдаанаар явуулахаар тогтлоо.
Дараа нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ. Хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийн мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм. Тэрбээр тус хуулийн төслийн ажлын хэсгийг мөнхүү ахалж ажиллажээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны хоёрдугаар дүгнэлтийг мөнхүү Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн учир Хууль зүйн байнгын хороо хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллуулсан байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Б.Заяабал, М.Нарантуяа-Нара, Л.Соронзонболд нар ажиллаж, хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг болон 47.7 дахь хэсгийг хөндөж, шүүгчийн тэтгэвэрт гарах насны дээд хязгаарыг Төрийн албаны тухай хуульд заасан насны хязгаартай нийцүүлэх хүрээнд “60” гэснийг “65” болгох, тэтгэвэр тогтоохтой холбоотой бусад харилцааг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохицуулахаар тусгасныг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “…шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэснийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн тул Цэцийн дүгнэлтийн хүрээ, хязгаарт багтаан хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй талаар асуулт асууж, хариулт авч, байр сууриа илэрхийлжээ. Тэдний саналыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зүйтэй гэж үзсэн тул дээрх заалтыг хасаж, хуулийн төсөл боловсруулсан тухайгаа Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир танилцууллаа.
Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг мөнхүү хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин үг хэлэв. Тэрбээр Шүүхийн тухай хуулийн дээрх заалт шүүгчийн тэтгэвэрт гарах насны дээд хязгаар хүртэл буюу 60 нас хүрэх хүртэл томилох зарчмыг алдагдуулсан гэж Үндсэн хуулийн цэц дүгнэснийг тайлбарлаж, хуулийн төслийг энэ хүрээнд боловсруулсныг дурдав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Сронзонболд ажлын хэсэг насны хязгаарыг “65” гэж төсөлд тусгаад байсныг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн хүрээнд хамаарахгүй гэж Байнгын хороо үзэж хассаныг тайлбарлан, аливаа иргэдийн тэтгэвэрт гарах нас, цалин тэтгэврийн асуудлыг ийм байдлаар шийдээд байх нь зохимжгүйг Улсын Их Хурал цаашид анхаарах шаардлагатай гэж үзэж байгаагаа тэмдэглэлээ.
Харин Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа дээр дурдсан заалтыг хассанаар цаана нь үлдэж буй зохицуулалт хуулийн өмнө хүн бүр тэгш байх зарчмыг зөрчсөн байна гээд, шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 55 насанд хүрсэн, эс бол шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулиар тогтоосон тэтгэврийн наснаас таван жилийн өмнө тэтгэвэрт гарах боломжийг шүүгчдэд олгож байгааг тайлбарлалаа. Шүүгчийн тухай хуулийн 40.1-д энэ заалт мөн адил байгаа нь хуулийн зөрчил үүсгэж байна гэж тэрбээр анхааруулаад, тэдэнд давуу байдал үүсгэсэн энэхүү хуулийн зөрчлийг арилгах үүднээс Байнгын хороон дээр унасан ажлын хэсгийн саналыг дэмжиж шийдвэрлэх нь зүйтэй гэв. Түүний асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир хариулахдаа, ерөнхий хууль болон салбарын хуулиуд хоорондоо зөрчилдөх явдал маш их байна. Иймд энэ удаа асуудлыг гагцхүү Цэцийн дүгнэлтийн хүрээнд шийдвэрлээд, цааш цаашдаа хууль хоорондын зөрчлүүдийг арилгах асуудлыг иж бүрнээр авч үзэх ёстой гэж үзсэн гэсэн юм. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ш.Бямбасүрэн шүүхийн хараат бус байдлыг хангах, шүүхийг шинэчлэхийн аль нь илүү чухал вэ гэдэг дээр ажлын хэсэг ямар байр суурьтай байгааг асууж, хариулт авав.
Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан үг хэлэх Улсын Их Хурлын гишүүн байгаагүй тул санал хураалтыг мөнхүү чуулганы маргаашийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 2025 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Монголын хөрөнгийн биржээр дамжин амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн арилжаагаар Өрийн удирдлагын тухай хуулийн 12.1.3-т заасан “Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжих” зориулалтын дагуу 6 сарын хугацаатай, 5 тэрбум төгрөгийн үнэт цаас, 2 жилийн хугацаатай, 5 тэрбум төгрөгийн үнэт цаасыг тус тус Монголын хөрөнгийн биржийн Засгийн газрын үнэт цаасны анхдагч арилжааны системээр дамжуулан арилжааллаа.
Өнөөдрийн арилжаанд хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчид болох банк, даатгал, үнэт цаасны компаниудаас гадна гадаад, дотоодын иргэд оролцсон бөгөөд зарласан нийт дүнгээс 4.4 дахин их буюу 43.7 тэрбум төгрөгийн санал ирж, 6 сарын хугацаатай үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 9.466 хувь, 2 жилийн хугацаатай жигнэсэн дундаж хүү 10.477 хувьтай арилжаалагдлаа.
Цаашид дотоод үнэт цаасны зах зээлийн хөгжлийг дэмжих, хөрөнгийн зах зээлд төгрөгийн бондын өгөөжийн муруйг тогтоох зорилгоор Засгийн газрын дотоод үнэт цаасны хуваарийн дагуу 2025 оны 2 дугаар улиралд 2 долоо хоног тутамд богино болон дунд хугацаатай тус бүр 5 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах ба нийт 60 тэрбум төгрөгийн үнэт цаасыг арилжаална.
Засгийн газраас энэ төрлийн үнэт цаасыг тогтмол бага хэмжээгээр арилжаална. Засгийн газрын үнэт цаасанд хөрөнгө оруулах нь хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн эрсдэлгүй, хөрвөх чадвар өндөртэй санхүүгийн хэрэгсэл бөгөөд үнэт цаасны хүүгийн орлого нь орлогын албан татвараас чөлөөлөгддөг бөгөөд аж ахуйн нэгжүүдийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу гүйцэтгэлийн болон урьдчилгаа төлбөрийн баталгааг Засгийн газрын дотоод үнэт цаасаар гаргах боломжтой зэрэг олон талын ач холбогдолтой. Засгийн газрын дотоод үнэт цаасны 2025.04.16-ны анхдагч зах зээлийн арилжааны үр дүнг ЭНДЭЭС үзнэ үү.
Эх сурвалж: Монгол Улсын Сангийн яам