Эдийн засаг
“БНСУ-аас олгох 500 сая долларын зээлээр Буянт-Ухаа 2, 3 болон Баянголын аманд 8,000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн”

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” Төрийн ордонд өнөөдөр эхэллээ.
Уг зөвлөгөөнд барилгын салбарын 600 гаруй төлөөлөл оролцож, салбарын бодлого, хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалт, мэргэжилтэй ажилчдын эрэлт хэрэгцээ, хэрэгжиж буй төсөл хөтөлбөр зэрэг өргөн сэдвийн хүрээнд зөвлөлдөж байна.
Зөвлөгөөнд оролцогч, салбарын инженер техникийн ажилтан, ажиллагсад хандан Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан үг хэллээ.
Тэрбээр “Барилга, хот байгуулалтын яам жил бүр салбарынхаа үйл ажиллагааг дүгнэж, төрийн бус байгууллага, ААН, мэргэжилтнүүдийн саналыг хүлээн авч, сонсож цаашид хийх ажлаа төлөвлөн, хэлэлцэн шийдвэрлэдэг уламжлалтай. Энэ жилийн “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2019” үйл ажиллагааг Төр болон хувийн хэвшил, аж ахуй нэгж, байгууллагуудын төлөөллийг оролцуулан “Барилга, байгууламжийн норм, нормативын хэрэгжилтийг шинэ шатанд гаргая” уриан дор зохион байгуулж байна.
Бид салбарын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр Хот байгуулалтын тухай, Газрын тухай, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай, Газрын төлбөрийн тухай, Геодези, зурагзүйн тухай хуулиудыг шинэчлэн боловсруулж байгаагийн зэрэгцээ Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хуулийн хугацааг 10 жилээр буюу 2028 он хүртэл сунгалаа.
Барилгын тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд гаргах дүрэм, журам, бодлогын баримт бичгүүдийг баталж дуусгалаа. Засгийн газрын 2019 оны 70 дугаар тогтоолоор “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-ыг батлуулснаар төрийн бодлогын залгамж чанар, салбар хоорондын уялдааг сайжруулах, салбарын хөгжлийг судалгаанд суурилсан техникийн нэгдсэн бодлогоор хангах, байгаль орчин, эдийн засаг, нийгмийн хөгжилд тодорхой ахиц гаргах нөхцөл бүрдлээ. Энэ хүрээнд салбарын амин сүнс болсон норм, нормативыг шинэчлэх ажил хийгдэж байна.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгуур баримт бичиг болох “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг боловсруулах, батлуулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хороог байгуулан, мэргэжлийн судлаач, шинжээчдийн баг тус төслийг боловсруулах ажлыг гүйцэтгэж байна. Энэ төсөл нь Монгол улсын хөгжлийг хөтлөх залуур болсон суурь баримт бичиг болох юм.
“Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-ыг батлуулан, Ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг 2 дахин нэмэгдүүлж, 500 тэрбум төгрөгт хүргэх эрхзүйн нөхцөлийг бүрдүүллээ.
Түүнчлэн “Монголын ипотекийн корпораци” ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор 300 сая ам.долларын бондыг гадаад зах зээлээс амжилттай босгоод байна.
“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2019 онд Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр Говь-Алтай аймагт 120, Хөвсгөл аймагт 135, Орхон аймагт 315, Улаанбаатар хотод 972 айлын нийт 1,542 айлын түрээсийн орон сууцны санг шинээр нэмэгдүүлэн, тавдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Нийтийн аж ахуйн, инженерийн дэд бүтцийн ажил, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих” төслийг эхлүүлж, хуримтлагдсан лагийг бүрэн боловсруулах, үнэргүйжүүлэх, дахин ашиглах технологи нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Шинэ төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орох хүртэл лаг өтгөрүүлэх, үнэргүйжүүлэх төхөөрөмжийг суурилуулж байгаа. Энэ онд лагийг үнэргүйжүүлж дуусна.
Томоохон хот, суурин газрын цэвэрлэх байгууламжийг үе шаттай шинэчлэх ажлын хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь, Архангай аймагт хоногт 3,000 метр куб бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Баян-Өлгий, Завхан, Увс, Дорнод, Говьсүмбэр аймгуудад цэвэрлэх байгууламж барих бөгөөд нийт 21 аймгийн цэвэрлэх байгууламжийг шинээр барих, өргөтгөн шинэчлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Мөн иргэд, аж ахуйн нэгжид төрийн үйлчилгээг шат дараалал багатай, түргэн шуурхай хүргэх, Төрийн байгууллагын ажлын ачааллыг багасгах, үйл ажиллагааны давхардлыг цэгцлэх ажлын хүрээнд барилга байгууламжийн тусгай зөвшөөрлийг олгох, мэргэжлийн инженерүүдийг давтан сургах, мэргэшлийн зэрэг дэв олгох сургалтын эрх зэргийг анх удаагаа мэргэжлийн төрийн бус байгууллагуудын холбоодод, түншлэлээр амжилттай гүйцэтгүүлж, гэрээг сунган ажиллаж байна.
Барилга, хот байгуулалтын яам иргэдийг орон сууцжуулахад онцгойлон анхаарч хэд хэдэн бодлогын арга хэмжээ авч байгаагийн нэг нь Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжих Сүхбаатар дүүргийн “Ногоон нуур” орчмын 1,008 айлын орон сууцны төсөл юм. БНХАУ-аас Монгол Улсад олгож буй 350 сая юаны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдах дээрх орон сууцны барилга, угсралтын ажлыг ирэх тавдугаар сард эхлүүлнэ. Энэ бол иргэдийн ихээхэн хүлээлт үүсгэж буй агаарын бохирдолыг бууруулахад дорвитой хувь нэмэр оруулах нийгмийн бодлогын арга хэмжээ болон хэрэгжих төсөл юм.
Мөн БНСУ-ын Засгийн газраас Монгол Улсад олгох нэн хөнгөлөлттэй 500 сая ам.долларын зээлээр “Буянт-Ухаа” 2, “Буянт-Ухаа” 3, Баянголын аманд нийт 8,000 орчим айлын орон сууц барихаар төлөвлөж, Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах компани шалгараад байна.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 179 дүгээр тогтоолын дагуу БНХАУ-аас олгогдох хоёр тэрбум юаны буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээг шинэчлэж, өргөтгөхөөр төлөвлөн, гэрээ хэлэлцээрийг дуусгахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын 10 байршилд “Сервис центр” байгуулахаар төлөвлөлөө.
Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд 1.4 их наяд төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хэрэгжинэ. Барилгын салбарт томоохон бүтээн байгуулалт өрнөсөн жил байх болно” гэлээ.
Зөвлөгөөн өнөөдөр 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Эх сурвалж: Барилга хот, байгуулалтын яам

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.