Улс төр
Монгол улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа

ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛТЭЙ ХАМТ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТӨСЛҮҮДИЙГ БАТАЛЛАА
Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.11.02) нэгдсэн хуралдаан 10 цаг 13 минутад 50.7 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлаа баталлаа.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим дэд заалтыг хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн эдгээр хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн нэгдсэн хуралдаанд танилцуулав. Тус Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хууль тогтоомжийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, дэгийн хуулийн дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг боловсруулж, төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтсон байна.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж тодруулав. Ингээд хууль тогтоомжийн төслүүдийг бүхэлд нь батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 68.2-91.1 хувийн саналаар төслүүд батлагдлаа.
Засгийн газраас 2019 онд хэрэгжүүлэх төсвийн бодлогын хүрээнд төсвийн зарлагын шинэчлэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд орон нутгийн өмчийн ашиглалт хамгаалалтыг сайжруулах, төсвийн үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр зарим зохицуулалтыг хийхээр холбогдох хууль тогтоомжийн төслүүдийг боловсруулаад байгаа. Тухайлбал, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.7 дах заалтад “ашигт малтмалын хайгуулын болон тусгай зөвшөөрлийн төлбөр”-ийн орлогыг Улсын төсвийн татварын орлогын бүрэлдэхүүнд тусгасан байдаг.
Энэ эх үүсвэрийн 50 хувийг Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.7-д заасны дагуу аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн санд хуваарилах хуулийн зохицуулалттай бөгөөд энэ нь 2020 оноос эхэлж мөрдөгдөх зохицуулалтай. Иймээс хуулийн хэрэгжилтийг нэг жилээр наашлуулж ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын 50 хувийг 2019 онд, үлдэх 50 хувийг 2020 онд буюу нийтдээ 100 хувь тухайн хайгуулын талбай оршиж байгаа тухайн орон нутгийн төсөвт шилжүүлэх зохицуулалтыг Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэлээ.
Түүнчлэн зарим хуулийн хэрэгжилтийг хойшлуулах зохицуулалт хийлээ. Тухайлбал, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн хуулийн хэрэгжилтийг 2021 он болгож хоёр жилээр хойшлуулах үүднээс Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн 9.1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт заасан хууль хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд өөрчлөлт оруулахаар болов.
Мөн Засгийн газраас ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд төсвийн зарлагын өсөлтийг хязгаарлах зорилгоор “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр тогтоолыг батлан хэрэгжүүлж байна. Хөтөлбөр хэрэгжсэн хугацаанд төсвийн сахилга батыг чангатгах, эдийн засгийн өсөлтийг дэмжих зэрэг төсвийн оновчтой бодлого хэрэгжүүлсний үр дүнд төсвийн орлого нэмэгдэж, алдагдал, өрийн хэмжээ төлөвлөж байснаас хурдацтай буурч байна. Эдийн засагт өсөлт гарч, төсвийн үндсэн үзүүлэлт сайжирч байгаа тул олон улсын хөгжлийн түншлэгч байгууллагуудтай удаа дараа хэлцэл хийж тохирсны эцэст иргэдийн орлогын баталгааг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлэх боломж бүрдсэн гэж Засгийн газар үзэж байгаа аж.
Иймээс 2019 оны төсөвт цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх эх үүсвэрийг тусгаж байгаатай холбогдуулан Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 4, 5 дахь дэд заалтуудыг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ. Ингэснээр төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг 2019 оноос төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлэх; түүнчлэн төрийн албан хаагчдын албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг боломж бүрдэж байгаа юм.
Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг сонсов. Төсвийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтжээ.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат, Н.Оюундарь нар Байнгын хорооны дарга болон Сангийн сайд, ажлын хэсгийн холбогдох бусад албан тушаалтнуудаас асуулт асууж тодруулан хариулт авлаа. Ингээд хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 86.7 хувь нь дэмжив.
Хуулийн төсөлд өөрчлөлт орсноор Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ 2019 онд 8 хувь байх бол 2020, 2021 онуудад тус бүр 6 хувьтай байх, харин энэ хугацаанд хэрэглээний үнийн өсөлтийн түвшин жил бүр 8 хувьтай байхаар тусгагджээ.
Уг хуулийн төсөлд тусгагдсанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 2019 онд 9,676.5, 2020 онд 10,713.5, 2021 онд 11,844.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2019 онд 27.4, 2020 онд 26.4, 2021 онд 26.4 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 2019 онд 11,589.8, 2020 онд 12,393.6, 2021 онд 12,901.1 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2019 онд 32.8, 2020 онд 30.6, 2021 онд 28.7 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2019 онд -1,913.3, 2020 онд -1,680.1, 2021 онд -1,056.4 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2019 онд -5.4, 2020 онд -4.1, 2021 онд -2.4 хувь байхаар тус тус батлагдлаа. Түүнчлэн Засгийн газрын өрийн нийт хэмжээ өнөөгийн үнэ цэнээр 2019 онд 19,551.6, 2020 онд 19,390.8, 2021 онд 18,383.6 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх 2019 онд 55.3, 2020 онд 47.8, 2021 онд 41.0 хувь байхаар батлагдлаа.
МОНГОЛ УЛСЫН 2019 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАТАЛЛАА
Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн танилцуулав. Тус Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж дэмжсэн юм.
Хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны танилцуулгад, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлд Сангийн сайдын төсвийн багцад туссан гадаад зээл, тусламжийн ашиглалт, санхүүжих зардлыг 129,219.9 сая төгрөгөөр, агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээнд төлөвлөсөн санхүүжилтийг 80 тэрбум төгрөгөөр, Боловсролын зээлийн санд төлөвлөсөн санхүүжилтийг 42 тэрбум төгрөгөөр, гаалийн шинэчлэлд зориулсан хөрөнгө оруулалтын санхүүжилтийн 2019 онд санхүүжих дүнг 12 тэрбум төгрөгөөр тус тус бууруулахаар болсон.
Харин хүүхэд хамгааллын арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөсөн санхүүжилтийг 5.6тэрбум, Жендерийн тэгш байдлыг хангах үндэсний хорооны урсгал зардлыг 512.4 сая, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн урсгал зардлыг 149.5 сая, Улсын Их Хурлын Тамгын газрын урсгал зардлыг 3,050.0 сая, Хүний эрхийн үндэсний комиссын урсгал зардлыг 93.9 сая, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төсөвлөсөн санхүүжилтийг 8тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэхээр болсон. Мөн Монгол Улсын хүн ам, орон сууцны тооллого хийх зардалд 1.8 тэрбум, Хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд хуулийн дагуу олгох нөхөх олговрын санхүүжилтэд 5 тэрбум, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлд 47 тэрбум, нийслэлийн Баянгол дүүргийн 141 дүгээр сургуулийн урсгал зардалд зориулж 4 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд нэмж тусгахаар болсныг дурджээ.
Түүнчлэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлд орон нутгийн төсөвт хөрөнгө оруулалтын зориулалтаар улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг олгох нь зүйтэй гэж үзэж нийтдээ 189 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хуваарилах, энэ эх үүсвэрийг аймаг, сумын төвийн шинэчлэл, зам талбайн тохижилт, гэрэлтүүлэг зэрэг дэд бүтцийн арга хэмжээнд зарцуулах, мөн орон нутгийн төсөвт байгууллагууд болон Засаг даргын Тамгын газрын барилгын их засвар, тоног төхөөрөмж, албан хэрэгцээний автомашин худалдан авахад зарцуулах зөвлөмжийг аймаг, нийслэлийн удирдлагуудад хүргүүлэхээр төсөлд тусгаад байсан. Гэвч төслийн хэлэлцүүлгийн явцад төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах эрсдэл үүсэж болзошгүй тул тухайн бүс нутагт хийгдэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг улсын төсвөөс санхүүжүүлэхээр уг эх үүсвэрийг улсын төсөвт татан төвлөрүүлэх нь зүйтэй гэж орон нутгаас сонгогдсон зарим гишүүд үзсэнтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр гишүүдийн олонх нь дэмжсэн. Иймээс орон нутгийн төсөвт хөрөнгө оруулалтын зориулалтаар тусгасан эх үүсвэрээс 180 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлж, зарим орон нутагт хийх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг улсын төсвөөс санхүүжүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Мөн стратегийн ач холбогдол бүхий эдийн засгийн өсөлтийг дэмжих төсөл, арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг сайжруулах, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хангах үүднээс зарим хөтөлбөр, төсөл, арга хэмжээ, түүнчлэн хүн амын өсөлттэй уялдуулан нийслэлийн иргэдийн тав тухтай амьдрах нөхцөлийг хангахад шаардлагатай зарим хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг 2019 оны төсвийн жилд санхүүжүүлэхээр болсны зэрэгцээ Хавдар судлалын үндэсний төв, Улсын хоёрдугаар нэгдсэн эмнэлгийг бие даан удирдлагаа хэрэгжүүлэхтэй холбоотойгоор татаас олгож, төсвөөс бүрэн гаргах бодлого нь цаг хугацааны хувьд эртэдсэн арга хэмжээ гэж үзсэний үндсэн дээр буцааж улсын төсвөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Эдгээр өөрчлөлтийг төсөлд тусгаснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 9,676,480.0 сая төгрөг буюу ДНБ-ний 27.4 хувь, нийт зардал 11,589,094.1 сая төгрөг буюу ДНБ-ний 32.8 хувь болж, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал 1,912,614.1 сая төгрөг буюу Засгийн газрын өргөн мэдүүлсэн түвшинд, өөрөөр хэлбэл ДНБ-ний 5.4 хувьтай тэнцүү байхаар тооцсон байна.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ч.Улаан, Ж.Мөнхбат, Ө.Энхтүвшин, М.Билэгт, Н.Оюундарь, Л.Энх-Амгалан нар Байнгын хорооны дарга болон Сангийн сайд, Ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм.
Үүгээр төсвийн тухай болон сангуудын төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг дуусгаж, дөрөв дэх хэлэлцүүлгийг эхэллээ. Хэлэлцүүлгийн энэ шатанд Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн зүйл, заалт нэг бүрийг уншин сонсгож, хуулийн төслийн зүйл, заалт нэг бүрээр санал хураалгалаа.
Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн зорилт нь Монгол Улсын 2019 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, орлого төвлөрүүлэх байгууллага, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, орон нутгийн төсвөөс зарцуулах эрх олгох, Төсвийн тогтворжуулалтын сан болон Ирээдүйн өв санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээ, Ирээдүйн өв сангаас улсын төсөвт олгох шилжүүлэг болон улсын төсөвт төлөх өглөг барагдуулалтын хэмжээ, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн гүйлгээтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа аж.
Монгол Улсын төсөвт 2019 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 7,353,673.5 сая төгрөгөөр баталлаа. Харин Монгол Улсын төсвөөс 2019 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын (тэнцвэржүүлсэн орлогод нийцсэн) хэмжээг 9,406,581.7 сая төгрөгөөр батлав.
Мөн Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2019 оны төсвийн жилд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг1,553,399.2 сая төгрөгөөр, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх “Барих-Шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн дүнг 144,699.2 сая төгрөгөөр тус тус батлав. Түүнчлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд 2019 оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 322, 000.0 сая төгрөгөөр баталлаа. Мөн Засгийн газар 2019 оны төсвийн жилд шинээр хийх зээллэг болон өрийн баталгааны дээд хэмжээг 2,169,099.9 сая төгрөг байхаар батлав.
Түүнчлэн Орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, орон нутгийн төсвөөс төвлөрүүлэх орлого, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн хэмжээг баталсан юм. Түүнчлэн Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2019 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлт, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх “Барих-Шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн жагсаалт, Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөс 2019 онд сумдын орон нутгийн хөгжлийн санд олгох урамшуулал, дэмжлэгийн хэмжээг хавсралтаар тус тус баталлаа.
Ингээд Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 90.5 хувийн саналаар бүхэлд нь баталлаа. Үүгээр чуулганы үдзэс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлав.
Үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж батална гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Улс төр
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
Гавьяат эдийн засагч цолоор:
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын ахмад ажилтан Цэвээний Гэлэгжамц,
Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор:
- ХХААХҮЯ-ны ахмад ажилтан Дамдиндоржийн Батмөнх,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
- “Улаанбаатар хивс” ХК-ийн ТУЗ-ийн дарга Цоодолын Зоригт,
Гавьяат механикжуулагч цолоор:
- Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Хүдэр Хурниад” ХХК-ийн зөвлөх механикжуулагч Юмжилийн Жигмэддорж,
Гавьяат мал зүйч цолоор:
- “Монголын махны холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Нанцагийн Батсуурь,
Гавьяат агрономич цолоор:
- “Элит үр” ХХК-ийн агрономич Сүрэнжавын Нямжав,
Малын гавьяат эмч цолоор:
- “Биокомбинат” компанийн Үйлдвэрлэл, технологийн албаны дарга Баянгийн Дуламсүрэн,
Худалдааны гавьяат ажилтан цолоор:
- “Ви интернэйшнл” ХХК-ийн ерөнхий захирал Дэнсмаагийн Батболд,
Сүхбаатарын одонгоор:
- Сэлэнгэ аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга асан, “Түмэн бут” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гавьяат механикжуулагч Хандмаагийн Даваахүү,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- “Говь” ХК-ийн ахмад ажилтан Түвдэнгийн Санжмятав,
- Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ахмад ажилтан, агрономич Лхамжавын Гантулга,
- ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Даваасүрэнгийн Довчинсүрэн,
- ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Баясгалангийн Батшагай,
- Жижиг, дунд үйлдвэрийн газрын хэлтсийн дарга Алтангэрэлийн Гэрэлзаяа,
- ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн багш Лхамын Даваа,
- ХХААХҮЯ-ны ахлах шинжээч Хөхөөгийн Алтангэрэл,
Алтан гадас одонгоор:
- “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн ахлах мэргэжилтэн Ядамцоогийн Отгонбаатар,
- “Доолт жавхлант” ХХК-ийн захирал Багадаваагийн Доржсүрэн,
- ХХААХҮЯ-ны шинжээч Чойжоогийн Долгорсүрэн,
- “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн Булган салбарын захирал Бодьгэрэлийн Ариунбаатар,
- ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн Нямготовын Цэгмэд,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- “Хөдөө аж ахуйн бирж” компанийн ахлах мэргэжилтэн Соёл-Эрдэнийн Алимаа,
- “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн Дархан салбарын захирал Тлеуханы Айгуль,
- Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга Наваансамдангийн Наранбаяр,
- ХХААХҮЯ-ны мэргэжилтэн Шагдарын Цэнд-Аюуш,
- Жижиг, дунд үйлдвэрийн газрын Хоршоог хөгжүүлэх сангийн мэргэжилтэн Цэрэндоржийн Батгэрэл нарыг шагналаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
Улс төр
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 04 дүгээр сарын 17-ны үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Үндсэн хуулийн холбогдох хэсэг заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны гуравдугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсан тухай тэрбээр дурдаад, тус хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй.” гэж, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг … албан тушаал …-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “… Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. …” гэснийг тус тус зөрчсөн байна.” гэж Үндсэн хуулийн цэц дүгнэснийг сануулав.
Улсын Их Хурал дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулсныг тэрбээр ахалж ажилласан байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар, О.Номинчимэг, Г.Уянгахишиг, Ө.Шижир нар орсон бөгөөд хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болгох, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсгийг нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор уулзалт зохион байгуулах нь аливаа этгээдэд нээлттэй байхаар өөрчлөх хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан ээлжит сонгуулийн жил эхэлснээр хойш санал авах өдрийг дуустал, нөхөн болон ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор эд зүйл тараахыг хориглосон зохицуулалтад ажлын хэвлэмэл тайлан хамаарахаар байна гэж үзэж 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болгохоор төсөлд тусгасан байна. Харин хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан эд зүйл тараах гэдэгт хийсэн ажлын цахим тайлан хамаарахгүй гэж ажлын хэсэг үзжээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар 41.9 дэх хэсгийг хүчингүй болгохоос өөр хувилбар ярилцсан эсэх, төсөлд аливаа этгээд гэсэн өөрчлөлт оруулж байгаа нь өмнөх зохицуулалтаас өргөжүүлж сонгуулийн жил эхэлснээс нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх хүртэл зохион байгуулсан уулзалтыг агуулга, хэлбэрийн хувьд хянаж чадахгүй байх эрсдэл үүсэх, эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа ажлын хэсгээс боловсруулсан төсөлд аливаа этгээд хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор уулзалт хийх зохицуулалтыг нээлттэй байхаар тусгасан нь зүйтэй талаар санал хэлжээ. Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Ж.Алдаржавхлан, Ж.Баярмаа, С.Зулпхар, Ц.Мөнхбат, А.Ганбаатар, Ж.Золжаргал асуулт асуув. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа Улсын Их Хурлын гишүүний сонгогч, иргэдтэйгээ уулзсан уулзалтыг сонгуулийн үйл ажиллагаанд хамааруулахгүй гэсэн анхны үзэл баримтлалаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд тусгагдсан. Гэтэл аливаа этгээд гэж томьёолон нээлттэй болгосноор сонгуулийн сурталчилгааны 18 хоногийг үгүйсгэж байна гэж үзэж байгаагаа илэрхийлээд, хуулийн төсөлд туссан аливаа этгээд, уулзалт зэрэг нь юун тухай өгүүлж буйг тодруулан асуув. Түүний асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир хариулахдаа Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын гишүүдэд давуу байдал бий болгосон байна гэж үзсэн тул уг боломжийг хэн бүхэнд нээлттэй болгох нь зүйтэй гэж үзсэн гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан гишүүдийг эргэх холбоотой байхыг сонгогчид шаарддаг гэдгийг онцлоод, хэн бүхэнд хийсэн ажлаа тайлагнахад нээлттэй болчихвол сурталчилгааны 18 хоногийг байхгүй болгох хэрэгтэй гэв. Тэрбээр орон нутгийн сонгуулийн зохицуулалттай ижилсүүлж чандлах шаардлагатай гэсэнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хуулийн төслийг Үндсэн хуулийн цэцийн гуравдугаар дүгнэлтийн хүрээнд боловсруулсан гэсэн тайлбар өглөө.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа сонгуулийн жил Улсын Их Хурлын гишүүд тайлан тавих нь үнэндээ ичгэвтэр зүйл байдаг гээд, аливаа этгээдэд уулзалт хийх эрх олгож байгаа нь дэвшил болж буйг сайшаасан бол Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар гишүүний бүрэн эрх Үндсэн хуульд заасны дагуу төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болдгийг сануулж, хэрэв сонгуулийн жил эхэлснээс хойш иргэд, сонгогчдодоо тайлангаа тавьж чадахгүй бол энэ бүрэн эрхийн хугацаа гурван жил, зургаан сар болчихно гэж тооцож байгаагаа онцлов. Хуулийн төсөлд дурдсан “аливаа этгээд”-д Улсын Их Хурлын гишүүд орно гэдгийг ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир тодотгоод, хийсэн ажлаа тайлагнаж болохоос бус би нэр дэвшинэ, намайг сонгоорой гэж өөрийгөө сурталчилж болохгүй гэсэн тайлбар өглөө. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат хэвлэмэл материалуудыг эд зүйл гэж үзэн сонгогчдод тараахыг хориглож байгаа нь зөв гэж үзэж байгаагаа илэрхийлээд, сонгуулийн жил эхлэхээс өмнө тайлангаа хэвлүүлж, тарааж болох, эсэхийг тодруулан асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар сонгууль бол иргэдийн сонгох, сонгогдох эрхээ эдлэх тэгш боломж байх учиртайг дурдаад, “аливаа этгээд”-д Улсын Их Хурлын гишүүн орвол тэдэнд заавал давуу байдал үүсэх учир энэ заалтыг бүхэлд нь хүчингүй болгох ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, сонгуулийн сурталчилгааны явцад хориглох зүйлс болон тэдгээрийн хугацааны талаар асууж хариулт авав.
Хэлэлцэж буй асуудлаар асуулт, хариулт явагдсаны дараа Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн О.Номинчимэг ардчилал, парламентат ёсоо бэхжүүлэхийн тулд шударга, ил тод, нээлттэй сонгуулийг явуулах нь хамгийн чухал гээд үүний тулд сонгуулийн хууль тогтоомжийг шинэчлэх шаардлагатайн дотор ялангуяа зардлыг бууруулах чиглэлээр дорвитой өөрчлөлт хийх хэрэгтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан хэвлэмэл материал тараах нь шударга сонгуульд харш зүйл гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлж, иргэдийн сонгогдох эрхэд эд мөнгөний босго, зардлын дарамт ихээхэн тээг болдгийг ярьж, эрх мэдэлтэй, албан тушаалтай хүмүүс бэлэг тарааж, тууз хайчилж сонгогчдыг татах ажлыг байнга хийдэг тул зөвхөн сонгуулийн жил гэлгүй бусад жилүүдэд ч эд зүйл тараахыг хориглох нь зүйтэй гэв. Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир ч мөн сонгуулийн тухай хууль тогтоомжийг бүхэлд нь шинэчлэн сайжруулах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа онцолж, ялангуяа намын санхүүжилт, хандив тусламж, тэдгээрийн зарцуулалтыг ил тод, нээлттэй болгох ёстойг өнгөрсөн 2-3 сонгуулийн үеийн мөнгөний урсгалын жишээ баримтуудаар нотлон өгүүлсэн юм.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүд үг хэлж дууссан учир санал хураалтыг чуулганы маргаашийн хуралдаанаар явуулахаар тогтлоо.
Дараа нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ. Хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийн мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм. Тэрбээр тус хуулийн төслийн ажлын хэсгийг мөнхүү ахалж ажиллажээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны хоёрдугаар дүгнэлтийг мөнхүү Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн учир Хууль зүйн байнгын хороо хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллуулсан байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Б.Заяабал, М.Нарантуяа-Нара, Л.Соронзонболд нар ажиллаж, хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг болон 47.7 дахь хэсгийг хөндөж, шүүгчийн тэтгэвэрт гарах насны дээд хязгаарыг Төрийн албаны тухай хуульд заасан насны хязгаартай нийцүүлэх хүрээнд “60” гэснийг “65” болгох, тэтгэвэр тогтоохтой холбоотой бусад харилцааг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохицуулахаар тусгасныг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “…шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэснийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн тул Цэцийн дүгнэлтийн хүрээ, хязгаарт багтаан хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй талаар асуулт асууж, хариулт авч, байр сууриа илэрхийлжээ. Тэдний саналыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зүйтэй гэж үзсэн тул дээрх заалтыг хасаж, хуулийн төсөл боловсруулсан тухайгаа Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир танилцууллаа.
Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг мөнхүү хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин үг хэлэв. Тэрбээр Шүүхийн тухай хуулийн дээрх заалт шүүгчийн тэтгэвэрт гарах насны дээд хязгаар хүртэл буюу 60 нас хүрэх хүртэл томилох зарчмыг алдагдуулсан гэж Үндсэн хуулийн цэц дүгнэснийг тайлбарлаж, хуулийн төслийг энэ хүрээнд боловсруулсныг дурдав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Сронзонболд ажлын хэсэг насны хязгаарыг “65” гэж төсөлд тусгаад байсныг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн хүрээнд хамаарахгүй гэж Байнгын хороо үзэж хассаныг тайлбарлан, аливаа иргэдийн тэтгэвэрт гарах нас, цалин тэтгэврийн асуудлыг ийм байдлаар шийдээд байх нь зохимжгүйг Улсын Их Хурал цаашид анхаарах шаардлагатай гэж үзэж байгаагаа тэмдэглэлээ.
Харин Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа дээр дурдсан заалтыг хассанаар цаана нь үлдэж буй зохицуулалт хуулийн өмнө хүн бүр тэгш байх зарчмыг зөрчсөн байна гээд, шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 55 насанд хүрсэн, эс бол шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулиар тогтоосон тэтгэврийн наснаас таван жилийн өмнө тэтгэвэрт гарах боломжийг шүүгчдэд олгож байгааг тайлбарлалаа. Шүүгчийн тухай хуулийн 40.1-д энэ заалт мөн адил байгаа нь хуулийн зөрчил үүсгэж байна гэж тэрбээр анхааруулаад, тэдэнд давуу байдал үүсгэсэн энэхүү хуулийн зөрчлийг арилгах үүднээс Байнгын хороон дээр унасан ажлын хэсгийн саналыг дэмжиж шийдвэрлэх нь зүйтэй гэв. Түүний асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир хариулахдаа, ерөнхий хууль болон салбарын хуулиуд хоорондоо зөрчилдөх явдал маш их байна. Иймд энэ удаа асуудлыг гагцхүү Цэцийн дүгнэлтийн хүрээнд шийдвэрлээд, цааш цаашдаа хууль хоорондын зөрчлүүдийг арилгах асуудлыг иж бүрнээр авч үзэх ёстой гэж үзсэн гэсэн юм. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ш.Бямбасүрэн шүүхийн хараат бус байдлыг хангах, шүүхийг шинэчлэхийн аль нь илүү чухал вэ гэдэг дээр ажлын хэсэг ямар байр суурьтай байгааг асууж, хариулт авав.
Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан үг хэлэх Улсын Их Хурлын гишүүн байгаагүй тул санал хураалтыг мөнхүү чуулганы маргаашийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 2025 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Монголын хөрөнгийн биржээр дамжин амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн арилжаагаар Өрийн удирдлагын тухай хуулийн 12.1.3-т заасан “Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжих” зориулалтын дагуу 6 сарын хугацаатай, 5 тэрбум төгрөгийн үнэт цаас, 2 жилийн хугацаатай, 5 тэрбум төгрөгийн үнэт цаасыг тус тус Монголын хөрөнгийн биржийн Засгийн газрын үнэт цаасны анхдагч арилжааны системээр дамжуулан арилжааллаа.
Өнөөдрийн арилжаанд хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчид болох банк, даатгал, үнэт цаасны компаниудаас гадна гадаад, дотоодын иргэд оролцсон бөгөөд зарласан нийт дүнгээс 4.4 дахин их буюу 43.7 тэрбум төгрөгийн санал ирж, 6 сарын хугацаатай үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 9.466 хувь, 2 жилийн хугацаатай жигнэсэн дундаж хүү 10.477 хувьтай арилжаалагдлаа.
Цаашид дотоод үнэт цаасны зах зээлийн хөгжлийг дэмжих, хөрөнгийн зах зээлд төгрөгийн бондын өгөөжийн муруйг тогтоох зорилгоор Засгийн газрын дотоод үнэт цаасны хуваарийн дагуу 2025 оны 2 дугаар улиралд 2 долоо хоног тутамд богино болон дунд хугацаатай тус бүр 5 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах ба нийт 60 тэрбум төгрөгийн үнэт цаасыг арилжаална.
Засгийн газраас энэ төрлийн үнэт цаасыг тогтмол бага хэмжээгээр арилжаална. Засгийн газрын үнэт цаасанд хөрөнгө оруулах нь хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн эрсдэлгүй, хөрвөх чадвар өндөртэй санхүүгийн хэрэгсэл бөгөөд үнэт цаасны хүүгийн орлого нь орлогын албан татвараас чөлөөлөгддөг бөгөөд аж ахуйн нэгжүүдийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу гүйцэтгэлийн болон урьдчилгаа төлбөрийн баталгааг Засгийн газрын дотоод үнэт цаасаар гаргах боломжтой зэрэг олон талын ач холбогдолтой. Засгийн газрын дотоод үнэт цаасны 2025.04.16-ны анхдагч зах зээлийн арилжааны үр дүнг ЭНДЭЭС үзнэ үү.
Эх сурвалж: Монгол Улсын Сангийн яам