Энтертайнмент
Хакүход ирсэн магтаал ба зэмлэл
Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга М.Даваажаргал макүүчид 42 дахь түрүүгээ хүртэхдээ 15 дахь удаагаа уналгүйгээр 15 давж, Харү башёд 8 дахь удаагаа түрүүлсэн билээ. Тэрбээр сүүлийн өдөр Какүрюү аваргатай барилдахдаа гараа гэмтээсэн бөгөөд гарын шөрмөсөө тасалсан байж магадгүй гэсэн эмчийн урьдчилсан дүгнэлт гарчээ. Хэрвээ гэмтэл нь ноцтой бол Хакүхо аварга 31-нд эхлэх тойргийн барилдааныг өнжих юм байна.
Тэмцээний дараа Ёкозүнагийн зөвлөл хуралдсан бөгөөд Хакүхо аваргыг сайн барилдлаа хэмээн магтсан ч үзэгчдийг “Банзай” хийлгэж уухайлуулсаныг нь шүүмжилжээ.
Мөн Сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар сэкивакэ Такакэйшод озэки цол олгохоор болжээ. Өдгөө 22 настай тэрбээр түүхэнд 9-д тэмдэглэгдэх залуу озеки болсон байна.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.