Нийгэм
Хүний нөөц гадагш урсаж, хувийн компаниуд ажиллах хүчгүй болох нь

Хөдөлмөрийн насны залуучууд гадагш дүрвэх болсноор байгууллагууд хүнд байдалд орж байна
Монголын эдийн засгийн 40 гаруй хувийг үйлчилгээний салбар эзэлдэг. Энэ салбар хамгийн том ажил олгогч бөгөөд хөдөлмөрийн зах зээлийн өнгө төрхийг тодорхойлж буй. Сүүлийн жилүүдэд үйлчилгээний салбар тогтвортой ажиллах хүчний хомсдолд орж, хүний нөөцийн эрэлд дор бүрнээ гарцгаах боллоо. Тухайн ажилд таарах, тохирох хүнийг олно гэдэг захирлуудын хувьд хамгийн гол бэрхшээл бас толгойны өвчин. Шинэ орсон нь ажилдаа тийм ч удаан ажиллах хүсэлгүй эсвэл тодорхой хугацааны дараа гадагшаа явах, өөр ажилд шилжих үзэгдэл хамгийн түгээмэл болоод байна. Энэ нь ажиллах хүчний эрэлд компаниуд өөрсдөө гарахад хүргэжээ.
Жижиг компани, аж ахуйн нэгжүүд хүний нөөцийн хэлтэсгүй, үүнийг илүү зардал хэмээн харж, тусгайлан хариуцсан мэргэжлийн хүнгүй, зөвхөн гүйцэтгэх удирдлага хэнийг ажилд авахаа шийдэж ирсэн нь өнөөдөр ээлжит бэрхшээл болов. Бизнес эрхлэгчдийн хувьд хүний нөөцийн асуудалтай үргэлж тулгарч, өөрсдийн хүнээ бусдад алдахгүй эсвэл тогтоон барих үүднээс нэмэлт төлөвлөөгүй зардал хүртэл гаргаж байна. Үйлчилгээний салбарын дийлэнх нь жижиг аж ахуйн нэгжүүд бөгөөд хүний нөөцөө шийдвэрлэх нь тэдэнд томоохон сорилт болсоор багагүй хугацааг үзлээ.
Дотоодын нийт бүтээгдэхүүний 60 орчим хувийг үйлдвэрлэдэг нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүд ажлын байрны зараа мэдээллийн хэрэгслээр үргэлж явуулсаар. Компаниудын өөрсдийнх нь цахим хуудсаар зочлоход хэчнээн ажлын байр эзнээ хүлээж байгааг харж болно. Тухайлбал, М-Си-Эс групп гэхэд 60 ажлын байр зарласан бол “Тэсо” корпораци мөн тооны ажилтан авахаа нээлттэй мэдээлжээ. Орон нутаг дахь жижиг дунд үйлдвэрүүд бас л ажиллах хүчний дутагдалтай тулсаар. Гэтэл улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд энэ оны хоёрдугаар сарын байдлаар 33.9 мянгыг давжээ. Үүний 9.9 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.
“Сэргэн мандалт” группийн үүсгэн байгуулагч Б.Төмөрчулуун “Худалдаа аж үйлдвэрийн танхим тогтвортой үйл ажиллагаа явуулж буй 60 гаруй мянган аж ахуйн нэгжийн боловсон хүчний шилжилт хөдөлгөөнд үнэлэлт дүгнэлт өгөх цаг болсон. Хувийн хэвшил дэх ажиллах хүч маш тогтворгүй болсон. Тиймээс тухайн ажилтны орсон гарсан гэсэн тодорхойлолтыг гаргадаг болох хэрэгтэй. Ингэснээр хариуцлагатай болно. Түүх үүснэ. Ажилтны орсон, гарсан бүртгэл хийснээр компаниудад ч илүү амар хялбар нөхцөл бүрдэнэ. Ямар нэгэн зөрчил гаргаж байсан эсэх гээд дүгнэлттэй болно гэсэн үг. Өнөөдөр ажил биш орлого хөөж байна. Гэтэл ажил хийх чадвар нь чухал. Байгууллагаа хууран мэхэлдэг, гэнэт гадагшаа явдаг, өөр газар давхар ажиллах зэрэг асуудал байна. Тохиолдлоор хүн ажилд авна гэдэг эрсдэлтэй болж эхэллээ. Хөдөлмөрийн биржээр энэ харилцааг явуулах ёстой. Нөгөө талдаа бараа, таваарыг биржээр үнэ хаялцуулдаг. Үүнтэй адил үнэхээр сайн ажилтан байвал яагаад үнэ хаялцуулж, өндөр цалин амлаж авч болохгүй гэж” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Компани толгойлж, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй захирлуудын уулзаад ярьдаг нэг ярианы сэдэв нь хүний нөөц болсон гэхэд хилсдэхгүй. Сайн ажилтан гэдэг тэдний хувьд өдрийн од мэт тохиолдох болсныг гүйцэтгэх захирлуудын CEO клубийн уулзалтаар бизнес эрхлэгчид хөндөж байв. Томоохон компаниуд нээлттэй ажлын байр ихээр зарлах болсноор жижиг, дунд компаниудад ажиллах хүчээ алдах, эсвэл цалингийн зардлаа өсгөх, ажилтныхаа нийгмийн боломжийг нэмэгдүүлэх зэрэг шинэ нөхцөл байдал тулгарах болжээ. Цалинг нь нэмж чадахгүй нөхцөлд ажилтнаа алдахад хүрч байна.
“Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг “Манай компанийн хувьд ажилтнууд маань харьцангуй тогтвортой ажилладаг. Гэхдээ доод шатанд ажилд орох, гарах үзэгдэл тодорхой хэмжээнд байна” гэв. Эдийн засаг 2018 он гарснаас хойш сэргэж эхэлснээр бизнесийн идэвхжил сайжирсан. Ингэснээр аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагаа нэмэгдэж, үйл ажиллагаа өргөтгөх, үйлдвэрлэлээ тэлэх болсноор шинэ ажлын байр олноор гарах болжээ. Жишээлбэл, “Тэсо” корпораци үндсэн бизнесийн үйл ажиллагаанаас гадна барилгын шинэ төсөл эхлүүлсэнтэй холбогдуулан өдөр болгон шинээр ажлын байр зарлах болов. Нөгөө талдаа компаниуд хүний нөөцөөр дутагдах болсон нь зах зээлд ижил төрлийн тоглогчид олширч, өрсөлдөөн ширүүсэх болсноор үнэ цэнэтэй ажилтны эрэлт хэрэгцээ нэмэгдсэнтэй холбоотой. Хэдий компаниуд олон ажлын байр хөдөлмөрийн зах зээлд санал болгодог ч тухайн ажлын байранд тэнцэх хүний нөөц хангалтгүй байгааг ажил олгогчид мөн хэлцгээдэг.
Ажил олгогч бага цалингаар ажиллуулах хүсэлтэй бол ажилтан өндөр цалинг горилж, ажил олгогч, ажилтны зам эндээс салах нь түгээмэл. Тэрчлэн ажлын шаардлага хангахгүй, тухайн зарласан ажлын байранд гологдох атлаа өндөр цалин хүсэх, илүү нөхцөл шаардах хандлага сүүлийн үед газар авчээ. Мөн ажилтны ур чадвар хүлээлтэд хүрэхгүй байгаагаас болж ажилтнаа явуулахаас аргагүй болдог байна. Үүнээс гадна тухайн байгууллагын соёл буруу, ажил хийдэг хүнээ үнэлж чаддаггүйгээс болж сайн хүнээ алдаж байна.
Байгууллагын хүний нөөц өөрсдийн ажилд хэрэгтэй хүнээ таньж авч чаддаггүй эсвэл хүнд суртал гаргах зэрэг наад захын хандлагаас үүдэн зарим ажил горилогч дараагийн шатнаас татгалзах тохиолдол гардаг байна. Өндөр цалин авах хүсэлтэй боловч ажлын бүтээмж тааруу, хөдөлмөрийн зах зээлийн шаардлагыг хангахгүй боловсон хүчин олноор гарч байгаа нь компаниуд дахин дахин ажлын байр зарлахад мөн нөлөөлдөг аж. Боловсролын чанар, хүмүүсийн мэргэжил сонголт нөгөө талдаа ажилгүйдлийн суурь шалтгаан болж байна.
Захирлуудын ярианы гол сэдэв нь хүний нөөц болжээ
Хөдөлмөрийн эдийн засгийг судалдаг эдийн засагч, “Ажил” номын зохиогч Д.Лхагвасүрэн “Улс орнуудын эдийн засгийн бодлогын хамгийн чухал асуудал нь ажил эрхлэлт. Бид ажилгүйдлээ ул суурьтай бодож, ярьж, шийдэл олж чадахгүй цаг их алдаж байна” гэв. Компаниуд ажиллах хүчээр дутмаг болж байгаа нь сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн насны залуучууд амьдралын нөхцөлөө сайжруулахаар хилийн дээс алхах болсонтой холбон зарим эдийн засагч тайлбарлаж байна. Хэрвээ хөдөлмөрийн насны ид хийж бүтээх насандаа яваа залуучуудаа гадагш алдсаар байвал дотоодын компаниудын цаашдын хөгжилд ч энэ нь ихээхэн хор уршиг учруулах нь гарцаагүй.
Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Нийгэм
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.
Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.
Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Нийгэм
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.
Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
-
Энтертайнмент12 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм15 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр17 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм17 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент16 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм15 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм12 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ
-
Нийгэм12 цаг өмнө
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ