Нийгэм
Х.Баттулга: Монгол Улсад угсрах гэж буй “ТВС-2 МС” агаарын хөлгийг ой хээрийн түймэр унтраахад ашиглах боломжтой
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний ивээл дор “Гал түймрийн гамшгийн хохирлыг бууруулахад бүх нийтийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх, гал түймрийн гамшгийн хохирлыг бууруулахад бүх талын оролцоог хангах, олон нийтийн оролцоо, үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх, гал түймэртэй тэмцэх бэлтгэл, бэлэн байдал, чадавхийг сайжруулах, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлэв.
Жилд дунджаар 3,520 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, 200 гаруй хүн амь насаа алдаж, 80 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан статистик байна
Тэрбээр ““Гал түймрийн гамшгийн хохирлыг бууруулахад бүх нийтийн оролцоо” сэдвийг хөндөн энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон асуудал гэж үзэж байна.
Монгол Улсад өнгөрсөн таван жилийн хугацаанд жилд дунджаар 3,520 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, 200 гаруй хүн амь насаа алдаж, 80 гаруй тэрбум төгрөгийн эдийн засгийн хохирол учирсан статистик байна. Гал түймэр нь эдгээр нийт тохиолдлын 90 гаруй хувийг (объектын гал түймэр 84%, ой хээрийн түймэр 3.2%), гамшиг осолд өртөж амь насаа алдсан хүний 33 хувийг (объектын галд 31.7%, ой хээрийн түймэрт 1.5%) эзэлж байна. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, хүн амын өсөлт, хотжилтын нөлөөгөөр гал түймрийн давтамж, хамрах хүрээ улам бүр нэмэгдэх болсныг мэргэжлийн байгууллагууд сануулах болсон.
ОХУ-ын Гал эсэргүүцэх албанаас 2012-2016 онд хийсэн гал түймрийн судалгаагаар Монгол Улс 1,000 хүнд ногдох галын тоогоор 57 орноос 40-д, 100 мян.хүн тутамд нас барсан хүний тоогоор 9-д, түлэгдэж бэртсэн хүний тоогоор 42 орноос 34-д жагсаж байна.
Монгол Улсад зонхилон тохиолдож байгаа гал түймэр нь ихэвчлэн иргэдийн санамсар болгоомжгүй, хэнэггүй үйлдэлтэй холбоотой байна. Учир нь обьектын түймэр гарч буй шалтгааны 60 шахам хувь, ой хээрийн түймрийн тэн хагас нь хүний буруутай үйлдлээс үүдэж гарснаас тодорхой харагдаж байна. Гал түймэрт өртсөн нэг га ойг нөхөн сэргээхэд 2,500 орчим суулгац шаардлагатай. Энэ нь ой болоход 90 жилийн хугацаа зарцуулагдана.
Гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх, гарч болзошгүй хохирлыг бууруулах чиглэлээр техник, технологийг ашиглах шаардлагатай. Нэн ялангуяа шатахуун бага зарцуулдаг, эдийн засгийн үр ашигтай, байгаль, цаг агаарын хүнд нөхцөлд нислэг үйлдэх чадвартай бага оврын нисэх онгоцыг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ашиглах нь зүйтэй байна. Тухайлбал, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчнийхээ мэдлэг, боловсролыг ашиглан Монгол Улсад угсрах гэж буй “ТВС-2 МС” агаарын хөлгийг ой хээрийн гал түймэр унтраах, шүхэрчдийг тээвэрлэх, агаараас эрэн хайх ажиллагаанд ашиглах боломжтой юм.
Иймээс иргэн хүний санаатай, санамсаргүй буруутай үйлдлээс урган гарч буй гал түймрийн гамшгийн хохирлыг бууруулахад бүх нийтийн оролцоог хангахад анхаарлаа хандуулж, цаашид энэ чиглэлээр хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээ, шийдлийг энэ хэлэлцүүлгээс гаргаж, бүх түвшинд хариуцлагатай хэрэгжүүлж ажиллана гэж найдаж байна.
Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй хөндүүр сэдвүүдээр миний бие хэлэлцүүлэг санаачлан хэлэлцүүлж, хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн” гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралын “Гал түймрийн нөхцөл байдал, анхаарах зарим асуудал” илтгэлийг сонсов.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр5 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр5 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр5 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм3 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр3 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө