Эдийн засаг
О.Батбаяр: Шударга бизнест шүгэл үлээгчид үгүйлэгдэж байна

“Транспэрэнси интернэйшнл Монгол” байгууллагын гүйцэтгэх захирал О.Батбаяртай ярилцлаа.
-Хувийн хэвшлийн үйл ажиллагаа тэлэхийн хэрээр шударга бус бизнес, авлига, мөнгө угаалттай холбогддог гэж яригдах боллоо. Энэ талаар эхэлж асуумаар байна?
-Манай улсад хувийн хэвшлийн авлигын эсрэг хууль эрх зүйн орчин нөөц чадавх асуудалтай. Тухайлбал, саяхан хувийн нэгэн сургууль бизнес хийх гэж байгаад удирдлагууд нь мөнгө угаасан хэрэгт холбогдлоо. ТУЗ-ийн дарга нь компаниа аврах эзэн.
Гэтэл тэр хүн, та компаниа аврахын төлөө ямар ч аргаар хамаагүй мөнгө ол гэж явуулсан болж харагдаж байна. Гүйцэтгэх захирал ТУЗ-ийн даргын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх үүрэгтэй. Гэхдээ хууль бус зүйл болоод байгааг мэдэж байсан бол уг нь дохио өгөх ёстой. Энэ жишээ мөнгө угаалттай, ЖДҮ-тэй холбогдоно.
Түүнчлэн шатахуун нийлүүлдэг компани, тариалан эрхлэлтийн болон сурах бичгийн компаниуд хуйвалдан зах зээлийг эзэлж байна. Тэгэхээр эрх зүйн орчинд шүгэл үлээгчдийн хууль байхгүй байгаатай холбогдож дээрх мөнгө угаах авлигын хэрэг гарсаар байна. Манай улс авлигын эсрэг индекст оноо алддаг үзүүлэлтийн нэг нь шүгэл үлээгчдийн эрх зүйн байдлын тухай хуульгүйтэй холбоотой.
Тухайн улс дотоод хяналтын хуульгүй бол асуудалтай болдог. Тухайлбал, нэгэн компани хугацаа дууссан барааныхаа шошгыг хусдаг гэж ажилтан нь шүгэл үлээсэн. Гэтэл түүнийг ажлаас нь халсан. Өөрөөр хэлбэл, тэр залуу болохгүй зүйлийг хэлснийхээ төлөө халагдаад өнгөрсөн.
Манайх энэ хүмүүсийн эрхийг хамгаалах хуультай байсан бол уг ажилтан хохирохгүй байсан. Харин Австрали улсын хуулиар бол тэр залуу ажлаас халагдсаны төлөө компаниасаа 600 сая төгрөг авах эрхтэй. Учир нь тухайн компани авлигын шинжтэй эсвэл нийгэмд хор хохирол учруулах зөрчил байгааг мэдсээр байж мэдээлэхгүй бол хуулийн хариуцлага хүлээх тогтолцоотой.
-Нэг үгээр, байгууллагын дотоодод хяналтын бүтэц бие даан ажиллах ёстой гэсэн үг үү.
-Социализмын үед манай төрийн байгууллагад өөрийгөө шүүмжлэх, байгууллагын дотоод шүүмжлэл гэсэн бүтэц байсан. Үүнийг уламжлуулан хуулиар баталгаажуулах ёстой. Харамсалтай нь өмнөх нийгмээс авах сайн зүйлээ орхигдуулсан. Хэрэв ЖДҮХС-д ажиллаж байсан төрийн албан хаагч олон нийтийн эрх ашгийн төлөө мэдээлэл түгээж байгаа хүнийг хамгаалах эрх зүйн байдлын тухай хуультай байгаад хэн нэгэн шударга ажилтан мэдээлсэн бол бид аль эрт мэдэх байлаа.
Энэ хууль хувийн хэвшлийг шударга бизнес хийхэд нөлөөлөөд зогсохгүй, компанийг нийгмийн хариуцлагатай байлгахад түлхэц болж авлига, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдох нөхцөлийг хааж өгнө.
-Манайд нягтлан бодох бүртгэл, аудит үнэлгээ хийх байдлаар хяналт шалгалт явуулдаг хуультай. Ингэлээ гээд ил тод байдал нь хангагдаж байна УУ?
-Зөрчил байсаар байна. Жишээлбэл, уул уурхайн том компани энэ онд байгууллагын тохижилтод 42 тэрбум төгрөг зарцуулна гэж байна. Нөгөө үр дүнтэй зарцуулалт хаана байна. Олон нийтийн компани ийм дураараа байж болохгүй. Аудит хийлээ ч зардал хэтрүүлсэн гэдгээр хариуцлага хүлээлгэх хууль байдаггүй.
Нөгөөтэйгүүр эцсийн өмчлөгчийг зарладаггүй. Бизнесийн тэлэх орчинд эцсийн өмчлөгчөө зарлаж олон нийтийнх болно гэдэг асуудалтай. Мөн зүй бус нөлөө, улс төрийн хандивыг зохицуулсан хууль хангалтгүй. Компаниуд улс төрийн хандив өгөөд хариуд нь концесс эсвэл өгсөн мөнгөө хэд нугалж авдаг.
Хуулийн хэрэгжилт хангалтгүй. Лоббины хууль, ашиг сонирхлыг зохицуулах хуульгүй. Үүнээс болж төрийн худалдан авалт шударга бус. Дарга нарын компани авдаг. Ингэхээр бизнесийн орчин шударга бус, хууль эрх зүйн орчин хангалтгүй байна. Мөн гааль, татварын орчин шударга бус. Tөp бизнесийн орчинд хутгалдаж юу ч биш болгосон. Иймээс төр, хувийн хэвшлийн түншлэлийн хууль гаргаж төрийг бизнесээс салгах хэрэгтэй.
-Тэгвэл хувийн хэвшлийнхэн хариуцлагатай бас, ил тод байхын тулд төрийг хараад суугаад байлгүй өөрсдөө хийж хэрэгжүүлж болох зүйл юу байна?
-Манай компаниудад бодлогын баримт бичиг байна уу гээд судлахад хангалтгүй. Алсын хараа, үнэт зүйлсээ тодорхойлсон компани тэр чинээгээрээ нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагатай байх эхний алхам. Манай байгууллага хувийн хэвшлийн бодлогын баримт бичгийг боловсруулсан. Компаниуд байгууллагынхаа хэмжээнд шүгэл үлээгчийн болон авлигын эсрэг мөрддөг журамтай байх ёстой. Манай ихэнх компанид байдаггүй.
Тухайлбал, төрийн байгууллагатай хамтарч ажилласнаар бэлэг өгч болохгүй, авч болохгүй, хоолонд оруулж болохгүй, буруу мэдээлэл түгээвэл эрсдэлтэй авлига болох магадлалтай гэх мэт. Тухайн компани удаан оршин тогтнохын тулд авлигаас сэргийлсэн гарын авлагатай, дотооддоо хяналттай байхаас гадна хил, гааль, гаалийн байцаагч нартай харьцдаг гадаад худалдааны ажилтан авлига өгч байгаад баригдвал тэр компани дуусна.
Тиймээс эрсдэлтэй үеэ тодорхойлсон байх хэрэгтэй. Компаниуд хэдийгээр авлигаас ангид гэдэг ч төр нь авлигад өртөмтгий байгаа нь тэднээс шалтгаалахгүй байна. Жишээлбэл, Монголд уул уурхай, хүнд үйлдвэрийн машин механизм нийлүүлдэг “Вагнер Ази” компани тендерт нэг ч удаа ялж байгаагүй гэдэг.
Учир нь тус компани төрийн албан хаагч нартай уулзаж авлига өгдөггүй. Тэрнээс биш тендерийн сонгон шалгаруулалтад байнга оролцдог гэж захирал нь ярьж байсан

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.