Нийгэм
Үндэсний хуримтлалыг Монгол брэнд удирдана

Уул уурхайн салбар технологийн болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа дэлхийн стандарт, дээд жишгийг шаардаж энэ хэрээр Монголын төр энэ салбарт шинэ арга барилаар ажиллах ёстой болж байна.
10 гаруй жилийн өмнө уул уурхай өндөр хөгжсөн орнуудын жишгээр алсыг харж хэтийг төлөвлөн “Эрдэнэс монгол” компанийг байгуулсан нь өдгөө стратегийн 17 ордыг нэгтгэсэн Монголын хамгийн том компаниудын нэгдэл болоод байна. Төрийн төлөөллийг хэрэгжүүлэх, стратегийн ач холбогдол бүхий ордуудыг ашиглах, хөрөнгө оруулалт санхүүжилт хийх, мега төслүүд болон шинэ технологи нэвтрүүлэх гэсэн 4 том бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тус компани өнөөдөр Монгол брэнд болж чаджээ.
Тус нэгдлийн сүүлийн гурван жилийн санхүүгийн тоон үзүүлэлтүүдийг үзвэл, 2016 онд 682.7 тэрбум, 2017 онд 1.4 их наяд, 2018 онд 75 тэрбум төгрөгийн орлого олж, улсын төсөвт 2016 онд 104.7 тэрбум, 2017 онд 286 тэрбум, харин 2018 онд 13 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлжээ. Дээрх ашгийн дүнгээс энэ компани ойрын жилүүдэд 20-30 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах нь гэж эдийн засагчид багцаалан тооцоолдог бол харин тус компани 2024 оноос 14 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн аж. Тус компанийн хувьцаа эзэмшигчийн хувьд Монголын иргэн бүрт энэ тоо хамаатай. Засгийн газрын шийдвэрийн дагуу “Эрдэнэс Монгол” компанийн давуу эрхийн хувьцааг иргэн бүр эзэмших бөгөөд тэр утгаараа Эрдэнэс Монгол компанийг “3 сая иргэний компани” хэмээн тодорхойлдог. Харин тус компанийнхан хүн амын өсөлттэй уялдуулан давуу эрхийн 3 сая хувьцааг 5 сая болгон нэмэгдүүлэхээр ханцуй шамлаад буй.
Эрдэнэс Монгол компани ойрын ирээдүйд үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлж, нүүрс зэс алт мөнгө зэрэг уул уурхайн үйлдвэрлэлээс гадна эрчим хүч, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт бизнесээ өргөжүүлэхээр зорьж байна. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн улсын эдийн засагт үзүүлсэн хувь нэмэр ийнхүү тасралтгүй тэлэхийн зэрэгцээ компанийнхаа зэрэглэлийг ахиулж, сүүлийн жилүүдэд үйл ажиллагаандаа олон улсын стандарт, туршлагад тулгуурласан бизнесийн ёс зүй, компанийн засаглалын ил тод зарчмыг баримталж ажиллаж байгааг онцлох хэрэгтэй.
Аливаа байгууллагын үйл ажиллагаа хамт олны мөн чанарыг байгууллагын алсын хараа, ажлын зарчмаас таньж болдог гэдэг. Саяхан тус компани ажлын зарчмаа тодотгон тодорхойлж, зарчмын дагуу өндөр бүтээмжтэй ажиллах, аливаа эрсдэлээс сэргийлэх чадвартай байх зорилгыг тавьж, зөв оновчтой менежментээр ил тод нээлттэй ажиллах бодлогыг дээд зэргээр чиглүүлэн ажиллах болсон. Тус компанид 2-4 мэргэжил давхар эзэмшсэн, 2-оос дээш хэлтэй өндөр боловсролтой залуус ажилладаг бөгөөд 30 гаруйхан настай доктор ч тэдний дотор бий. Харин эдгээр ажилтнуудынхаа ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг хангах нь Эрдэнэс Монголын тогтвортой үйл ажиллагааг урт хугацаанд улам баталгаажуулах учиртай юм.
“Эрдэнэс Монгол ХХК хувьцаагаа хөрөнгийн биржээр арилжаалдаг, хөрөнгө босгодог, ард түмэнд ногдол ашиг өгдөг, иргэдэд үйлчилдэг компани байх ёстой” гэдгийг бодлого тодорхойлогчид хэлж байгаа. Стратегийн чухал ордууд, тэдгээрийг түшиглэн хөгжүүлэх дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг хариуцаж, судалгаа тооцоо гарган орд тус бүрийн үнэлэх ажлыг гүйцэтгэх, иргэд төрийн мэдлийн бүх ордынхоо үр шимийг зэрэг хүртээд явах нөхцөлийг бий болгох гээд тус компанийн үүрэг хариуцлага улам бүр тэлж байна. Цаашдаа стратегийн 39 орд энэ компанийн мэдэлд очих бөгөөд Баялгийн сан”-гийн ажил Эрдэнэс Монгол” дээр суурилна.
Эрдэс баялгийн орлогоо зохистой удирдаж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх бодлого тогтолцоог хэрэгжүүлэх гэж байгаа энэ чухал цагт үр хүүхдүүдийн минь баялгийн сан, монголчуудын үндэсний хуримтлалыг удирдах асар их үүрэг, хариуцлага Эрдэнэс Монголчуудыг хүлээж байгаа. Энэ хэрээр тус компанийн үйл ажиллагаа, алсын харааг иргэд олон нийт төдийгүй гадны хөрөнгө оруулагчид ч анхааралтай ажиглаж байна.
“Эрдэнэс Монгол”-ын алсын хараа чиглэж буй үр ашигтай, бодитой боломжтой эдгээр ажлууд ойрын ирээдүйд үр дүнгээ өгөхийн цагт тус компанид хандах иргэдийн итгэл хандлага сайжирч, олон улсад энэ нэрээр бахархах болох нь гарцаагүй юм.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.