Эдийн засаг
Л.Нямбаяр: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 45 км замд асфальт хучилт хийхээр төлөвлөсөн

Ерөнхий сайд У.Хүрэлсүх нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох сайд, агентлагийн дарга нар болон холбогдох байгууллагуудын удирдлагууд, ТББ-ын төлөөллүүдтэй уулзсан тэрээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Гашуунсухайт боомт хүртэлх авто замын засварын ажил болон тэмдэг, тэмдэглэгээг сайжруулах, жолооч нарын нийгмийн халамж үйлчилгээ, эрүүл ахуй аюулгүй байдалд анхаарах, жолооч нарыг сургалтанд хамруулах, 10-15 км тутамд түр зогсоол байгуулах, уурхайн ачилт, гаалийн бүрдүүлэлтэд шинээр зохицуулалт хийх зэрэг чиглэлээр хугацаатай үүрэг өгсөн.
Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлтэй холбогдуулан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай авто замд хийж буй зам арчлалт, бүтээн байгуулалтын ажлын талаар “Эрдэнэс Монгол” компанийн Дэд бүтэц, ложистикийн газрын захирал Л.Нямбаяртай ярилцлаа.
-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд энэ жил хэчнээн машин нүүрс тээвэрт явж байгаа вэ.
– Өнөөдрийн байдлаар 13 мянга гаруй машин нүүрс тээвэрт явж байгаа.
-Замын даацын хувьд хэчнээн тээврийн хэрэгсэл зорчих ёстой вэ?
-Нүүрсний эрэлт, нийлүүлэлт, замын ачааллыг судлахад 7,000 орчим машин байхад нүүрс тээврийн үйл ажиллагаа хэвийн явах нь гэж тооцоолсон. Өнгөрсөн оны сүүлчээр АТҮТ-өөс улирал тутамд 5,500 С зөвшөөрөл олгоно гэж мэдээлсэн. Цагаан хаданд буулгасан нүүрсийг цааш боомт руу гаргах зөвшөөрөл бүхий машины тоо гэсэн үг. Мэдээж 7,000 дотроо хязгаартай байвал тээврийн нэвтрүүлэх чадвар илүү байна.
– Замын эвдрэл гэмтлээс болж мөн жолооч нарын аюулгүй байдал хангалтгүй байгааг ярьдаг. Зам, дэд бүтцийг сайжруулах чиглэлээр ямар ажил төлөвлөж байна вэ?
– Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн зам бол нийслэл, орон нутгийн ердийн замаас ачаалал, хөдөлгөөний эрчмийн хувьд ялгаатай юм. Нэг машинд 68-70 тонн нүүрс ачдаг. Машины өөрийн жинтэйгээ нийлээд 90-95 гаруй тоннын жинтэй машинууд өдөр тутам тасралтгүй явж байгаа учраас замд эвдрэл үүсдэг. “Эрдэнэс Монгол” ХХК энэ онд онд зам засварт онцгойлон анхаарч байгаа. Тухайлбал, бид өнгөрсөн жилийн замын өнгө хучилтаас 5 дахин илүү буюу 45 км замд асфальт хучилт хийхээр төлөвлөсөн.

Хүйтний улиралд зам засах боломжгүйгээс өвөл үүссэн эвдрэл машины хөдөлгөөнд томорч эвдрэл нэмэгддэг байсан. Тэгвэл бид хүйтэн асфальтын технологийг нэвтрүүлээд байгаа.Ингэснээр жилийн аль ч улиралд замд үүссэн эвдрэлийг тухай бүрд нь засаж, нөхөх боломжтой болсон. Эдийн засгийн хувьд ч хэмнэлт бий болно гэсэн үг.
– Сүүлийн үед зам засвараас илүүтэй замын гэрэлтүүлэг болон зам дагуух бусад төлөвлөлтийн асуудлыг жолооч нар их хөнддөг болсон байна?
– Тог цахилгаан, усан хангамж, стандартын бие засах газар зэрэг эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд холбогдох байгууллагууд анхаарч, энэ асуудлыг хамтарч шийдэх шаардлагатай. Нэн түрүүнд нэг талаас Цагаан хад, нөгөө талаас Цогтцэцийгээс цахилгаан татах шаардлагатай болж байна. Энэ асуудлаар манай компани судалгааны ажлыг эхлүүлсэн. Мөн нарны панелиар ажиллуулах талаар бас судалж байна.
Сүлжээ байхгүй байгаа нь бас том асуудал. Зам дээр ямар нэгэн байдлаар техник доголдох болон эрүүл мэндийн асуудал үүсэхэд тусламж дуудах боломжгүй. Замын цагдаа нарын хяналтын төхөөрөмж нь сүлжээгээр ажилладаг. Камерын хяналт мөн л сүлжээгээр…
Тиймээс замын засвар арчлалтаас гадна тог цахилгаан, сүлжээний асуудалд холбогдох байгууллагууд анхаарлаа хандуулж, хамтраад шийдэх хэрэгтэй юм. Бид МТШХХГ болон Юнител компанид хүсэлтээ тавьсан. Энэ ажил дэмжигдээд дэвшил гараад явж байна.
– Амралтын цогцолбороос гадна зам дагуух түр зогсоолуудыг 10-15 км тутамд барих чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Энэ жилийн хувьд танай төлөвлөлт яаж хийгдсэн бол?
– Машин техникийн осол гэмтэл гарахад замаа чөлөөлж эвдрэлээ засах, жолооч нар цуваанд хүлээлгүй замаа чөлөөлж амрах нөхцөл бүрдүүлэхийн тулд жижиг зогсоолууд зайлшгүй байх ёстой. Бид түрүү жил 30 түр зогсоол барьсан. Энэ жил 20 түр зогсоол барина. Барих зогсоолуудынхаа хэмжээг томсгож 6-7 машин зогсох талбайтай барихаар төлөвлөж байна. Мөн ус зайлуулах хоолойнуудыг барина.
– Замын ослын дийлэнх нь жолооч нарын анхаарал болгоомжгүйгээс гарсан байдаг. Жолооч нарт аюулгүй зорчих нөхцөл, дүрэм журмыг сайтар таниулах шаардлагатай болов уу
– Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр жил бүр 300-аас багагүй жолоочийг хүнд даацын тээвэр хийх чиглэлээр сургаж мэргэшүүлэх, ажилд зуучлахыг 7 дугаар сарын 1-ний дотор зохион байгуулахыг Ерөнхий сайд даалгаад байгаа. Энэ чиглэлд нэлээд ажлууд хийгдэх болов уу. Ер нь жолооч нар гэрээсээ хол, удаан хугацаанд зам дээр амьдарч байна. Тэдэнд соён гэгээрүүлэх ажил дутагдаж байна. Тиймээс Баян зам ТББ-аас ФМ радио ажиллуулах хүсэлт гаргасныг бид дэмжлэг үзүүлээд явж байгаа. ФМ-ээрээ дамжуулаад сэтгэлзүйн, эрүүл мэндийн, аюулгүйн гээд зөвлөмж зөвлөгөө өгөх боломж бүрдэх юм.
– Жолооч нарын эрүүл мэнд, хөдөлмөр хамгаалалд анхаарч, хилээр нэвтрэх хугацааг багасгах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Тэгвэл энэ чиглэлд нэлээд ажлууд хийгдэж, төлөвлөж байгаа юм байна. Харин боомтын нэвтрүүлэх хүчин чадлын хувьд өнөөдөр тулгамдсан асуудал байна уу?
– Олон жилийн дунджаар оны эхэнд буюу 1-4 дүгээр сард нүүрсний экспорт харьцангуй бага, 6-9 дүгээр сард хамгийн идэвхжилтэй үе байдаг. Оны төгсгөл рүү Хятадын талын импортын тоо хэмжээнээс хамаараад харьцангуй буурах тал ажиглагддаг. Одоогийн байдлаар экспортын буюу тээвэрлэлтийн хувьд оргил үед хараахан очоогүй байна. Өдөрт 1,000 орчим машиныг боомтоор нэвтрүүлж буй. Өнгөрсөн жил ид оргил үедээ бид өдөрт 1,500-1,600 машиныг нэвтрүүлж байсан. Энэ үед л нүүрс тээврийн машинуудыг шуурхай нэвтрүүлэхэд одооноос анхаарах шаардлагатай.
-2019 онд манай улс түүхэнд байгаагүй хэмжээний нүүрс экспортлохоор төлөвлөчихсөн шүү дээ. Одоо байгаа дэд бүтцийн хувьд тийм боломж бий юу?
– 2019 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км хүнд даацын энэ замаар 23 сая тонн нүүрс тээвэрлэх төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. Энэ хэмжээний нүүрсийг тээвэрлэхийн тулд менежментийн хувьд ч бүтээн байгуулалтын дорвитой ажлуудыг хийх жолооч нарын эрүүл, аюулгүй орчинд ажиллах, хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлэхэд төрийн болон орон нутгийн удирдах байгууллага, уул уурхайн компани, нүүрс худалдан авагч компани, тээврийн аж ахуйн нэгж болон хувь жолооч нарын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа маш чухал. Нүүрсний экспорт, тээвэрлэлт нь төрийн болон хувийн олон байгууллагуудын оролцоотойгоор явагддаг.
Нэгэнт энэ зам Монгол Улсын хувьд стратегийн маш чухал ач холбогдолтой, нүүрсний экспортоос манай эдийн засаг ихээхэн хамаардаг учраас нөхцөл байдлыг сайжруулахын тулд тал талдаа анхаарч, хамтын ажиллагаагаа илүү сайжруулах, өргөжүүлэх шаардлагатай байна.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.