Эдийн засаг
Эмээлт захад хонь 110-250 мянган төгрөгийн үнэтэй байна

Энэ жилийн тухайд үхэр, хонь, ямааны махны үнэ өмнөх жилүүдийнхээс өндөр үнэтэй байгаа. Манай сурвалжлах хэсэг Эмээлт захад зарагддаг хонь болон махны үнийн талаар сурвалжилсан юм.
Захын хаалгаар явж орохтой зэрэгцээд хонь ачсан портер машин орсон юм. Портерийн эзэн Төв аймгийн Бүрэн сумын малчин О.Эрдэнэбат юм. Тэрбээр 100 орчим км газраас 20 хоньтой ирсэн гэж байлаа. Машиныг даган хонь зардаг ченжүүд түүнийг хэдээр өгөх вэ гэсээр тойрон бүчиж зогсов. Түүнийг авчирсан хонио өгчхөөд гарч явахтай нь таарсан юм. Малчин маань хонио бөөнд нь нэг бүрийг нь үнийг 160 мянган төгрөгөөр өгсөн гэж байв.
Тус захад найман жил хонь зарж буй ченж С.Загиржаваас энэ жил махны үнэ өмнөх жилийнхээс өссөн нь юутай холбоотой байна гэж асуухад “Энэ жил Хятадын махны үйлдвэр аймгуудад байгуулагдсантай холбоотой. Тэд өнгөрсөн зун, намар хөдөөгүүр яваад мал, махаа авчихсан. Ялангуяа, Төв, Булган, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай гэсэн төвийн ойрхон аймгаар яваад авчихаар хот руу оруулж мал, махаа өгдөг малчид цөөрсөн гэсэн үг. Тиймээс холоос тээвэрлэж ирсэн мал үнэтэй. Түүнийгээ дагаад Улаанбаатар хотын иргэдийн хүнсэнд хэрэглэх махны бөөний үнэ өсөхөд нөлөөлсөн. Бөөний үнэ өсөхөөр жижиглэнгийн үнэ өсдөг” гэлээ.
Эмээлтэд нийт 100 гаруй ченж хонь, мал, мах борлуулдаг юм байна. Тэд бөөний үнээр авсан хонио зарж дуустал хариулах, хашиж хамгаалах байрны түрээс, өвс, тэжээл өгөх зэргээр нэмэлт зардал гардаг учраас үндсэн үнэ дээр нэмэгддэг юм байна.
Энэ өдөр тус захад төлөг 110-120 мянган төгрөг, хязаалан тарган, туранхайгаас шалтгаалан 170-210, том эр хонь 180- 250, шөлний эм хонь 170 мянган төгрөгийн үнэтэй байв.
Хонины гулууз мах кг нь бөөндөө 6,500-7,500 төгрөг байлаа. Харин “Хүчит шонхор”, “Баянзүрх” захын махны ченжүүд эндээс авсан махаа кг-ыг нь 9-12 мянган төгрөгөөр жижиглэнгээр борлуулдаг гэж байлаа. Ченж Б.Балдандорж “ Өдөрт 7-8 хонь зардаг. Энэ жил ойроос ирэх мал ховор байна. Тиймээс өмнөх жилээс үнэ өссөн. Уг нь махны үйлдвэрээ холын аймгуудад барьсан бол төв суурингийнхан махаа хямд авах боломж байсан. Энэ хавар Увс аймагт зуд болж их хэмжээний мал хорогдсон гэж байна. Тэнд Хятадын махны үйлдвэрийг барьсан бол малчид зуданд өртөхгүй малаа нядалгаанд өгөх боломж байсан” гэж хуучилсан юм.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.