Эдийн засаг
Ц.Гарамжав: 17 мянган хүний тэтгэврийг нэмэх боломж бүрдэнэ
УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай ярилцлаа.
-Таны санаачилсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн. Хуулийн төсөлд тэтгэврийг хэрхэн нэмэх, хэдэн хүн хамруулахаар тусгасан тухай олон нийт их сонирхож байна. Та энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Нийгэм, эдийн засгийн шилжилтийн үед олон мянган иргэн Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн үндэслэлээр наснаасаа эрт тэтгэвэрт гарсан байдаг.
1990 онд БНМАУ-ын Тэтгэвэр, тэтгэмжийн тухай анхны хууль гарсан. Тухайн үед нийгэм, эдийн засгийн шилжилт эхэлж байсан учраас төрийн бүх үйлдвэр, завод төвлөрсөн эдийн засгийн системээс зах зээл рүү шилжсэн. Үйлдвэрүүд санхүүжилтгүй зогссоноос болж тэнд ажиллаж байсан олон мянган хүн ажлын байргүй болсон юм.
Харин тэр хүмүүсийг тодорхой хэмжээний орлоготой үлдээхийн тулд Тэтгэвэр, тэтгэмжийн хуулийг санаачилж 1990 онд баталсан юм билээ. Хуулийг 1991 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж, тухайн ондоо 288 мянган иргэн тэтгэвэр авсан байна. Харин үүний 133 мянга нь наснаасаа эрт тэтгэвэрт гарсан хүмүүс байсан. Тэдгээрийн 83 мянга нь эмэгтэйчүүд байжээ. Тиймээс тухайн үед дөрвөн үндэслэлээр наснаасаа эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг нэмэгдүүлэх хуулийн төсөл өргөн барьсан юм. Тэд тэтгэврийн дунджаас бага мөнгө авч байгаа учраас дундаж түвшинд хүртэл нэмэгдүүлэхээр хуулийн төсөлд тусгасан.
-Дөрвөн үндэслэлээр наснаасаа эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг нэмнэ гэлээ. Үндэслэлийг нь тодруулахгүй юу. Зарим гишүүн зөвхөн хүүхдийн тооноос хамаарч тэтгэвэрт гарсан эхчүүдийн тэтгэврийг нэмэх талаар ярьж байсан?
-1990 оны Тэтгэвэр, тэтгэмжийн хуулиар үндсэндээ дөрвөн үндэслэлээр тэтгэвэрт гаргасан. Тодруулбал, эрэгтэй хүн 32 жил ажилласан ч 55 нас хүрээгүй бол тэтгэвэрт гарах боломжтой болсон. Мөн олон хүүхэдтэй эмэгтэйчүүд 20 жил ажилласан бол, 27 жил ажилласан эмэгтэйчүүд хүүхэдтэй бол тэтгэвэрт гарч болох болзол байсан юм. Үүнээс гадна хүнд, хортой нөхцөлд 15 жил ажилласан эмэгтэйчүүдийг наснаас нь эрт тэтгэвэрт гаргасан. Эдгээр үндэслэлээр тэтгэвэрт гарсан иргэдийн ихэнх нь олон хүүхэдтэй эхчүүд байна. Одоо ч тэднээс үлдсэн 17,001 иргэний 15 мянга гаруй нь эмэгтэйчүүд, үлдсэн нь эрэгтэйчүүд байгаа.
Чуулганы хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед зөвхөн олон хүүхэдтэй ээжүүд гэлтгүй дээрх дөрвөн үндэслэлээр эрт тэтгэвэрт гарсан бүх хүнийг хамруулах нь зүйтэй гэсэн санал гарсан. Энэ бол зөв зүйтэй санал. Хууль санаачлагчид ч бүх хүнийг хамруулахаар тооцоо судалгаа хийсэн.
-Наснаасаа эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг дундаж хэмжээнд хүргэхэд хэдэн төгрөг шаардлагатай вэ?
-17,001 иргэнийг бүгдийг нь хамруулахад 9.8 тэрбум төгрөг шаардлагатай. Зөвхөн эмэгтэйчүүдийг хамруулна гэвэл 7-8 тэрбум төгрөг болох юм билээ. Тиймээс бид бүх хүнийг хамруулахаар тооцоолсон. Харин хуульчлахдаа ээжүүд гэж оруулсан нь дутуу ойлголт өгөөд байх шиг байна. Үүнийг ажлын хэсгийн хэлэлцүүлгийн явцад зарчмын зөрүүтэй санал гаргаж, дөрвөн үндэслэлээр тэтгэвэрт гарсан иргэдийг хамруулна гэсэн зохицуулалт нэмчихвэл болох юм билээ.
-Нэг хүний тэтгэвэр ойролцоогоор хэдэн төгрөгөөр нэмэгдэх вэ?
-Тэтгэврийн дундаж нь энэ оны хоёрдугаар сараас 374 мянган төгрөг болсон. Өмнө нь 342 мянган төгрөг байсан юм. Тиймээс наснаасаа эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг 374 мянган төгрөгт хүргэнэ. Одоогоор 17,001 иргэн 280 мянга орчим төгрөгийн тэтгэвэр авч байгаа. Тэгэхээр нэг иргэний тэтгэвэр 46-64 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
-Засгийн газраас Тэтгэвэр, тэтгэмжийн багц хууль өргөн барихаар яригдаж байгаа. Энэ хуулийн төсөлтэй нэгтгэж хэлэлцэж болох юм биш үү?
-Засгийн газар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн багц хууль өргөн барина гэж олон жил ярьж байна. Одоог хүртэл өргөн бариагүй байна шүү дээ. Засгийн газрын ажлыг гишүүд заахгүй. Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүд ямар ч хуулийг санаачилж болно. Хүний эрх зөрчигдсөн, нийгэмд тулгамдсан асуудлыг хуульчлах нь зүйтэй. УИХ-ын гишүүдийн нэгдүгээр үүрэг бол тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх ёстой гэж боддог. Тиймээс энэ хуулийн төслийг нэг өдрийн өмнө ч гэсэн өргөн барьж, хохирч буй иргэдийн сэтгэлийг амрааж, туслах зорилгоор хуулийн төслийг яаравчлан өргөн барьсан юм. Үүнийг тайлбарлахад гишүүд ойлгож байна лээ. Ингэхгүй бол иргэд тэтгэврээ нэмүүлэхийг 20 гаруй жил хүлээсээр байгаад насан эцэслэж байна.
Биднийг хууль санаачлаад судалгаа хийж байхад 2018 оны зургаадугаар сард 18,680 хүн байсан. Харамсалтай нь, энэ хугацаанд 1,600 гаруй иргэн мөнх бусыг үзүүлсэн байна. Тэд ч бас тэтгэврээ нэмүүлэхийг хүлээж байсан шүү дээ. Тиймээс аль болох нэг cap, нэг өдрийн өмнө ч болов эмэгтэй гишүүдтэйгээ хамтарч хуулийн төслийг өргөн барьж, хэлэлцүүлэхийг зорьсон.
-Хэлэлцүүлгийн үеэр заавал тусдаа хууль батлах гэж байхаар нэгтгэсэн нь зөв гэсэн санал гарч байсан л даа?
-Ийм эсэргүүцэл байгаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас өргөн барих багц хуулийн төсөлтэй хамт хэлэлцэх саналтай гишүүд бий. Засгийн газраас өргөн барих багц хууль хоёр гурван жил яригдаж байгааг өмнө нь хэлсэн. Нөгөөтэйгүүр иргэдийн 20 гаруй жилийн хүлээлтийг бүр хойшлуулж болохгүй. Би тэдний оронд байсан бол нэг өдрийн өмнө ч болов тэтгэвэр өгвөл төр засагтайгаа мэднэ шүү дээ. Иргэдийн амьдрал, эдийн засаг нь ямар байгаа билээ. Нэг удаа ч гэсэн ойлгож тусалбал, дэмжлэг багадахгүй. Ялангуяа МАН эрх барьж байх үедээ үүнийг хийх л хэрэгтэй.
-Хуулийн төслийг яаралтай хэлэлцэх шаардлагатай гэдгийг гишүүд ойлгосон байх. Хэлэлцүүлгийг хэзээ хийх талаар ярилцсан уу?
-Яаралтай хэлэлцэх ёстой. Төслийг олон нийтээр хэлэлцүүлж байхад олон хүн баярлаж, талархаж байсан. Ээжүүд ирж уулзахдаа аргаа барж байгаагаа хэлж, “Биднийг байгаа дээр тэтгэврийг маань хэдэн төгрөгөөр ч болов нэмээд өгөөч” гэж байсан. Тэд үндсэндээ хохирогчид шүү дээ. Эхчүүд тэтгэврээ эрт тогтоолгосон нь тэднийг нас ахих үед ажилгүйдэлд өртөж, ажилгүй болохоос хамгаалах сайн талтай ч 35-45 насандаа тэтгэвэрт гарсан тул хөдөлмөр хийж олох байсан илүү орлогоо алдсанаас ар гэрийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөх, хүүхэд төрүүлэхэд хүүхдээ асрах хугацааны шимтгэл төлөгдөхгүй үлдсэнээс тэтгэвэр нь харьцангуй бага тогтоогдсон байгаа юм.
Мөн нийгмийн баталгаа нь алдагдсан, хүүхэд төрүүлж өсгөсөн хөдөлмөр нь үнэлэгдэхгүй үлдсэн зэрэг сөрөг тал их байжээ. Уг нь эдийн засгийн боломжтой бол хохирлыг нь нөхөн төлмөөр байгаа юм. Гэхдээ боломж байхгүй учраас нэг өдрийн өмнө ч гэсэн тэтгэврийг нь дундаж түвшинд хүргэх нь зүйтэй. Энэ долоо хоногт Байнгын хорооны хурлаар оруулахаар байсан ч хурал хойшилсон. Тиймээс бид Байнгын хороогоо аль болох эрт хуралдуулж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхийг хичээж байна.
-Хуулийг баталсан өдрөөс нь хэрэгжүүлэх боломж бий юү?
-Хуулийг баталсан өдрөөс нь хэрэгжүүлэх боломжгүй. Шинээр хэрэгжсэн Хууль тогтоомжийн хуулиар хамгийн наад хугацаа нь 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх боломжтой юм билээ. Үүнээс гадна энэ оны улсын төсөвт тусгагдаагүй учраас ирэх оноос хэрэгжүүлэх боломжтой.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.